Монгол улсын 47 дугаар өргөрөгөөс урагш буюу монголын өмнөд нутгийн газрыг гадаад өрийн барьцаанд тавьсан гэх мэдээлэл өндөр хандалт авсан байна (энд, энд). Тус мэдээлэлд монголын газрын зурагт 47 дугаар өргөрөгийг тэмдэглэн тус өргөрөгөөс урагш нутгийг монгол улсын гадаад өрийн барьцаанд тавьсан хэмээсэн байна. Цааш “Монгол улсын нэг хүнд ногдох гадаад өр 30 сая хол давсан гэж яриад байх юм.” хэмээн мэдэгдсэн байна.
Бид Монгол улсын гадаад өрийн мэдээлэл болон албан эх сурвалжуудын мэдэгдэлд үндэслэн энэ мэдээлэл үндэслэлгүй, хуурамч мэдээлэл болохыг нь тодруулсан. Тухайлбал, бид дээр дурдсан газар нутаг барьцаалагдсан гэх мэдээллийн талаар Сангийн яамнаас тодруулахад 09 дүгээр сарын 13-нд ирүүлсэн албан бичигтээ Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн заалтуудыг үндэслэн гадаад өрийн барьцаанд газар нутаг барьцаалах боломжгүйг онцолсон. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.” гэж заасан байдгаас гадаад улсад Монгол улсын газар нутгийг барьцаалах боломжгүй байдаг байна. Түүнчлэн Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.” гэж заасан байдаг.
Монголбанкны мэдээлснээр 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээ 33 тэрбум 790 сая ам.долларын өртэй байна. Нийт гадаад өр гэдэг нь засгийн газрын бонд, зээлүүдээс гадна хувийн хэвшлийн байгууллагууд буюу Монгол улсад бүртгэлтэй банк, санхүүгийн байгууллагууд, хувийн компаниудын өрийг нэгтгэн харуулсан дүн юм.
Дээрх дүнгээс Засгийн газарт ноогдох дүн нь 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар 7 тэрбум 980 сая орчим ам.доллар байгаа ба үлдсэн нь дээр дурдсанчлан банк, санхүүгийн байгууллага, хувийн компаниуд гадаадын зах зээлээс авсан зээл болох юм.
Хэдийгээр хамгийн сүүлийн үеийн байдлаар тайлагнасан нийт гадаад өрийн хэмжээг буюу 33 тэрбум 790 сая ам.долларыг нийт хүн амын тоонд (2022 оны байдлаар 3,457,548 хүн бүртгэгдсэн) хуваахад 9,772 орчим ам.доллар болж буй юм. Үүнийг Монгол банкнаас зарласан америк долларын ханшид (09 дүгээр сарын 13-ны байдлаар 1 ам.доллар нь 3,468.16 төгрөгтэй тэнцэж буй) шилжүүлэхэд нэг хүнд ноогдох нийт гадаад өрийн хэмжээ 30 сая төгрөг давж буй юм.
Хэдийгээр Монгол улсын гадаад өрийн асуудал улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал болж буй ч энэ нь дээрх албан бичигт дурдсанчлан Монгол улсын нийт гадаад өрийг бүх иргэд төлөх шалтгаан болохгүй буюу үүнийг иргэн бүр төлөх эрх зүйн үндэслэл байхгүй юм.