Хялбар аргаар мөнгө олох гээд хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #678

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хариу бичээд их хэмжээний мөнгө авах боломжтой гэж нийтэлсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Аливаа банк санхүүгийн байгууллагын ажилтан танаас гэрийн хаяг, иргэний үнэмлэхийн зураг гэх мэт хувийн мэдээллийг хувийн чатаар холбогдож авахгүй тул хуурамч хаяг руу өөрийн хувийн мэдээллийг илгээхээсээ өмнө сайтар нягтлаарай.

Mariam La Talantueuxe гэх хаягаас 603,989 гишүүнтэй Монгол улс Media бүлгэмд олон удаагийн давтамжтай коммент бичээд мөнгө аваарай, санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байна гэх утга бүхий постуудыг оруулсан. Тухайлбал “ “ТИЙМ” гэж хэлсэн эхний 27 хүнд ӨНӨӨДӨР 20,000,000 олгоно… Энэ зээл биш 💸 Надад мессеж бичээрэй.  Одоо эхэл” гэх тайлбартай боодол мөнгөний зургийг хавсарган нийтэлсэн пост нь нийт 234 сэтгэгдэл авсан ба нэмэгдсээр байгаа юм. 

Тус постын хувьд үг үсгийн алдаа байхгүй ч “надад мессеж бичээрэй, одоо эхэл” гэх найруулга зүйн алдаа гаргасан байгаа нь чат бичихээсээ өмнө  нягталж үзэх ёстой гэдгийг харуулж байна. 

Үүнээс гадна “Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийг дэмжигчидийн нэгдсэн грүпп”, “Оюутны цагийн ажил, Ажлын зар мэдээлэл”  “Үе Мөчний Өвчин Ревматизм Эмчлэх Арга Зөвлөгөө “ зэрэг олон гишүүдтэй группүүдэд ижил агуулгатай постуудыг олон тооны давтамжтайгаар оруулсан байна.

Хаяг шалгах 

Mariam La Talantueuxe хаягийг шалгахад өөрийн танилцуулга хэсгийг бөглөөгүй, найзын тоо болон мэдээлэл мөн нууцлалтай.  Өөрийн хаягтаа нүүр зургаасаа өөр гадаад хүмүүсийн зургийг оруулсан байх ба эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд хэд хэдэн хүмүүсийн зургийг оруулжээ. Тус хаягт оруулсан постууд бүгд франц хэлээр бичигдсэн байна. Иймд өөрийн зураг болон мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй оруулаагүй, бусдын зургийг оруулж, мэдээллээ өөр хэл дээр нийтэлж буй нь хуурамч хаяг гэдгийг илтгэж байгаа юм. 

Тухайлбал  <<Сайн уу>> гэж бичээд НҮБ-аас 90,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж авах “ гэх тайлбартай пост оруулсан бөгөөд өөрийн хаяг дээр ямар нэг байдлаар НҮБ-ыг төлөөлөл мөн эсэхийг батлах баримт, мэдээлэл байхгүй учир тус хаягаас хуурамч мэдээлэл түгээсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Нийтэлсэн постуудын  дагуу тухайн хаяг руу  чат бичихэд санхүүгийн хүндрэлтэй тулгарч буй хүмүүсийг дэмжих зорилготой буцаан олгогдохгүй санхүүгийн тусламж, хандив хэмээн тайлбарлаж байгаа нь аль байгууллагаас санхүүгийн дэмжлэг өгч байгаа эсэх, тухайн хүн өгч байна уу гэх зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Лавшруулан хэрэгтэй мөнгөн дүнгээ хэлэхэд “Банкны санхүүжилт хүссэнд баярлалаа” хэмээн хариулж байгаа нь эхний бичсэн санхүүгийн буцалтгүй тусламж, хандив  гэдэгтэй холбогдохгүй байна. Мөн ямар банкнаас мэдээлэл хүссэн, тухайн хүн аль банкийг төлөөлж буй эсэх нь тодорхойгүй.  

Аливаа банк санхүүгийн байгууллагын ажилтан танаас гэрийн хаяг, иргэний үнэмлэхийн зураг гэх мэт хувийн мэдээллийг хувийн чатаар холбогдож авахгүй тул хуурамч хаяг руу өөрийн хувийн мэдээллийг илгээхээсээ өмнө сайтар нягтлаарай. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document