Search

ОХУ-д олдсон харь гарагийн хүн гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #677

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Орост олдсон харь гарагийн биет гэх бичлэгийг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгийн хэсгийг Оросын Yandex хайлтын системд зургаар хайхад энэ үзмэр нь хар далайн эрэг дэх Оросын Анапа хотын аквариумд байршсан үзмэр болохыг олж мэдсэн. Тайлбарт “Хар далайгаас олдсон. Тодорхойгүй.” гэжээ.

2023 оны 09 дүгээр сарын 05-нд ApoX TV гэх хаягтай фэйсбүүк хуудас Орост олдсон харь гарагийн биет гэх бичлэгийг нийтэлжээ. Тус постод тайлбарласнаар “Орост олдсон хөлдсөн Драко буюу хэлбэрээ өөрчилдөг мөлхөгч харь гарагийн хүний тал биеийг олон нийтэд ил болголоо” гэсэн байна. Бичлэгт хурц шүдтэй, нэг хөл, гаргүй хүний биеийн бүтцийг дуурайсан биет байгааг харуулан “энэ бол Оросын газар доор байрлах агуйн музейд байршуулсан үлэг гүрвэлийн төрлийн харь гарагийн хүний хөлдөөсөн бие юм. Социализмын үед агуйгаас олдсон энэхүү цогцосыг олон жил хүмүүсээс нууцалж хадгалсан ч нутгийн захиргаа агуйн музейд байршуулж хүмүүст ил болгох шийдвэр гаргасан байна. Мөстлөгөөс болж биеийн хэсгүүд нь сайн хадгалагдаж үлдсэн ч зарим биеийн хэсгүүд нь олдоогүй байна. Түүний биеийн бүтэц нь хүний бүтэцтэй тун төстэй байгаа нь анхаарал татахуйц байлаа. Мөн ил гарсан араг яснууд түүнийг жинхэнэ гэдгийг хангалттай нотолж байгаа юм. Хэрэв тэд үүнийг хуурамчаар үйлдсэн бол тэд Драго төрлийн үлэг гүрвэлийн хүний биеийг бүтээх шалтгаан юу байв? Мөстлөгийн үеийн амьтдын олдворууд тус улсад ихээр олддог бөгөөд Арслан зааны хөлдсөн цогцосыг саяхан нутгийн хойд бүсээс олсон байдаг” гэж бичлэгийн доод хэсэгт мөн тайлбарлажээ.

Бидний шалгасан дээрх мэдээлэлд энэ биет нь чухам хаанаас олдсон гэдгийг дурдаагүй ба энэ биетийн талаар зохиомол түүх бичин мэдээлэл түгээсэн болохыг тогтоосон. Тодруулбал, бид бичлэгийн хэсгийг Оросын Yandex хайлтын системд зургаар хайхад энэ үзмэр нь хар далайн эрэг дэх Оросын Анапа хотын аквариумд байршсан үзмэр болохыг олж мэдсэн.  

Илэрцээр гарч ирсэн зургуудаас харахад тус үзмэрийг байршуулсан шилэн хорго дээр “Найден на дне Черного моря. Неизвестный” хэмээн тэмдэглэсэн байна. Үүнийг монгол хэл рүү орчуулбал “Хар далайгаас олдсон. Тодорхойгүй.” хэмээн орчуулж болох ба энэ үзмэрийг Анапа хотын аквариумд тавигдсан болохыг тус газарт зочилсон хүмүүс бичиж танилцуулсан байна.

Эх сурвалж: Денис Коломин

Энэ үзмэр нь аквариумд үзэгч татах зорилгоор байршуулсан байхаар байгаа буюу өмнө нь тус хотын ойролцоох далайн гүнд “Alien” кинонд гардаг харь гарагийн мангасыг байршуулж байсныг харж болно. 

Харь гарагийн биет мөстлөгөөс үеийн олдвор биш харин Оросын Анапа хотын аквариумд байрлуулсан хиймэл үзмэр бөгөөд тус үзмэрийн тухай зохиомол түүх нийтлэн түгээсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document