Search

Гар утсаар их хэмжээний мөнгө олох сургалт гэх нэрээр төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #673

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гар утас, интернэттэй байхад хичээлийн хажуугаар ч сарын цалингаа хэд дахин нугалж олох боломжтой гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хаалттай группэд байршуулсан Крипто койн үнэгүй олборлох сайтуудаас их хэмжээний орлоготой болох боломжгүй. Тиймээс бусдыг төөрөгдүүлсэн мэдээлэлд автаж өөрийн цаг зав, мөнгөөрөө хохирохоос зайлсхийгээрэй.

Expert Сургалт Элсэлтийн Алба гэх пэйжид “гар утас, интернэт байхад цалингаа хэд нугалсан хэмжээний мөнгө олох боломжтой” гэх утга агуулгатай тайлбартай, их мөнгөтэй болсон тухайгаа бичсэн мэт үзүүлсэн чат харилцааны зургуудтай нийтэлж байна. Хамгийн өндөр хандалттай пост нь 09 дүгээр сарын 6-ны байдлаар 731 реакц, 2000 гаруй сэтгэгдэл авч, 145 удаа цааш хуваалцсан ба сонирхсон хүний тоо нэмэгдсээр байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Мэдээлэлд ашигласан зураг, агуулга нь эргэлзээ төрүүлэхүйц байсан тул чатаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн юм. Чатаар сургалтын талаар мэдээлэл өгөөгүй ба 49,900 төгрөгийг хувь хүний данс руу хийснээр хаалттай группэд элсээд мөнгө олох аргыг заалгаж авах тухай хариу өгсөн. Энэ нь мөн хуурамч байх магадлалтай мэдээллийн шинж тэмдэг тул бид тухайн төлбөрийг төлж, группийн мэдээллийг шалгалаа.

Тус сургалтын групп нь нийт 1,394 гишүүнтэй бөгөөд элсэн ороход 49,900 төгрөг төлөх шаардлагатай.

Бүх гишүүний нийт төлбөр 69,560,600 төгрөг болох юм.

Бүлгэмд элсэн орж мэдээллийг шалгахад freebitco.in, dogepick.io, free-ethereum.io гэх зэрэг сайтуудаас үнэгүй койн маш бага хэмжээгээр олборлож, тухайн сайт дээрээ бооцоо (bet) тавих байдлаар койноо өсгөх мэдээллүүдийг байршуулсан байна.

Нийт 13 хэсэгт хуваасан 71 видео хичээлийг тайлбартай нь хамт оруулжээ. Бичлэгүүдийг 1,000-14,000 удаа үзсэн ба бичлэг бүрийн сэтгэгдэл хэсэгт асуулт хариулт өрнөдөг идэвхтэй групп юм. 

Сэтгэгдэл хэсэгт яаж ажиллах зааврыг лавласан байх ба их хэмжээний мөнгө богино хугацаанд олсон тухай байхгүй байна.

Бүлгэмд байршуулсан зааврын дагуу freebitco.in сайтыг туршиж үзэхэд цаг тутамд нэг удаа дарж satoshi (bitcoin-ний бутархайг нэрлэнэ) авах боломжтой аж. Эхний даралтаар 0.00000008 биткойн буюу $0.002 (7 төгрөг) авсан ба түүнийгээ өсгөхийн тулд бооцоо тавин тоглоход маш хурдан дуусаж, дахин нэг цаг хүлээх хэрэгтэй болж байна. 

Ийм маягаар ажиллаад мэдээлэлд ашиглаж байгаа зураг дахь “7 сая төгрөгтэй болох” боломжгүй. Тус пэйжийг нээсэн 2022 оны 09 дүгээр сарын 25-аас хойш группэд элсэж ороод, цаг тутамд тасралтгүй олборлож, бооцоо тавьсан байлаа ч энэ хэмжээний мөнгө цуглуулж, гаргаж авсан байх боломжгүй байна.

Крипто олборлолтын талаар:

Крипто олборлох гэдэг нь крипто валюттай холбоотой бүх гүйлгээг боловсруулах, хамгаалах, баталгаажуулах төвлөрсөн бус тооцооллын үйл явц юм. Шаардлагатай, нарийн тооцооллыг хийх хүчин чадлаар хангах зарчмаар крипто олборлох боломжтой. Гэвч олборлолт хийхэд хүчин чадал ихтэй техник шаардагдах бөгөөд асар их хэмжээний эрчим хүч хэрэгтэй. Жишээлбэл, 2022 оны 05 дугаар сард дэлхийн хэмжээнд крипто арилжаан дахь биткойнд хамгийн их буюу 204.5 тераВатт эрчим хүч хэрэглэсэн байна. Гэтэл энэ онд Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээ 7.27 тераВатт байсан байна. 

Өөрөөр хэлбэл, 2009 онд гэрийн компьютер ашиглан нэг биткойн олборлоход хэдхэн секундыг зарцуулдаг байсан бол өнөө цагт үүнд нэг айлын 9 жилийн хэрэглээний эрчим хүч шаардлагатай болжээ. Өдөр тутмын хэрэглээний компьютероор койн олборлоход өдөрт $0.0001-$1, хурдан GPU-ээр ажилладаг компьютероор $1-$10 олох боломжтой.

Харин ухаалаг утсаар олборлолт хийхэд 24/7 тасралтгүй ажиллаж байж, хамгийн ихдээ сард $10-$15 олох боломжтой байна. Гэхдээ орчин үеийн ухаалаг гар утаснууд, тэр ч байтугай тэргүүлэгч брэндүүд нь ийм ачаалалд зориулагдаагүй тул маш хурдан эвдэрдэг.

Хаяг, зургийг шинжлэх:

Expert Сургалт Элсэлтийн Алба нэртэй пэйжид байршуулсан орлогын зурагтай постууд нь нэгэн хэвийн, ижил утга агуулгатай, нэр хаягийг нуусан, тус сургалтын бүлгэмд орохоос нааш ямар сургалт авч, яаж мөнгө олох нь тодорхойгүй байна. Хаалттай группийн мэдээлэлд “EXPERT Club-ийн золрилго” гэх хэсэгт “Энэхүү сургалтын Гол зорилго нь хувь хүн (ямар ч ажил эрхэлдэг мөн хэдэн ч насны хүн байж болно) дан ганц өөрийн гар утас эсвэл Computer-аа ашиглан гэрээсээ ч ажиллаж, суралцаж НЭМЭЛТ ОРЛОГОТОЙ болох талаар анхан шатнаас нь авхуулан зааж насан туршын мэдлэгэтэй болгох явдал юм” гэсэн байна.

  • Үг үсгийн алдаатай байх нь хуурамч байх магадлалын нэг бөгөөд ялангуяа сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа газрын албан ёсны хаягаар мэдээлэл түгээхэд алдаагүй, зөв найруулга чухал.

Мөн танилцуулга хэсэгтээ “Нэг гишүүн 3 сарын хугацаатай суралцах бөгөөд сунгуулаж болно, сунгуулахдаа давуу эрхтэй буюу шууд 35% хөнглүүлэж орно” гэжээ. Хэдийгээр алдаатай бичсэн ч гурван сарын дараа 49,900 төгрөгөөс 35 хувь буюу 17,465 төгрөгийг хөнгөлж, 32,435 төгрөгөөр сунгуулна гэдгийг ойлгох боломжтой байна.

Ингээд “богино хугацаанд амархан аргаар их хэмжээний мөнгө олох боломжтой” гэдэгт итгэж хууртсан хэрэглэгчид 49,900 төгрөгийг төлж группэд ороод, заавар бичлэгүүдийг үзэж, үнэгүй койн олборлох сайтуудаас маш бага хэмжээгээр олборлож, зааврын дагуу тухайн сайт дээрээ бооцоо (bet) тавих байдлаар койноо өсгөхийг оролдох зэрэг үйлдэл үргэлжилдэг байна.

Шалгаж буй мэдээлэлд ашигласан чат харилцааны хэлбэрээр хийсэн зурагт байгаа шиг үнэгүй койн олборлодог сайтаас энгийн хэрэглээний компьютер, гар утсаар нэг дор 7 сая хүртэлх төгрөгийг олох боломжгүй.

Холбоотой хаягуудыг нягтлах:

Expert Сургалт Элсэлтийн Алба гэх хаяг танилцуулга хэсэгтээ холбож өгсөн HomeMoney Mongolia нэртэй хаягт ижил чиглэлийн мэдээлэл оруулдаг байна. Гэхдээ шалгаж буй мэдээллээс ялгаатай нь арай дэлгэрэнгүй, ямар чиглэлээр мөнгө олох сургалт болохыг таамаглах хэмжээний мэдээлэл оруулдаг.

Тухайлбал 2023 оны 08 дугаар сарын 8-нд “Зүгээр оруулаад өөрсдөө азаа үз гэх биш, яг тулж заагаад зөвлөөд өгөхөөр ийм л үр дүн гарч байгаа юм даа. 2 contest дарааллаж байр эзэлж чадсан байнаа, Contest эхлээд дөнгөж 1 л хонож байхад сурагчдын минь олсон хэмжээ 1620$ гарсан байна, Өмнөх Contest-ээр та бүхэн минь 6500$ олсон байна дээрээс нь та бүхэний тоглолтоос надад ирэх бүх хувь 100% буцаад та бүхэнлүү минь очиж байгаа шүү та хэдэд минь илүү дөхөм болох байх гэж бодож байгаа шүү! Бид ердөө ганцхан сайт дээр л ингэж ажиллаж байна даа! GO GO! EXPERTS!” гэсэн тайлбартай, хүснэгт бүхий зургийг оруулсан байна. 

Уг пост дээр яригдаж буй тэмцээн нь койн олборлож буй сайтууд дээр явагддаг бөгөөд wagering contest, referral contest гэж нэрлэнэ.

  • Wagering contest гэдэг нь койноор бооцоо тавьж  өсгөх замаар хамгийн их бооцоо тавьсан эхний 10 хүний нэг болоход тодорхой хэмжээний урамшуулал олгох үйл ажиллагаа юм. 
  • Харин referral гэдэг нь тухайн сайтад өөрийн доор дахин хүн бүртгүүлээд хэрэглэж эхлэхэд тодорхой хэмжээний ашиг авах юм.

Referral contest нь өөрийн доор бүртгүүлсэн хүмүүсийн нийт бооцоо тавьсан дүнгээр өрсөлдөж хамгийн их нь сайтаас тодорхой хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх койн авдаг байна. Тус сургалтын админы оруулсан линкээр дамжуулж бүртгүүлэх нь админд ашигтай бөгөөд олон хүн орж бооцоо тавих тусам тус тэмцээн дэх байр нь өсөх юм.

Туршиж үзсэн сайтаас авсан мэдээлэл.

Албаны тодруулга

Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүлэгчийн хэлтэс нь албан ёсны вэбсайт дахь танилцуулга хэсэгтээ “…учирч болзошгүй эрсдэлээс харилцагчийг хамгаалахад чиглэсэн үндсэн үүрэг бүхий дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд “Зах зээлийн шударга, мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх” гэж зааж өгчээ. 

Тиймээс бид Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтэст хандаж, шалгаж буй мэдээлэлдээ тодруулга хүссэн юм. Тус байгууллагаас бидний хүсэлтэд дараах байдлаар хариуллаа. 

“Гадаад улсад бүртгэлтэй койн олборлох сайтуудад иргэд нээлттэйгээр орж болдог. Гэвч тухайн сайт баталгаатай эсэхийг шалгах хэрэгтэй. Койн олборлоход цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихсэх бөгөөд хүчин чадал өндөр компьютер, олборлолт хийдэг машин гэх мэт хэрэгслүүд хэрэгтэй байдаг. Тийм учраас койн олборлох үйл ажиллагаа нь ашигтай ажиллах боломжгүй” гэлээ.

Иймд Крипто койн үнэгүй олборлож их хэмжээний орлоготой болох боломжгүй. Тиймээс бусдыг төөрөгдүүлсэн мэдээлэлд автаж өөрийн цаг зав, мөнгөөрөө хохирохоос зайлсхийгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document