Э. Сувдаа гэх хаягаар олон гишүүнтэй фэйсбүүк зарын группүүдэд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар “1000 төгрөг … тоот дансанд шилжүүлээд тоо сонгож таагаад зураг дээрх барааг хожоорой” гэх агуулгатай постуудыг нийтэлсэн.
Пост байршуулж буй “Дархан хамгийн том зарын групп”, “Замын-Үүдийн нэгдсэн зар мэдээлэл” гэх зэрэг бүлгэмүүд нь 3,000-180,000 хүртэлх гишүүдтэй. Мөн өөрийн хаягтаа нийт 5000 найзтай бөгөөд түүх хэсэгтээ нээлттэй тохиргоотойгоор сугалааны мэдээллийг оруулдаг байна. Энэ мэтчилэн сугалаанд хэрхэн оролцох тухай пост оруулсан ч нийт хичнээн оролцогч, хэдэн төгрөгийн сугалааны сан бүрдүүлсэн талаар, мөн хонжвор эзэндээ очсон эсэх, тухайн сугалааны тохирол ил тод, үнэн шударга, нээлттэй явагдаж байгаа эсэх мэдээллийг нийтлээгүй.
Хаяг шалгах
Э. Судваа гэх хаяг нийт 5000 найзтай бөгөөд өөрийн 30 гаруй зургийг нээлттэй тохиргоотой нийтэлсэн. Гэвч өөрийн тухай мэдээллийг оруулаагүйгээс гадна нээлттэй пост оруулдаггүй, бусдын постыг зөвхөн найзууд тохиргоотой шэйрлэдэг зэрэг нь хуурамч хаягийн шинж тэмдгийг агуулжээ.
Сугалаа явуулах зөвшөөрлийн тухай
Зөвшөөрлийн тухай хуулийн наймдугаар зүйлд зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг зааж өгсөн ба 6 дугаар хэсэгт Санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалтын чиглэлээр тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалыг гаргаж өгсөн. Уг жагсаалтын 6.5-д “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах”-ыг хамруулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Сангийн сайд уг зөвшөөрлийг олгоно гэж заажээ..
Цаашлаад Зөвшөөрлийн тухай хуулийн 9.5 дугаар зүйлд “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Хэрэв үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ.
Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих” үед хүлээлгэх хариуцлагыг заасан бөгөөд “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
Сугалаа явуулах эрхтэй байгууллагууд
Монгол Улсад эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн байхгүй бөгөөд 2023 оны гурав дугаар сарын хоёрны байдлаар доорх 12 байгууллага тусгай зөвшөөрөлтэй байна.
Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрлийн хураамж

Мөн Улсын тэмдэгтийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 19.1.4-т “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл олгоход 240 000-600 000 төгрөг”-ийн тэмдэгтийн хураамж төлнө гэжээ.
Эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага
Сангийн яамнаас гаргасан эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага
Одоогоор сугалаа явуулах эрхийг хувь хүн аваагүй бөгөөд иргэний цахим хаягаар сугалаа зарласан эдгээр пост нь хууль зөрчсөн байна. Цаашлаад хонжворт ялагч тодруулсан тухай мэдээлэл байхгүй, оролцогчдын тоо, хуримтлагдсан мөнгөний дүн нээлттэй биш зэрэг нь сугалаа нэрээр залилан хийж байна гэж үзэх үндэслэл юм.
Мөн цахим орчинд үүнтэй ижил төстэй олон пост байдаг учир тусгай зөвшөөрөл аваагүй хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оролцож хохирохоос сэргийлээрэй.