2023 оны 09 дүгээр сарын 2-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо нээлттэй группэд Delgertsetseg Surenjav нэртэй хэрэглэгчийн хаягаас “Сайдаа Энх-Амгалан Лувсанцэрэн та бид хоёрын хэн нь худлаа яриад байна? Хөтлөлцөөд нэг тийш нь явах уу? Шийдээд өгөх газар олдоно байгаа. Багахан шиг Монголын багш нараар тохуурхаарай сайд гуай. Тэнгэрийн юм яриад байж байдаг. 8 сарын цалин 235к орсон. Хөөе цалингийн зээлээ ч чүй май төлж байна. Хөрсөн дээрээ ажилла гэж зөндөө хэлээд байгаа шүү. Хэрэв ийм мөнгө өгөөд байгаа бол тал мөнгийг минь хэн цавчаад байна. Хариулт өг багш нарт” гэсэн тайлбартай, цалингийн задаргааны хүснэгтийн зурагтай пост оруулсан нь 09 дүгээр сарын 4-ний байдлаар 2.7 мянга гаруй реакц, 251 сэтгэгдэл авч, 153 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Салбарын сайдын ярьсныг зарим сайт шууд дамжуулахдаа гарчигт алдаа гаргасан байна
09 дүгээр сарын 1-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгсан. Харин зарим мэдээллийн сайт гарчигтаа “2.5 сая төгрөгийн цалин авч байгаа” гэж дурдсан байна. Гэхдээ доторх мэдээний агуулга болон бичлэгээс “… авах боломжтой” гэж сайдын хэлснийг буулгажээ. Энэ нь төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх үндэслэл болжээ.
БСШ-ны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрийн байдлаар багш нар хамгийн бага цалин авч байгаа мэргэжил биш ээ. Үүнийг туйлшруулж ойлгож болохгүй” гээд орон нутгийн багшийн цалингаар жишээ болгож хэлсэн. Цаашлаад, “Багш 6 төрлийн нэмэгдэл авч байна. Дээрээс нь үр дүнд суурилсан урамшуулал сүүлийн хоёр жилд хэрэгжиж эхэлснээр гүйцэтгэлээсээ шалтгаалж нэмэгдэл авдаг болсон… Зөвлөх зэрэглэлтэй сумын багшийн үндсэн цалин 1,273,000. Үүн дээр төрийн алба хаасан хугацаанаас хамаараад 1-15 хувь хүртэл нэмэгдэл авдаг. Орон нутгийн нэмэгдэл 10 хувь, зэргийн нэмэгдэл 20 хүртэл хувь, анги даасан багшийн нэмэгдэл 5 хувь, ур чадварын нэмэгдэл 10 хувь, гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн нэмэгдэл 5-25 хувь байсныг сая Засгийн газрын хуралдаанаар 50 хүртэл хувь болгож нэмэгдүүллээ. Сайн багш хамгийн сайн цалин авах боломжтой боллоо. Ингээд гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн багшийн сарын цалигн 2,673,000 төгрөгийн цалин авах боломж нээгдэж байна“ гэжээ.
Үүний дараа буюу 09 дүгээр сарын 2-нд шалгаж буй мэдээллийг оруулснаар сайт, пэйжүүд түгээсээр байна.
Цалингийн задаргааг харвал тухайн сард 2,092,666.02 төгрөгийн цалин бодогдсон байна
Уг постод оруулсан цалингийн задаргааны зургийг санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Лидер финанс ТМЗ-ийн мэргэшсэн нягтлан бодогчоос лавлаж тайлбар авлаа.
“Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасанчлан цалингийн бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно. Зурагт буй тохиолдолд ээлжийн амралт, цалинтайгаа нийлээд 2,092,666.02 төгрөгийн цалин бодогдсон байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/191 дугаар тушаалаар баталсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам“-ын хавсралтын 3.1-д “Ажилтны ээлжийн амралтын цалинг ээлжийн амралт эдлэхээс өмнө олгоно” гэж заасны дагуу ээлжийн амралт эхлэхээс өмнө цалинг олгосон байна. Тэгэхээр ээлжийн амралтын цалингаа урьдчилж аваад, сүүлд ажилласан 4 хоногт ногдох цалинг сүүлд авсан байна. Үүнийгээ “8-р сарын цалин 235 мянга орсон” гэсэн нь нийт цалин 235,000 төгрөг авч байгаа мэтээр төөрөгдүүлсэн байна” гэлээ.
Хаягийг шинжлэх нь:
Мэдээлэл түгээсэн хэрэглэгч Delgertsetseg Surenjav нь 09 дүгээр сарын 1-нд хийсэн шууд бичлэгт Нийслэлийн Ерөнхий боловсролын 5-р сургуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр захирал Н.Гэндэнсүрэнгийн хэлсэн үгэнд “… Москва хотноо болсон Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны 1, 2, 3-р байрыг эзэлсэн” гэж дурджээ.
Энэ агуулгаар хайж үзэхэд 2023 оны 04 дүгээр сарын 10-нд “Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хөгжмийн багш, МУСТА С.Дэлгэрцэцэгийн удирддаг “Эгшиглэн” хамтлагийн дуучид болох 4”В” ангийн сурагч Н.Буянтогтох, Г.Ивээл, М.Алтанзул, Н.Нарангоо нар Москваг зорилоо” гэх мэдээлэл гарч байсан байна.
Мэдээлэл оруулсан багш МУСТА С.Дэлгэрцэцэгийн удирдсан “Эгшиглэн”хамтлагийн гишүүд олон улсын тэмцээнээс шагнал байруудыг эзэлсэн шиг амжилтыг үр дүнгийн урамшуулал авах үзүүлэлт гэж үзвэл Засгийн газрын шийдвэрээр 50 хүртэлх хувийн гүйцэтгэл нэмэх боломжтой.
Мөн мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаягаар 2022 оны 10 дугаар сарын 1-нд “Монголын багш нарын цалин хөлс нийгмийн асуудлыг шийдүүлэхийн төлөө тасралтгүй зогсолтгүй ажиллаж буй Монголын багш нарын ҮЭХ-нд талархал илэрхийлээд … анх удаа гар дээрээ 2 сая гаруй төгрөгийн цалин авсан” тухайгаа постолж байсан байна.
Боловсролын яамнаас багшийн цалинтай холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэлд залруулга болох мэдээллийг 09 дүгээр сарын 4-нд хийсэн.
БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэг “Засгийн газрын зүгээс 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын нэмэгдлийг тодотголоор баталсан. Энэ хүрээнд шинээр эхэлж буй хичээлийн шинэ жилтэй холбогдуулан 09 дүгээр сарын 1-ээс эхлэн ЕБС-ийн багш нарын үндсэн цалин 1,273,000 төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багш нарын үндсэн цалин 1,337,000 төгрөг авна. Үндсэн цалингаас нэмэгдэл тооцогдоно” гэжээ.
Багш нарын 2023 оны есдүгээр сарын цалингийн урьдчилсан мэдээлэл: /гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал ороогүй дүнгээр/
- 7,641 багш 1,273,000- 1,500,000
- 9,327 багш 1,501,000- 1,750,000
- 13,750 багш 1,751,000,- 2,000,000
- 14,124 багш 2,001,000-2,500,000
- 1,368 багш 2,501,000-аас дээш төгрөгийн цалинтай гэсэн байна.
Үүн дээр гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал нэмэгдэж, татвар, шимтгэл суутгагдсан дүнгээр багш нарын гарт очих юм байна.