Пап лам Францис Монгол улсад 500 сая ам.долларын буцалтгүй тусламж өгөх тухай мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #669

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Пап лам Францис Монгол улсад 500 сая ам.долларын буцалтгүй тусламж өгсөн гэх мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

Монгол улсад 500 сая ам.долларын тусламж үзүүлэх талаар өмнө нь болон өрнөж буй үйл явцын үеэр албаны вэбсайтууд болон гаднын хэвлэлүүдээр ямар нэг мэдээлэл гараагүй.

Пап лам Францис Монголд айлчилсантай холбогдуулан түүнийг айлчлалынхаа үеэр Монгол улсад 500 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх болсон тухай мэдээлэл түгсэн байна (энд, энд бас энд). Тэрээр Монгол улсад 09 дүгээр сарын 01-нээс 04-ний хооронд айлчлахдаа Монголын төр засгийн удирдлагуудтай уулзсан ба ямар нэг мөнгөн тусламж үзүүлэх талаар албан мэдэгдэл, үйл ажиллагаа зохион байгуулаагүй юм.

Түүний Монгол дахь айлчлалын хуваарь энэ оны 07 дугаар сарын 06-нд эцэслэгдэн, Ватиканы албан ёсны вэб сайтад нийтлэгдсэн. Хуваарийн дагуу зөвхөн 09 дүгээр сарын 02-нд буюу өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр ямар нэг тусламжийн тухай ярилцаагүй болохыг тус төрийн байгууллагуудын албан мэдээнээс харж болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Пап Францис нарын албан уулзалтын мэдээнд зөвхөн тодорхой асуудлуудаар санал солилцсон болохыг мэдэгдэн, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов” хэмээн мэдээлсэн байна. 

Дараа нь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ “… хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцав” хэмээн албан мэдээнд тэмдэглэжээ.

Харин Пап лам Францис 09 дүгээр сарын 04-нд айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө “Нигүүлслийн өргөө” гэх католик сүмийн ивээлд үйл ажиллагаа явуулах орон гэргүй, хөгжлийн онцлогтой, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан клиникийн нээлтэд оролцсон юм. 
Ватиканы зүгээс Монгол улсад 500 сая ам.долларын тусламж үзүүлэх талаар өмнө нь болон өрнөж буй үйл явцын үеэр албаны вэбсайтууд болон гаднын хэвлэлүүдээр ямар нэг мэдээлэл гараагүй.
Тус улсын гадаад тусламж, хандивын талаар AP News-ийн мэдээлснээр 2022 онд Пап ламын удирдлага дахь Ватиканы үйл ажиллагаа болон түүний буяны үйл ажиллагааг санхүүжүүлдэг “Peter’s Pence” сан 166 сая ам.долларын хандив цуглуулсан байна. Католик шашны “America” сэтгүүлийн 2023 оны 06 дугаар сарын 30-нд нийтэлсэн мэдээлэлд 2022 онд Ватикан Украинд 1.5 сая еврогийн тусламж үзүүлэн дэлхийн бусад 71 оронд үерийн гамшигт өртсөн хүмүүст туслах, эмнэлэг, орогнох байр, сүм дуган барих зэрэг 191 төсөл хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document