2023 оны 08 дугаар сарын 31-нд Suugii Suvd нэртэй хаягаас “Хүүхэдтэй эхчүүдэд нэг сая 500 мянган төгрөг өгдөг. Тусламж, мэдээлэл авахыг хүсвэл мессеж илгээнэ үү” гэсэн пост оруулсныг 12 реакц, 79 сэтгэгдлээр идэвхжүүлсэн байна. Уг постод хариу бичсэн хэрэглэгчдэд “Дэлгэрэнгүй мэдээллийг над руу хувийн чат/мессежээр илгээнэ үү” гэжээ.
Хуурамч мэдээллээр цахим луйвар хийх санаархлыг хэрхэн таних вэ?
- “Хувийн мэссэж”, “нууцаар харилцах”, “чатаар мэдээлэл аваарай” гэх мэтээр олон нийтэд нээлттэй бус, зөвхөн чатаар харилцаж, урхиндаа оруулахыг санаархдаг.
- Хаягийг хөтөлсөн түүх нь нээлттэй мэдээлэл оруулдаггүй, эсвэл бусдын постыг хуваалцсан байдаг.
- Хаалттай болон нээлттэй группүүдэд зээл олгох, мөнгө өгөх талын мэдээллийг олноор оруулдаг.
- Хаягийн танилцуулга хэсэгт тодорхойгүй мэдээлэл оруулах, эсвэл огт мэдээлэл бөглөөгүй.
- Зээл болон буцалтгүй тусламж олгох боломжтой хөрөнгө оруулагч, томоохон байгууллага, бизнесийн болон нийгмийн зүтгэлтэн гэх шинж тэмдэг агуулсан мэдээлэл, сурталчилгаа байхгүй.
Эдгээр шинж тэмдэгийг агуулсан эсэхийг тухайн мэдээлэл оруулсан хаягийг дарж ороод харах боломжтой.
Мэдээллийн агуулгыг нягтлах:
“Хүүхэдтэй эхчүүдэд нэг сая 500 мянган төгрөг олгодог” гэх үгээр Google, Facebook зэрэг платформд хайж үзээрэй. Facebook-т George Fitzgerald, Gaaniuur Nymhvv, Bujin Bujnee, Shariraye Patriots зэрэг хаягаас энэ постыг 08 дугаар сарын 4-нөөс эхлэн оруулсан байна. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг чатаар авах нөхцөл тавьжээ.
Монгол Улсад “Цалинтай ээж” буюу 0-3 насны хүүхдээ асарч, ажил эрхэлдэггүй эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөг, “Алдарт эхийн одон”-той эхчүүдэд 100 болон 200 мянган төгрөгийг жилд нэг удаа олгож, сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг өгдөг.
Харин хүүхэдтэй ээжид 1.5 сая төгрөг өгөх зохицуулалт байхгүй. Тиймээс эргэлзээтэй мэдээлэлд автаж, чатаар харилцахаас зайлсхийгээрэй. Ийм төрлийн залилангийн ихэнх нь мөнгө авах арга зааж өгөх төлбөр гэж 30-50 мянган төгрөг урьдчилж дансаар аваад блоколж, дахин харьцахгүй болдог, эсвэл мөнгөн тэтгэмжээ авахын тулд анкет бөглөх шаардлагатай гэж хувийн мэдээллийг нь аваад, тухайн хүний данснаас мөнгө зарлагадаж дуусгадаг гэх мэт хэлбэрээр явагдаж байна.
Тиймээс ховор боломж, таатай нөхцлөөр санал болгосон мөнгө авах талаарх мэдээлэлд нухацтай хандаж, залилуулахаас болгоомжлоорой.