Орон сууцтай болох боломж мэтээр хуурч, иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #665

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Та өөрийн гэсэн байртай, өр зээлгүй болмоор байгаа биз дээ. Яаж гэдгийг мэдэхыг хүсвэл ОК гээд бичээрэй” гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нээлттэй мэдээлэл, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаа оруулаагүй хаягаас зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан бол залилангийн санаархал гэж ойлгоорой.

2023 оны 8-р сарын 14-нд Walker Amelie гэх хэрэглэгчээс ХУВЬ ЛИЗИНГ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ /Huvi lizing, Ipotek/БАЙР ОРОН СУУЦ ҮЛ ХӨДЛӨХ группт “Та өөрийн гэсэн байртай, өр зээлгүй болмоор байгаа биз дээ. Яаж гэдгийг мэдэхыг хүсвэл ОК гээд бичээрэй” гээд, Монголбанкны лого бүхий зурагтай мэдээлэл оруулсан нь 17 хоногийн байдлаар 30 реакц, 219 сэтгэгдэл авч 9 удаа цааш түгээгджээ. 

Цахим орчинд энэ мэт агуулгатай залилангийн шинжтэй мэдээллүүд ойр давтамжтай орж, Монголын баримт шалгах төвөөс зүгээр сууж байхад тань хэн нэгэн их хэмжээний мөнгө өгөхгүй гэдгийг олонтаа анхааруулсаар байгаа ч сонирхон хувь чат бичигчдийн тоо тасрахгүй байгаа юм.   

Энэ төрлийн агуулгатай мэдээллүүд оруулсан хэрэглэгч ОК гэж бичихэд өөр рүү нь хувь чат илгээхийг санал болгодог. Хувь чат бичихэд таны итгэлийг олох зорилгоор өөрийгөө ямар нэгэн гадаад банкны брокер гэж танилцуулдаг. Байртай болохыг хүсэж байгаа хэн ч бай өөрт нь итгэх ёстой, айх хэрэггүй, олон улсад зээл санал болгодог гэр бүлийн бизнес гээд хүссэн бүхэнд богино болон урт хугацааны хувийн зээлийг жилийн 2 хувиар бодон Санхүү, Ипотекийн зээл, Хөрөнгө оруулалтын зээл, Авто зээл, Хувийн зээл олгодог тухай тайлбарладаг байна. 

Мөн дэлхийн санхүүгийн хямрал, сүүлийн үед бүх улс орныг хамарсан эдийн засгийн удаашралтай холбоотойгоор COVID-19 цар тахлын улмаас ОУВС санхүүгийн хямралыг тогтвортой шийдвэрлэх зорилгоор энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа мэтээр тайлбарлаж зээл авсан гэх хүмүүсийн зураг явуулдаг. Эдгээр зураг залилагчдын луйвардсан хүмүүс ч байх эрсдэлтэй. Зээлийг тусламж гэж гэнэт өөрчлөх бөгөөд 5,000,000-700,000,000 төгрөгийн алиныг нь сонирхож буйг асуун, буцаан олгогдохгүй санхүүжилтээ аль болох хурдан авахад тань туслах учраас хэлсэн бүхнийг нь хийх ёстой гэж яаруулдаг. Ингээд хувийн мэдээлэл бөглөхийг шаардах бөгөөд нэгэнт итгэсэн хүмүүс хэлсэн бүхнийг нь хийж бүх хувийн мэдээллээ алдах аюултай юм. 

Иймд бид сэрэмжлүүлэх үүднээс  дээрх баримтыг шалгасан үйл явцыг тайлбарлан орууллаа.  

Хаяг шалгах: Walker Amelie гэх хэрэглэгч нүүр зураг хэсэгтээ гадаад хүний зураг тавьсан. Танилцуулга хэсгээ Францын Лиллийн их сургууль төгссөн, Монреальд амьдардаг, ганц бие гэж бөглөжээ. Ямар нэгэн нээлттэй пост оруулаагүй. 

ХУВЬ ЛИЗИНГ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ /Huvi lizing, Ipotek/БАЙР ОРОН СУУЦ ҮЛ ХӨДЛӨХ группт 2023 оны 7-р сарын 12-нд гишүүнээр элсэж, 8-р сарын 14-31 хүртэл 5 удаа зар оруулахдаа 800 орчим сэтгэгдэл авсан байна. Ээжүүдийн групп,  Ногоочдын туршлага судлах группийн гишүүн. Найзуудаа нууцалсан байна. 

Мөн “Монгол Улсын бүс нутаг бүрт 5 саяас 400 сая хүртэлх төгрөгийн төслийг санхүүжүүлэхэд эргэн төлөгдөхгүй санхүүжилт олгох юм. Яаж гэдгийг мэдэхыг хүсвэл ОК гээд бичээрэй” гэсэн постод ашигласан монгол хүмүүсийн зургаар хайлт хийхэд 2016 онд Францын LACROIX сайт дээр гарсан хүлэмжид ногоо тариалж буй Архангай аймгийн Тариат сумын иргэдийг онцолсон өгүүлэлд гарсан зураг ашигласан байв.  

Хэрэв зээлийн үйлчилгээ эрхэлдэг бол тухайн бүтээгдэхүүнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, сурталчилгаа зэргийг нээлттэй оруулж, хэрэглэгчдийг татах нь бизнесийн зорилго байх учиртай. Гэтэл ямар ч баталгаат зээлийн үйлчилгээний талаарх мэдээлэл нээлттэй байхгүй, харин группүүдэд зөвхөн чатаар харилцах нөхцөлтэй энэ мэт мэдээлэл оруулж байгаа нь хуурамч болохыг илэрхийлж байна.

Логик буюу учир шалтгааныг тооцох: Хувь чатаар ОК гэж бичээд байрны урьдчилгаа эсвэл их хэмжээний бэлэн мөнгөтэй болно гэдэгт итгэх хүн олон биш байх. 

Ямар ч нөхцөлгүй, барьцаа эд хөрөнгө шаардаагүй, холбогдох утасны дугаар, хаяг байршилгүй хэдхэн секундын дотор мөнгөтэй болно гэсэн агуулгатай мэдээлэл цахимаар олон цацагддаг ч аз таарч юуны магад гэх байдлаар итгэгсэд олон байгааг сэтгэгдлүүдээс харж болохоор байгаа юм. 

Хаягийн идэвхтэй байдлыг шалгах үүднээс чатаар харилцахад дээр тэмдэглэсэнчлэн итгүүлэх оролдлого хийж, мэдээллүүд илгээх бөгөөд зөвшөөрсөн хариу өгөх бүрт чинь аажим аажмаар хувийн мэдээллийг жагсаасан албан бус анкет бөглөх нөхцөл тулгаж байна. Энд регисрийн дугаар, дансны нэвтрэх нэр болон нууц үг, хаяг гээд хувийн мэдээллээ оруулбал та санхүүгийн эрсдэлд орох болно. Учир нь таны мэдээллийг ашиглан дансанд чинь байгаа мөнгийг богино хугацаанд авдаг байна.

Мөн Монголбанкны логог ашигласан нь итгэл төрүүлэх гэсэн оролдлого байна. Монгол Улсын төв банк иргэдэд арилжааны зээл олгодоггүй. Харин Зээлийн мэдээллийн санд иргэн аж ахуйн нэгж зээлд хамрагдахын тулд ямар болзол хангах, гэрээ байгуулах, харилцах банкны бүх мэдээлэл байдаг. Тиймээс мөнгө амласан мэдээлэлд итгэх нь хувийн мэдээллээ алдах хамгийн ноцтой эрсдэл гэдгийг анхааруулья. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document