Элэгний вирус буюу гепатит вирусээс үүдсэн элэгний өвчнийг давсгүй хоолны тусламжтай эмчлэх тухай мэдээлэл фэйсбүүкт түгэн өндөр хандалт аваад байна. Тус мэдээлэлд “Элэгний вирус нь 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдог. Биед давс орж ирэхгүй болохоор вирус нь өлсөөд үхчихнэ. Хүн давс идэхгүй байх үед дархлааны эсүүдийн тоо нэмэгддэг учраас хурдан эдгэдэг.” гэж тайлбарласан байна.
Давсгүй хоолны дэглэм нь элэгний вирусийг эмчлэхгүй бөгөөд мэргэжлийн эмч, хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний зааварчилгаанд үүнийг зөвлөдөггүй байна.
Бид дээрх дэглэмийн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч, анагаах ухааны доктор Б.Саруулаас 08 дугаар сарын 31-нд тодруулахад “худал мэдээлэл” хэмээн няцаасан бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй гепатит вирусын эмчилгээний зааварт дээрх дэглэмийг зааварчилдаггүй болохыг бидэнд онцолсон.
Эрүүл мэндийн яамнаас 2018 онд баталсан гепатит вирусийн эмчилгээний зааварт тэмдэглэснээр “Манай улсад 2017 онд хийсэн судалгаагаар гепатит В вирусийн халдвар нийт хүн амын дунд 10.6–11.1%-ийн тархалттай, элэгний эст өмөнгийн шалтгааны 35% нь В вирусийн хавсарсан халдвартай байгааг судлаачид тогтоосон байна. Сүүлийн 20 жилийн судалгаагаар элэгний архаг өвчний нэлээд хувь нь гепатитын В ба Делта вирусийн давхар халдвартай болохыг тогтоосон байна.” гэжээ. Цаашлаад “Монгол улсын харьцангуй эрүүл хүн амын дунд гепатит С вирусийн халдварт өртсөн байдал 11-16% илэрч буй нь тус халдвар өндөр тархсан улс оронд тооцогддог” гэж мөн зааварчилгаад онцолсон байна.
Түүнчлэн элэгний вирусийн халдварын үед вирусийн эсрэг шууд үйлчилгээт эмүүдийг хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд үүнд вирусийн төрлөөс хамааран софосбувир, дасабувир, тенофовир, энтекавир гэх эмүүдийг хэрэглэж болохыг харуулсан байна (энд бас энд).
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр элэгний вирусийн тав буюу A, B, C, D болон Е гэсэн төрлүүд байдаг байна. А болон B төрлийн элэгний вирусээс вакцины тусламжтай хамгаалах боломжтой бол бусад төрлийн вируст одоогоор вакцин хүлээн зөвшөөрөгдөөгүй байна.
Тухайн вирусийн халдварын төрлөөс шалтгаалан эмчилгээний дэглэм болон эдгэх үйл явц өөр байдаг ба жишээ нь элэгний С вирус нь зарим тохиолдолд тодорхой эмийн эмчилгээний шаардлагагүйгээр өөрөө эдгэдэг бол энэ вирус нь биед олон жил байсан үед элэг хатуурах буюу цирроз, элэгний үйл ажиллагаа доголдох тохиолдолд хүргэж болдог байна.
Хэдийгээр элэгний вирусээс шалтгаалан өвчлөлтэй тохиолдолд давсны буюу натрийн хэрэглээг хязгаарлахыг зөвлөдөг ч энэ нь бүрэн эмчилгээ болохгүй юм. Тодруулбал, давсны өндөр хэрэглээ нь элэгний үйл ажиллагааг доголдуулах эрсдэлтэй ба давсны хэрэглээ их хэмжээнд хүрснээр хэвлийд хөндийд ус хуримтлагдах, элэг гэмтэх, үрэвсэх эрсдэлтэй байдаг байна. Тийм учраас элэгний хүнд өвчтэй тохиолдолд натрийн хэрэглээг өдөрт 2000 миллиграммаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг байна.
Хэрвээ та элэгний вирусийн халдвартай бол давсны хэрэглээгээ сойх дэглэмд найдалгүй мэргэжлийн эмчийн тусламжийг яаралтай авах шаардлагатай юм. Ялангуяа элэгний С вирусийн халдварыг элэгний гэмтлээс сэргийлэх зорилгоор яаралтай эмчлэх шаардлагатай байдаг болохыг АНУ-ын Халдварт өвчний хяналтын төв мэдээлсэн байна.