Гурван аймаг барьцаалж 4 тэрбум юань зээлсэн гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #663

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“НОЦТОЙ:Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед ГУРВАН АЙМАГ барьцаалж 4 тэрбум юань зээлсэн гэрээний баримт дэлгэгдэв. ТЭР ГУРВАН АЙМАГ нь…” гэсэн гарчигтай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улсын Засгийн газраас олон улсын байгууллага, улс орнуудын засгийн газар, банкууд, хөрөнгө оруулагчидтай хийсэн ямар ч зээлийн гэрээнд төлбөрийг газар нутгаасаа өгөх байдлаар барагдуулах нөхцөл тусгах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын хилийн тухай хууль, Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар Хоорондын Гэрээ гэх мэт баримт бичгээр газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хилийн маргаангүй, харилцан хүндэтгэлтэй хандах зэргийг хуульчилж өгсөн. Үүнийг Засгийн газар дур мэдэн зөрчиж, газар нутгаа аймаг, аймгаар нь зээлийн барьцаанд тавих боломжгүй.

2023 оны 08 дугаар сарын 30-нд Public News нэртэй пэйжид “НОЦТОЙ:Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед ГУРВАН АЙМАГ барьцаалж 4 тэрбум юань зээлсэн гэрээний баримт дэлгэгдэв. ТЭР ГУРВАН АЙМАГ нь…” гэсэн гарчигтай, ulaanbaatar.me домэйн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 23 цагийн дараах байдлаар 37 реакц, 21 сэтгэгдэл авч, 133 удаа цааш түгээн идэвхжүүлээд байна.

Уг сайт дахь мэдээлэлд “Өчигдөр нэг хүнээс тун ноцтой мэдээ сонслоо. Хятадын сайтуудаар явсан мэдээллийн Монгол орчуулгыг харсан гэнэ. Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын үед 4 тэрбум юань зээлэх гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээндээ 3 аймгийг барьцаанд тавьсан гэх юм. Үүнийг ортой гэж үзэлтэй. Оны эхээр тэд “Хилийн газрын хууль” гэж баталж Хятадын эрх ашиг хөндсөн гэж үзвэл зэргэлдээ улс руугаа цэрэг оруулна хэмээн заасан. Хятадын үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалттай барилга байшин, Хятадын ажилчдын эрх ашиг хөндөгдвөл цэрэг оруулах заалттай гэж байгаа. Мөн өрөндөө газар авах заалттай. Бангладешт юу боллоо. Хятад ажилчдынхаа эрх ашгийг хамгаална гээд шууд цэрэглэн халдсан. Таджикстанд яав. Өрөндөө Уулын Бадахшаныг нь авчихсан. Гэтэл үүгээр хязгаарлагдахгүй юм байна. Таджикстан, Монголтой адилхан хууль гаргаад Туркменистан, Шриланк, Монтенегро зэрэг улсуудаас газар, үйлдвэр, боомтын аль нэгийг авах заалт үйлчилж эхэлсэн гэнэ. Манайд ч бас юм болсон. Хэдэн жилийн өмнө Хятад ажилчид төв талбайд, бүр төрийн ордны зүүн урд талд жагссан. Дээрхи 4 тэрбумынхаа 1.5-ыг нь 17 онд, дахин 1.5 тэрбумыг нь 18 онд, үлдсэн 1 тэрбумыг ньманай Засгийн газар 18 онд авсан юм байх аа. Яаж энэ аймар дарамтыг давна даа” гэсэн байна.

Сайтад уг мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 13-наас эхлэн нийт 57 удаа нэр бүхий 17 групп, пэйжид дахин постолж, 919 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна.

Цахим хэрэглэгч нар хуурамч мэдээллийн шинж чанарыг таньдаг, ойлгодог байх, мөн хуучирсан мэдээллийг дахин идэвхжүүлж, олон нийтийн анхаарлын төвд оруулах шаардлага, шалтгааныг таамагладаг байх нь чухал байна.

  • Мэдээллийн гарчигт холбоос дээр дарж оруулах, хандалт авах зорилго нь “…тэр гурван аймаг нь…” гэж төгсгөсөн байдлаар илэрч байна. Дарж орох хандалтын тоогоор сурталчилгаа байршуулах өндөр үзүүлэлттэй болдог тул ямар ч хамаагүй сэдвээр анхаарал татаж, хандалт авах нэг зорилго бий.
  • Гарчигт “баримт дэлгэгдэв” гэсэн боловч мэдээлэлд ямар нэг баримт байхгүй нь хуурамч болохыг илтгэж байна.
  • Агуулгад буй “Хилийн газрын хууль” гэж Монгол улсад байхгүй. Харин 2016 онд Монгол улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энд Хятадын цэрэг оруулах тухай заалт байхгүй. Өнөөгийн олон улсын харилцаа, хууль эрх зүйн орчинд байх боломжгүй мэдээллийг нэр бүхий улстөрчтэй холбож, олон нийтийн анхаарлын төвд оруулах, цаашлаад дараагийн түгээх мэдээллийнхээ суурийг бэлдэх санаархал байх боломжтой.

Аливаа зээлийн гэрээ нь эргэн төлөгдөх хуваарь, зээлийн барьцаа, хүүгийн мэдээлэл, хоёр талын эрх үүрэг гэх мэтийг тусгаж, маргаан гарсан тохиолдолд хуулийн хүрээнд шийдвэрлэхийг зааж өгдөг. Монгол Улсын Засгийн газраас олон улсын байгууллага, улс орнуудын засгийн газар, банкууд, хөрөнгө оруулагчидтай хийсэн ямар ч гэрээнд төлбөрийг газар нутгаасаа өгөх байдлаар барагдуулах нөхцөл тусгах боломжгүй.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын хилийн тухай хууль, Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар Хоорондын Гэрээ гэх мэт баримт бичгээр газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хилийн маргаангүй, харилцан хүндэтгэлтэй хандах зэргийг хуульчилж өгсөн. Үүнийг Засгийн газар дур мэдэн зөрчиж, газар нутгаа аймаг, аймгаар нь зээлийн барьцаанд тавих боломжгүй.

Ж.Эрдэнэбат 2016-2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан.

Үндэсний Аудитын газрын “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн аудитын тайланд “Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2015 оноос 6.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж 2018 оны жилийн эцсийн байдлаар 28.7 тэрбум ам.долларт хүрсэн байна” гэжээ.

Үүнээс Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн 2016 онд $2.8 тэрбум байсан Засгийн газрын гадаад зээл 2017 онд 967 сая ам.доллараар нэмэгдэж, 3.7 тэрбум ам.доллар болсон байна.

Тус тайланд “Засгийн газрын гадаад өр: Гадаад өрийн үлдэгдэл 2018 оны эцэст 18.9 их наяд төгрөгт хүрснээс 59 хувийг гадаад зээл, 41 хувийг гадаад үнэт цаас эзэлж байна. Стратеги хэрэгжих хугацаанд буюу 2016-2018 онд Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас хөтөлбөрийн зээлийн хүрээнд 796.0 сая ам.доллар, төслийн зээлийн хүрээнд 1.1 тэрбум ам.доллар, арилжааны нөхцөлтэй 240.0 сая ам.доллар, нийт 2.1 тэрбум ам.доллар буюу 5 их наяд төгрөгийн зээл авч, 2018 оны эцэст 4.2 тэрбум ам.доллар буюу 11.2 их наяд төгрөгт хүрсэн байна.
Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд 190.0 сая ам.доллар, Олон улсын банк санхүүгийн байгууллага түншлэгч улс орнуудаас чөлөөт хөрвөх валютаар хөнгөлөлттэй нөхцөлтэй 404.0 сая ам.долларын зээл тус тус авч төсөл, хөтөлбөрт зарцуулсан байна” гэжээ.

Энэ нь Засгийн газрын нийт өрийн хэмжээ юм. Харин БНХАУ-д төлөх өр, зээлийн талаар дараах мэдээллүүд бий.
2017 оны 05 дугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэрээ хөндсөн асуудлууд дунд 350 сая юанийн буцалтгүй тусламж олгох болсон тухай ярьсан ба,

  • БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 м болон Сонсголонгийн 289.4 м төмөр бетон гүүр шинээр барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
  • БНХАУ-ын Засгийн газраас олгох 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр хийсэн гэжээ. /Уг ажлыг гүйцэтгэж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгжээ/

БНХАУ-аас авсан зээлтэй холбоотой мэдээллийг шүүж үзэхэд:

2022 оны 06 дугаар сарын 22-нд Сангийн сайд Б.Жавхлан news.mn сайтад өгсөн ярилцлагадаа, “БНХАУ-аас нэг тэрбум, дөрвөн сая ам.долларын зээлтэй байна. Засгийн газрын найман тэрбум ам.долларын өрийн нэг тэрбум нь Хятадаас авсан гэсэн үг юм. Нийтдээ уг мөнгөөр 23 төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Үүнээс 13 нь хэрэгжиж дууссан, 10 нь хэрэгжиж байгаа. Салбараар нь авч үзвэл зам тээвэр-13, Хөдөө аж ахуй-3, Эрчим хүч-2, Эрүүл мэнд-1, Харилцаа холбоо-1, Үйлдвэрлэл-1, Боловсрол-1, Барилга-1 төсөл хэрэгжиж байна. Томоохноос нь дурдвал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 250 сая, Улаанбаатар Хөшигтийн хөндийн хурдны замын төсөл 140 сая, Улаанбаатар мандалговь цахилгаан дамжуулах агаарын дэд станц барих төсөл 113 сая, Баянхонгор Байдраг гүүр чиглэлийн 109 км авто зам барих төсөл 60 сая, Замын-Үүд дэд бүтцийг сайжруулах 50 сая, Баруун бүсийн замын коридор хөгжүүлэх 50 сая гэх мэт төслийг БНХАУ-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр авсан” гэжээ.

Мөн 2022 оны 06 дугаар сарын 28-нд сангийн сайд өрийн талаар мэдээлэл өгөхдөө “Нийт өрөөс 5.7 тэрбум ам.доллар нь гадаад зээл буюу хөгжлийн зээл юм. 2.6 тэрбум ам.доллар нь гадаад бондын богино хугацаатай өр байна.

1990 оноос хойш 25-40 жил хүртэлх хугацаатай хөгжлийн зээл авч эхэлсэн.

  • 1990-2000 оны хооронд 460 сая ам.долларын зээл
  • 2001-2010 оны хооронд нэг тэрбум ам.долларын зээл
  • 2011-2021 онд дийлэнх буюу 4.2 тэрбум ам.долларын зээл авсан

Зээлдүүлэгчийн хувьд Азийн хөгжлийн болон Дэлхийн банк гэсэн хоёр гол институт байна. Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар, Дэлхийн банкных 800 сая ам.доллар байна. Япон улсаас 1.2 тэрбум, БНХАУ-аас нэг тэрбум, БНСУ-аас 155 сая, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 110.5 сая ам.долларын зээл авсан” гэжээ. 

Мөн оны 07 дугаар сарын 1-нд өгсөн мэдээлэлдээ “БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж байна гэдэг нь худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document