Улаанбаатар хотод 07 дугаар сард тохиолдсон үерийн дараа өвчин үүсгэгч хорхой гарч ирсэн тухай мэдээлэл өндөр хандалт авсан байна (энд, энд бас энд). Бидний шалгасан мэдээлэлд хэд хэдэн цагаан өнгөтэй урт нарийн хорхой бохир усанд ил гарч ирсэн болохыг харуулсан зургийн хамт “Аскридоз гэдэг шимэгч хорхой гэнэ дээ. Үерээр ингээд гараад ирсэн байна. Маш сайн гар хөл ам хамраа угааж байхгүй бол.” хэмээн анхааруулсан байна.
Хэдийгээр үерийн дараа гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдэх эрсдэл байдаг ч дээр дурдсан шимэгч хорхой гарч ирсэн гэх мэдээлэл нь батлагдаагүй болохыг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Аскаридоз гэх шимэгч хорхой гарч ирсэн гэх мэдээлэлд ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа “Аскридоз гэх шимэгч хорхой хөрсөнд гарсан гэх мэдээлэл фэйсбүүкээр явж байна. Ийм төрлийн хорхой нийслэлийн хөрсөнд гарч ирсэн, халдвар авсан тохиолдол одоогоор манайд бүртгэгдээгүй. Иргэдийг айдаст автуулаад байгаа дээрх мэдээлэл ташаа” хэмээн 07 дугаар сарын 27-нд Өдрийн сонинд хэвлэгдсэн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Цаашлаад тэрээр гэдэсний халдварт өвчин нэмэгдэх динамик ажиглагдаагүй болохыг мэдэгдэлдээ онцолсон. Мөн бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 07 дугаар сарын 27-нд аскаридоз гэх шимэгч хорхой хөрсөнд тогтоогдсон эсэх талаар тодруулахад одоогоор тийм мэдээлэл ирээгүй болохыг мэдэгдсэн.
Үерийн дараах хөрсний бохирдлын нөхцөл байдлыг судлахаар Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төвөөс 07 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээжид хийсэн нянгийн шинжилгээгээр аскридоз шимэгч хорхой илрээгүй байна. Харин өөр төрлийн гэдэсний халдвар үүсгэгч буюу тус төвийн дүгнэснээр нийслэлийн хэд хэдэн байршилд илэрсэн болохыг бидэнд ирүүлсэн шинжилгээний дүгнэлтдээ мэдээлсэн байна.
Үүнд, “E.coli (гэдэсний савханцрын халдвар), Cl. Рerfringens (гэдэсний хижиг) нь нийт 55 цэгийн хөрсний дээжийн 51 хувьд бага, дунд, их бохирдолтой гарсан байна.
E.coli (гэдэсний савханцрын халдвар) “Шарга морьтын гүүр”, “Хүүхдийн парк”, “Шар хадны эцэс гэр хороолол”, “Зүүн салаа 2 гэр хороолол”, “Зүүн салаа үерийн далан”, “Улаан чулуут хогийн цэг”, “Төв цэвэрлэх”, “Нисэх эцэс” цэгүүдэд их бохирдолтой байна. Cl. Рerfringens (гэдэсний хижиг) “Улаан чулуут хогийн цэг” цэг дээр их бохирдолтой байна.” хэмээн шинжилгээний дүгнэлтийг танилцуулсан байна.
Одоогоор аскаридоз гэх шимэгч хорхой тогтоогдсон баталгаатай мэдээлэл байхгүй байгаа ба ХӨСҮТ, НЭМҮТ зэрэг албаны эх сурвалжууд дээрх мэдээллийг няцаасан юм. Цаашлаад тухайн илэрсэн гэх газраас дээж авч шинжилгээ хийн чухам ямар амьд биетэн болохыг тогтоох шаардлагатай тул зөвхөн зурагт үндэслэн халдварт амьд биетэн аскаридоз хэмээн тогтоох боломжгүй юм.
Аскаридоз гэж юу вэ?
Аскаридоз (Ascaridosis) гэдэг нь аскариаз гэх өвчнийг үүсгэдэг нарийн гэдэсний шимэгч хорхой юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Үндэсний томуугийн төвийн вэб сайтад энэ өвчнийг “Нарийн гэдэсний шимэгч хорхойгоор үүсгэгддэг, шинж тэмдэг ихэвчлэн илэрдэггүй эмгэг юм. Амьд шимэгч өтгөн ялгадсаар, зарим тохиолдолд ам, хамар, хошногоны сүвээр гадагшлах нь эмгэгийг таних анхны шинж тэмдэг болно. Шимэгчийн авгалдай биеийн дотор шилжин хөдөлж эхлэхэд зарим өвчтөний уушги хямардаг (хатгалгаа, Лөфлерийн хам шинж) бөгөөд амьсгалахад шуухинах, ханиалгах, халуурах, эозинофили болон уушгины нэвчилт явагдахаар илэрнэ” гэж тайлбарласан байна. Харин энэ шимэгч хорхой нь маш ховор тохиолдолд хүний дотор эрхтэнд ихээр хуримтлагдан бөглөрөл үүсгэн үхэлд хүргэх боломжтой байдаг байна.
Энэ хорхойн халдварт өвчин нь дэлхийд нийтлэг тохиолддог шимэгч хорхойноос үүсдэг өвчнүүдийн нэг бөгөөд хүнээс хүнд биш шимэгчээр халдварласан хөрсөөр дамждаг байна. Өөрөөр хэлбэл шимэгч хорхойн өндгөөр бохирдсон хөрс, ус нь гар, амаар дамжин хүнд халдварлан, хүний гэдсэнд өсөж, үрждэг болохыг АНУ-ын Халдварт өвчний хяналтын төв мэдээлсэн байна.
Энэ халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд хоол идэхийн өмнө гараа сайн угаах, бохирдсон байж болзошгүй хүнсний ногоо, бүтээгдэхүүнийг сайтар угааж хэрэглэхийг зөвлөдөг байна.
Харин энэ төрлийн шимэгч хорхой үерийн дараа олон нийтийн талбайд тогтоогдсон баримт одоогоор байхгүй байна. Бид аскаридоз гэх шимэгч хорхой гэж тайлбарласан зураг анх X буюу хуучнаар Твиттерт 07 дугаар сарын 24-нд анх нийтлэгдсэн болохыг тогтоосон ба энэ зургийг нийтэлсэн хэрэглэгч аскаридоз мөн болохыг тайлбарлаагүй байна. Энэ зургийг яг хаана авсныг тогтоох боломжгүй байсан ба дээжийн шинжилгээгүйгээр дээр дурдсан шимэгч хорхой мөн эсэхийг тогтоох боломжгүйг АНУ-ын Халдварт өвчний хяналтын төв мэдээлсэн байна.
Мөн бид Калифорнийн их сургуулийн Нематологи болон Энтомологийн тэнхимийн профессор Стив Надлераас бидний шалгасан мэдээлэл дэх зургийн талаар и-мэйлээр тодруулахад заавал тус шимэгч хорхой гэх биетийн дээж хэрэгтэй болохыг сануулсан юм.