2021 оны тавдугаар сарын 28-нд zarig.mn сайтад “Манай улсад генийн мутац үүсч, монгол мутац гарчээ” гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн нь нэг өдрийн дараа буюу 29-ны 12:00 цагийн байдлаар facebook платформд 8899 хариу үйлдэл аваад байна. Сошиал сүлжээнд түгсэн байдлыг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад тус сайтаас facebook-т 35 пэйжээр хуваалцаж, twitterт долоон хаягаар жиргэсэн байна. Zarig.mn нэртэй 733,141 дагагчтай facebook пэйжид сайтын холбоосыг постолсныг л гэхэд хоёр мянган удаа цааш түгээж, гурван мянган реакц, нэг мянган сэтгэгдэл өгсөн байна.
Уг мэдээнд, “Манайд бүртгэгдсэн хувилбар нь Хятадад анх бүртгэгдсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж, одоогоор В.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна. Энэ хэлбэр нь дотроо тархалтыг ихэсгэдэг, эмнэлзүйг хүндрүүлдэг мутац өөрчлөлт илэрч байгааг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа саяхан мэдээлсэн. Тэгвэл саяхан монголжсон хувилбар шинээр үүсч, генийн мутац вакцинд төдийлэн үр дүн муу гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ хатуу хөл хориог сонгуулийн дараа тогтоох эсэх асуудлыг дотроо ярьж байгаа талаар бид мэдээлсэн” гэсэн байв.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Коронавирус үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Бүх мутац хор хөнөөлтэй биш.
Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр тавдугаар сарын 1-нд “Мэдээллийн урсгал” хөтөлбөрт зочны ярилцлага өгөх үедээ “Бид PCR-т суурилсан шинжилгээгээр UK, Бразил, Өмнөд Африк вариантуудыг урьдчилсан байдлаар тодорхойлох боломжтой… Гаднаас мутац ороод ирэх вий гэж айхаас илүүтэй, Монголдоо тархалтын тоо ихсэх тусам вирус мутацид ороод байгаа” гэж ярьсан.
Мөн тавдугаар сарын 3-нд news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Богино хугацаанд биеийн байдал хүндэрч нас барсан Covid-19-ийн хавсарсан шинжтэй тохиолдлуудыг иргэд монгол мутациар халдварласан гэж ташаа ойлгож байна. Вирусийн мутаци бол байнга явагдаж байдаг зүйл. Хор уршигтай гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаагаар “variants of concern” бүлэгт хамаарсан вирусийн төрлийг англи, энэтхэг мутаци гэх мэтчилэн нэрлээд байгаа. Монголын тухайд тийм хоруу чанар өндөртэй гарсан ямар нэгэн мутацийн хэлбэр байхгүй” гэж бататгасан юм.
2. ОДООГООР “МОНГОЛ МУТАЦ” ГЭХ ХУВИЛБАР ХААНА Ч БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА
Өнөөдрийн байдлаар /05.30/ дэлхий даяар тархаж буй COVID-19-ийг үүсгэгч Sars-CoV-2 вирусийн зургаан төрлийн мутацыг тогтоож, тэдгээрийн шугаман дарааллыг судалж байна. GISAID /Global Initiative on Sharing Avian Influenza Data/ систем дээр уг вирусуудыг хаанаас бүртгэгдсэн, хэрхэн өөрчлөгдөж буйг тогтмол судалдаг.
1. Англи /В.1.1.7/,
2. Африк /В.1.351/,
3. Бразил /В.1.1.28/,
4. Калифорн /В.1.429/,
5. Английн PHE /В.1.525/,
6. Энэтхэг /В.1.617/ гэсэн вариантуудыг бүртгэж, хувьсал буюу шугаман дарааллыг судалж байна.
Монгол Улсад Sars-CoV-2 вирусийн хоёр төрөл бүртгэгдсэн байна. Үүнд:
* 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд энэтхэг мутацийн В.1.1.46 шугаман дараалал бүхий вирус бүртгэгдсэн бол
* 2020 оны наймдугаар сарын 4-нд Russia congo буюу В.1.1.349 шугаман дарааллыг бүртгэсэн тухай lineage.org сайтад мэдээлсэн байна.
/Эдинбургийн их сургууль, АНУ-ын Геномын эмгэг төрүүлэгч тандалтын төв, Оксфордын их сургууль, Кембрижийн их сургууль, Сиднейн их сургууль гэх мэтчилэн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачдын томоохон төлөөллүүдийн хамтарсан энэхүү судалгааны нээлттэй сайтын холбоосыг оруулав/
3. Sars-CoV-2 вирусийн 12,000 мутац бүртгэгдээд байна
2021 оны тавдугаар сарын 13-ны ЭМЯ-ны мэдээллийн цагаар ХБНГУ-ын Удам зүйн хүрээлэнгийн Молекул биологи, геномын судалгааны эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, доктор Б.Сэвжидмаа оролцож, Sars-CoV-2 вирусийн филогенетикийн судалгааны талаар мэдээлэл өгсөн. Уг вирусийн гарал үүсэл, хувьслын талаар ойлголт өгөх үедээ вирус мутацид ордог шалтгааныг дараах байдлаар тайлбарласан.
Тухайн Sars-CoV-2 вирус хүний биеийн эсэд орсноор өсөж олширдог. Ингэж олширч үржихдээ тухайн вирусийн удмын мэдээлэлд алдаа гардаг. Ингэснээр алдаа гарсан буюу мутацид орсон вирус эсээс буцаж гадагшлаад халдвар тараадаг. Ийм байдлаар мутацид орсон 12,000 төрлийн Sars-CoV-2 вирус тэмдэглэгдсэн байдаг. Гэхдээ мутац болгон аюултай биш. Хаана үүссэн, ямар хурдацаар тархаж, эмнэлзүйн ямар шинж тэмдэг үзүүлж байгаагаас нь хамаараад хүнд хэлбэрийн зургаан төрлийг бүртгэн авч, шугаман дарааллыг судалж байгаа юм. Тухайлбал Английн мутацын 501 дэх аминхүчил /N501Y/ нэлээд анхаарал татсан. Маш хурдацтай хүний эсэд нэвтэрдэг учраас халдварын тархалтыг түргэсгэж байсан. Мөн 681 дэх байрлалын аминхүчил /Р681Н/ одоо ид судлагдаж байна. Энэ нь хүний эсийн мембранд холбогдоход гол нөлөө үзүүлдэг гэж таамаглан, судалгааны ажил үргэлжилж байна. Түүнчлэн Бразилд үүссэн халварын үед зарим шугаман дараалал дахь аминхүчлүүд /К417Т, Е484К, N501Y/ хүний дархлааг 25-61 хувиар дарангуйлж, үхлийг 2-1.8 дахин өсгөсөн. Сүүлийн үед хурдацтай идэвхжиж байгаа Энэтхэг мутацын Е484Q, E452R шугаман дараалал дахь аминхүчил нь маш хурдтай тархаж, эмнэлзүйн хүндрэл өгдөг талаар тэмдэглэсэн. Тухайлбал дөрвөн өдрийн дотор 300,000 халдвар авч, 24 цагт 2,767 хүний амийг авч одсон юм.
Монгол Улс энэ шугамын В ангилалын 349 дээр тэмдэглэгдсэн байна. Энэ нь одоогийн байдлаар дэлхий дээр гарсан аюултай шугаман мутацид ороогүй, хэвийн үргэлжилж байгаа Sars-CoV-2 вирусийн шугаманд хамаарч байгаа юм” гэж тайлбарласан. /холбоосыг хавсаргав/