2023 оны 07 дугаар сарын 29-нд Саруул Сарнай нэртэй хэрэглэгч ” Аймаар юм, тахианы мах” гэх тайлбартай бичлэг оруулсныг 08 дугаар сарын 31-ний байдлаар 12 мянган удаа цааш хуваалцаж, 655 реакц, 203 сэтгэгдэл авсан байна.
Хавсаргасан бичлэгт тахианы махнаас дээж авч, микроскопын дуранд харуулахад их хэмжээний амьд организм байгааг харуулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Бичлэгийн эх сурвалж найдвартай байдлыг хангаагүй
Тус бичлэгийн эх сурвалж нь @mir_glazami_microscopa нэртэй TikTok хэрэглэгч байна. Уг хэрэглэгчийн зарим бичлэгүүд бодит байдалд нийцээгүй буюу өмнө хуурамч мэдээлэл тарааж байсан удаатай. Микроскопын дуранд зайдас хэрхэн харагддагыг үзүүлсэн бичлэг нь хуурамч болохыг USA Today агентлаг шалгаж мэдээлсэн байна. Мөн микроскопын дуранд гадил жимс хэрхэн харагддагыг харуулсан бичлэгийг хуурамч болохыг манай төв шалгаж байжээ.
2. Тахианы махны хадгалалт, тээвэрлэлт, эрүүл ахуйн горим алдагдаагүй үед дээр нь амьд организм ийм их хэмжээгээр илрэхгүй
Бид бичлэгт харагдаж буй шинжилгээний үйл явц, микроскопоор харагдах байдал зэрэг нь бодит байдалд хэр нийцэх талаар мэргэжилтнээс тодрууллаа.
Стандартын, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд бэлтгэсэн, хадгалсан маханд ямар нэг организм ийм их илрэх боломжгүй. Хэдийгээр тахианд зарим төрлийн дугариг хорхойн халдвар илэрдэг боловч тэднийг илрүүлэхийн тулд нарийн дэс дараалалтай биохими, молекул биологийн аргуудыг ашиглаж тодорхойлох боломжтой.
Тухайн бичлэгт дээжийг бэлтгэж байгаа процесс нь тодорхойгүй төөрөгдүүлсэн байгаа учраас микроскопоор илрүүлж байгаа уг организм нь энэ тахианы махнаас гаралтай гэх баталгаагүй.
Уг бичлэгт гарч буй организмыг тодорхой дурдаагүй, шууд тодорхойлох боломжгүй ч байгальд шувуунд болон нохой муурт олон төрлийн шимэгч хорхойн халдвар илрэх тохиолдол байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь хүнд халдварладаг нь тогтоогдсон байдаг. Тахианы махыг бэлтгэх явцад, боловсруулахгүй хэрэглэх нь дугариг хорхойн халдварын улмаас Токсокароз тусах эрсдэлтэй байж болох талаар хэд хэдэн судалгаанд дурдсан байдаг. Ийлдэс судлалын аргаар тахианд энэ халдварын тохиолдол Япон улсад 1.6%, Иран улсад 15.2%, харин Ираны хүн амын дунд хийсэн судалгаагаар 9.3% илэрсэн байдаг.
МУИС-ийн Биологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Лхагвасүрэн
Мөн тус бичлэгийг @onemanmicro хаягтай Tiktok хэрэглэгч няцааж тахианы мах микроскопын дуранд хэрхэн харагдахыг харуулсан бичлэг байршуулжээ. @onemanmicro нэртэй тус хаягийг Австралийн Воллонгонгийн их сургуульд багшилж байсан, доктор, биохимич Уолт Каролл ашигладаг юм.