2023 оны 08 дугаар сарын 30-нд Мэдээлэл нэртэй пэйжид “Залуусыг дэмнэх бодит дэмжлэг Та сард 208,389 төгрөг төлөөд хаустай болох боломжтой” гэсэн гарчигтай ulaanbaatar.me домэйн нэртэй сайтын холбоос хавсаргасан пост оруулжээ.
Уг холбоосоор сайт дахь мэдээллийг гол агуулгыг тоймлобол “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулахад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зээлийн тухай байх ба загварын байшингуудаас сонгож бариулах энэ зээлд хамрагдсанаар байшингийн өртгийн 30 хувь, эсвэл 18 сая төгрөгийн аль бага дүнгээр буцалтгүй тусламж хэлбэрээр буцаан авна” гэсэн байна.
Мөн төслийн оролцогч талууд болох Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ТоС буюу Монголын Тогтвортой санхүүгийн холбоо тэргүүтэй байгууллагуудыг дурдсан байна.
Мэдээллийн бодит байдлыг агуулгаар хайж мэдэх нь:
Юуны өмнө эргэлзэж буй мэдээллийнхээ гол агуулгыг гаргасан түлхүүр үг болох “сард 208,389 төгрөг төлөөд хаустай болох” гэж Google-д хайж үзлээ. Яг энэ утгаар 2021 оноос эхлэн Facebook-ийн зарим хэрэглэгчийн хаяг болон monnews.life, ulaanbaatar.me зэрэг домэйн нэртэй сайтад гарч байсан байна. Гэвч эдгээр нь баталгаат эх сурвалж биш тул агуулгыг дэлгэрүүлж хайлаа.
Мэдээнд дурдсан төслийн оролцогч талууд болох Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ТоС буюу Монголын Тогтвортой санхүүгийн холбоо тэргүүтэй байгууллагуудын нэрээр хайж үзэхэд 2020 онд зарлаад, 2021 онд хэрэгжүүлээд дууссан хөтөлбөрийн талаарх мэдээлэл байна.
Уг төсөл нь 2020 оны 07 дугаар сарын 8-нд Монголын Тогтвортой санхүүгийн холбооны ТоС Холбоо / MSFA хаягаар танилцуулгаа хийж байсан байна.
Монголын Тогтвортой санхүүжилтийн холбооноос тодруулахад, уг төсөл нь 2021 онд бүрэн хэрэгжиж дууссан бөгөөд дээр дурдагдсан санхүүжилтыг дахин олгохгүй. Төсөлд нийт 26 айл хамрагдаж, эрчим хүчний хэмнэлттэй байшин бариулж, 18 сая төгрөгийн татаас авч, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэдгийг хэлжээ.