2023 оны 08 дугаар сарын 30-нд Ganbayar Batsuuri нэртэй хэрэглэгч “Энэ одоо юу болоод байнаа. Сулинхээр яг ингэж л нүүсэн дээ” гэх тайлбартай зураг байршуулжээ. Зурагт Chagii Chagnaa нэртэй хэрэглэгчийн Parazzi Traffic Mongolia нэртэй бүлгэмд оруулсан бичвэрийг харуулсан байна.
Бичвэрт “Монгол улсын ерөнхийлөгч нууц тушаал гаргаж Өмнөговийн хилийн Овоотын хилийн 7-р отрядыг үндсэн байрлалаасаа 45км ухрахыг үүрэгдсэн”, “Хятад Монгол хоёр улсын хилийн гэрээний зохицуулалтаар 15 км хавтгай дөрвөлжин газрыг БНХАУ-д шилжүүлэхээр болсон” зэрэг агуулгыг дурджээ.
Уг мэдээлэл нийтэлснээс хойш 2 цагийн дотор 420 реакц, 121 сэтгэгдэл авж, 2.5 мянган удаа цааш хуваалцсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Уг мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй
Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг Ерөнхийлөгчийн зарлигаар хилийг өөрчлөх боломжгүй. Учир нь:
- Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 9-д “улсын хил тогтоох” онцгой бүрэн эрхийг Улсын Их Хуралд л хадгалуулсан байдаг.
- Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол улсын хилийн тухай хуулиудад ч Ерөнхийлөгчид хил тогтоох эрх мэдлийг олгоогүй байна.
Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар Хоорондын Гэрээнд хил тогтоох харилцааг зохицуулаагүй тул шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг 45 километр нааш татах тухай заалт байхгүй.
2. Холбогдох байгууллагаас уг мэдээллийг няцаалаа
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт хүсэл гаргаж, тодруулга хүсэхэд дараах мэдэгдлийг илгээлээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Х.Лхагвасүрэнгийн нэрээр “Энэхүү мэдээлэлд дурдсан үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжоор хориглосон үйлдэл тул хэрэгжих боломжгүй бөгөөд ор үндэсгүй ташаа мэдээлэл юм. БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 онд хийлийн гэрээ байгуулж, 1962-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1975 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгүүлсэн тул улсын хилийн бүрэн бүтэн байдал хууль тогтоомжоор бүрэн хамгаалагдсан байдаг.
Энэхүү мэдээлэл нь улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул Хил хамгаалах байгууллагын зүгээс хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах болно” гээд дараах хуулийн заалтуудыг онцолжээ.
“Монгол улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйл:
1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.
2.Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
3.Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно_Монгол улсын Хилийн тухай хууль
4.2.Улсын хил халдашгүй дархан байна.
4.3.Улсын хилийн халдашгүй дархан байдал нь улсын хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байхаар хангагдана.
4.4.Хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байна
6.1.Улсын хилийн шугамыг тодорхойлох, тогтоох, өөрчлөх асуудлыг Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/, улсын хилийг хамтран шалгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
7.1.Улсын хилийг газар дээр нь тогтоохын тулд хил залгаа улстай хилийн шугамыг тодорхойлж, хилийн гэрээ байгуулах ба түүнийг Улсын Их Хурал соёрхон батална.Монгол улсын батлан хамгаалах бодлогын үндэс
3.2.7.хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх” гэж тус тус заасан.