2023 оны 08 дугаар сарын 27-нд Сошиал Мэдээ, Мэдээлэл гэх пэйжид “Ц.Хуланг цагдан хорьсон шалтгаан ил болжээ. Учир нь…” гэсэн гарчигтай, gogomedee.com домэйн нэртэй сайтын линк хавсаргасан пост оруулсан нь 08 дугаар сарын 30-ны байдлаар 980 реакц, 238 сэтгэгдэл авч, 228 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.
Уг мэдээлэл нь олны анхаарлын төвд байгаа ба шүүхээр шийдэгдсэн хэргийн тухай гэдэг нь гарчгаас илэрхий байна. Гэхдээ цагдан хорьсон үеийн талаар болохыг илэрхийлсэн ч органик болон зорилтот хандалтаар уг хуучирсан мэдээллийг идэвхжүүлсээр байна.
Уг линк дэх мэдээллийг зургаан сарын өмнө нийтэлсэн бөгөөд Ц.Хуланг 3 дахь сардаа хоригдож байгаа гээд холбогдох хуулийн зүйл заалтыг оруулж өгжээ. Мөн “...эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Х Богдыг тодруулах үйл явц өрнөж байхад гадаадын байгууллагатай хамтран ажилласан гэх агуулгаар Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд үндэслэн шалгаж байгаа” гэсэн байна.
Уг мэдээллийг дахин түгээж буйд дараах ажиглалтыг хийж болно.
- Гарчигт “Учир нь…” гэж төгсгөснөөр уг мэдээлэлд өртсөн хэрэглэгч учрыг нь мэдэх зорилгоор холбоос дээр дарж, сайтын хандалтыг нэмэгдүүлэх урхи тавьсан байна. Ингэж хандалт нэмэгдэхэд сурталчилгаа байршиж, тухайн домэйны эзэмшигч сурталчилгааны төлбөрөөс хувь ногддог. Энэ сайтын аль нэг хэсэгт дарахад бооцоо тавих зориулалттай сайт руу автоматаар орж байна. Тиймээс олны анхаарлыг татсан сэдвээр хуучирсан ч хамаагүй мэдээлэл дахин түгээж, хандалтаа өсгөх, сурталчилгааг нээж үзүүлэх нь ашигтай тул төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.
- Тухайн сэдвийг дахин олны анхаарлын төвд оруулах зорилгоор дахин түгээж байна. Цааш хуваалцсан буюу share хийсэн хаягуудын 90 орчим хувь нь хуурамч буюу тролл байх магадлалтай, нэр зураг нь өөрийн биш, хаягаа хөтлөхдөө бусдын мэдээллийг шэйрлэж идэвхжүүлдэг, үзэл бодол, түүх, зургаа хуваалцдаггүй хаягууд байна. Эдгээр хаягаар хуваалцаж идэвхжүүлэх тусам олон хэрэглэгчид хүрч, сэдвийн талаар хэлэлцэх, бухимдах зэргээр олны анхаарлын төвд оруулж өгдөг. Пап лам Францисын төрийн айлчлалыг угтаж шашны холбогдолтой төөрөгдүүлсэн мэдээллүүд гаргасаар байгаагийн нэг илрэл гэж үзэх боломжтой.
Агуулгаар хайж бодит зөв мэдээллийг олоорой
Уг мэдээний онцлох хэсэг болох “Ц.Хулан гурав дахь сардаа хоригдож байгаа” гэх түлхүүр үгээр Google-д хайж үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 15-нд zuv.mn сайтад гарч байсан мэдээг хуулж тавьсан байна.
Энэ мэдээллээс хойш 4 сарын дараа буюу 07 дугаар сарын 25-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Хулан нартай холбогдох хэргийг шүүх хурал болж, гэм буруутайд тооцон 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Тодруулбал, 2023 оны 07 дугаар сарын 25-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын вэбсайтад “Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар” гарчигтай мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд Ц.Хуланг Х Богдыг тодруулахтай холбоотой хэрэгт буруутгасан гэх тайлбар байхгүй ба хэргийн материалыг нууцын зэрэглэлд оруулсан тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэсэн.