2023 оны 08 дугаар сарын 18-нд MONGOLS & NOMADS in the Great Steppe of EURASIA группт Хассан Ибн Саббах гэх хаягаас гурван эрэгтэй хүнийг харуулах зургийг “13-р зууны Монгол цэргийн хувцас” гэсэн тайлбартай оруулсан нь 287 реакц, 75 сэтгэгдэл авч, 9 удаа цааш түгээжээ.
- Энэхүү постын авсан хандалт шалгах хэмжээнд хангалттай биш, мөн сэтгэгдэл хэсэгт тохуурхсан, үл итгэсэн хандлага байсан хэдий ч, гадаад нэртэй хаягаар Монголын түүхийг гуйвуулан мэдээлсэн, цаашлаад үндэстэн хоорондын хагаралд хүрч болохуйц өдөөн хатгасан байх тул баримтаар шалгаж, бодит мэдээллийг хүргэх замаар хуурамч мэдээлэлд итгэсэн зарим хэсэгт, цаашлаад хүлээж авах хэрэглэгчдэд зориулан мэдээллийг залруулан хүргэх нь зүйтэй гэж үзлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Зургаар хайх
Google платформд уг зургийг оруулж reverse image search буюу зургаар хайхад 2018 оны 02 дугаар сарын 15-нд дэлхийн хамгийн том зургийн урлагийн архив гэгддэг Пикселс платформд нийтэлсэн “Хивагаас ирсэн 3 афган” гэх нэртэй, Мэри Эвансын зургийн санд нийтлэгдсэн зураг байна. Мэри Эванс нь Их Британийн түүхэн зургуудын тэргүүлэх эх сурвалж юм. Мэри, Хилари Эванс нарын таван жилийн турш цуглуулсан олон зуун мянган уран зураг, сийлбэр, дүрслэх урлагийн гэрэл зургуудыг энэ санд багтаадаг бөгөөд худалдан авахад зориулсан дэлгэрэнгүй тайлбарыг бүтээл тус бүрд тавьсан байдаг.
Шалгаж буй мэдээлэлд ашигласан зургийн эх хувь нь 1861-1880 онд Германд хэвлэгдэж байсан “Muchener Bilderbogen” сэтгүүлд анх нийтлэгдсэн зураг байна. Тус сэтгүүлийн Zur Geschichte der Kostume буюу “Хувцас хэрэглэлийн түүх” булан нь эрт үеэс XIX зуун хүртэлх үндэснүүдийн хувцсыг харуулдаг байжээ.
XIII зууны монгол цэргийн хувцас, хэрэглэлийн талаар:
XIII зууны үеийн монгол цэргүүд ямар хувцас хэрэглэл эдэлж байсныг МУИС-ийн профессор, түүхийн ухааны доктор З.Лонжидоос тодруулахад, “Яг XIII зуун гэхээр хэтэрхий өрөөсгөл. Эртний монгол цэргүүдийн хэрэглэж байсан эдлэлүүд Чингис хаан үндэсний музей, БХЯ-ны Цэргийн музейн сан хөмрөгүүдэд байдаг. Эртний монгол цэргүүд ямар хувцас хэрэглэлтэй байсныг түүхийн эх сурвалжуудад тэмдэглэхдээ хөө хуяг, дуулга, хөлдөө байлдааны ялтсан хуягт гутал өмсдөг байсан гэж тэмдэглэсэн байдаг” гэлээ.
Мөн түүнээс “Эртний монгол цэргүүд дайн тулаангүй үед энэ зураг дээр харагдаж байгаа шиг хувцас өмсөж байсан байж болох уу” гэж тодруулахад “Хэдийгээр монголчууд дэлхийн талыг байлдан дагуулж, олон улс, өргөн уудам нутаг дэвсгэрийг хөндлөн туулсан ч ийм хувцас өмсөж амарч байсан гэх баримт түүхэнд тэмдэглэгдэж үлдээгүй. Жирийн үед үндэсний дээл, хувцсаа өмсдөг байсныг наад захын түүхийн номоос унших боломжтой” гэсэн юм.
Монгол цэргүүдийн өмсдөг байсан байлдааны ялтсан гутал нь Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. XV-XVI зууны үед хамаарагддаг бөгөөд 47 см өндөр, 28 см урт, 9 см өргөн, 2.1 кг жинтэй бөгөөд төмөр ялтсан дотортой, хүрэн савхин гутал юм. Мөн эртний цэргүүдтэй холбоотой аяга, усны сав, гутал, хүрэл дуулга, хүрэл галт буу, гархин ба бэгтэр хуяг, харуулын цэргийн дээл нум сум зэрэг үзмэр Үндэсний музей, Цэргийн музейн сан хөмрөгт бий.