Search

Хүн амины хэргээр 20 жил хоригдсон залууг эрүүдэн шүүж хилсээр хэрэг хүлээлгэсэн гэж үзээд цагаатгасан байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #652

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“25 жил хүчин хийсэн хэргээр шоронд суугаад гэм буруугүй гэдэг нь нотлогдсон” гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Даниэл Виллегас хүчингийн хэргээр бус хүн амины хэргээр 20 жил хоригдсон байна.

2023 оны 08 дугаар сарын 13-нд Oyunchimeg Myagmarnaran нэртэй хэрэглэгч “25 жил хүчин хийсэн хэргээр шоронд суугаад гэм буруугүй гэдэг нь нотлогдох үед” гэх бичвэр бүхий, шүүх хурлын танхимд эрэгтэй хүн уйлж буй бичлэг оруулсан нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний байдлаар 7.6 мянган реакц, 171 сэтгэгдэл авч, 118 удаа цааш хуваалцсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Бичлэгт гарч буй эр хүчингийн хэргээр хоригдоогүй

TikTok сүлжээнд байршуулсан бичлэгийг хадгалж түгээхэд бичлэгийг байршуулсан хэрэглэгчийн хаягийг байнга харуулдаг. Бидний шалгаж буй бичлэгийг TikTok сүлжээний @xondadaev гэх хаягтай хэрэглэгчээс авсан байна.

Бичлэгийн тайлбарыг шинээр монгол хэл дээр бичсэн байх тул өмнөх бичвэр нь ямар байсныг харцгаая. @xondadaev хаягтай хэрэглэгчийн хуудас руу орж харахад тус бичлэгийг 05 дугаар сарын 25-нд байршуулжээ.

Анхны тайлбар нь орос хэл дээр “25 жилийн дараа цагаатгагдаж буй нь” гэсэн ба хүчингийн хэргээр хоригдсон гэх мэдээлэл байсангүй.

2. Хүний амь нас хөнөөсөн хэргээр 20 жил хоригдож, яллагдсанаас хойш 25 жилийн дараа цагаатгагдсан байна

Бичлэгийн агшны зургийг ашиглан Google Reverse image search хэрэглүүрээр хайхад 1881 оноос эхлэн гаргасан Баруун Техас болон Нью-Мексикогийн өмнөд хэсгийн оршин суугчдад зориулсан El Paso Times цахим сонинд байршуулсан мэдээний илэрц гарч ирлээ. 2018 оны 10 дугаар сарын 6-нд байршуулсан уг мэдээ нь:
“Даниэль Виллэгасийг гэм буруугүйг тогтоолоо. 7 эрэгтэй, 5 эрэгтэйгээс бүрдсэн нийт 12 тангарагтны шүүгчид 9 цаг хуралдаж шийдвэрт хүржээ. Шийдвэрийн тухайд Виллэгасийн өмгөөлөгч Жои Спенсэр “Даниэль болон түүний гэр бүлийн өмнөөс их баяртай байна. Энэ залуу эр, түүний гэр бүл бүхэл бүтэн нэгэн зууны дөрөвний нэгтэй тэнцэх энэ хугацаанд ямар их зовлон үзсэнийг төсөөлж баршгүй” гэж байр сууриа илэрхийлсэн байна.

1993 онд Техас мужийн Эл Пасо хотын прокурорын алба өсвөр насны 2 хүүгийн үхэлд Даниэлийг буруутгаж хоёр ч удаагийн шүүх хурал өрнөж 1995 онд хорих ялаар шийтгэжээ.

Харин шүүх хуралд оролцсон яллагч Жэймс Монтояа “Хэдийгээр тангарагтны шүүгчдийн шийдвэрт урам хугарч байгаа ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Нас барсан хоёр хүүгийн үхэлд Виллегасын буруутай болохыг илтгэх чухал нотлох баримтууд ч байсан. Энэ хэрэгт өөр сэжигтэн байхгүй. Виллегас өөрийн найзууд болон үеэлүүддээ ч хэргийг үйлдсэн талаараа хэлж байсан тухай мэдүүлэг байдаг” гэсэн байна. Мөн дүүргийн яллагч уг шийдвэрийг давж заалдах боломжгүй аж. Ингэснээр Даниэль бүрэн цагаадлаа” гэсэн байна.

Харин тус шүүх хурлын даргалагч шүүгч Сэм Мэдрано “Шүүх хурлын явцад тухайн үед өсвөр насны хүү байсан Даниэлаас мэдүүлэг авахдаа зүй бус харьцаж, хүчирхийлэл хэрэглэсэн, айлгасан зэрэг мөрдөн байцаах ажиллагааны илэрхий зөрчлүүдийн нотлох баримт гарч ирсэн. Иймд түүний тухайн үед өгч байсан гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийг хэрэгсэхгүй болголоо. Мэдүүлэг авсан мөрдөн байцаагч нь хүүг “Хэргээ хүлээхгүй бол бүр л аюултай нөхцөл байдал үүснэ. Шоронд орвол бэлгийн хүчирхийлэлд ч өртөх боломжтой” зэрэг сүрдүүлэг ашигласан нь ч ил болсон” гэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг ч ил байршуулжээ. Даниэлийг цагаатгах болсон үндэслэлүүдээс дурдвал:

  • “Мөрдөн байцаагч шүүхийн зөвшөөрөл гараагүй байхад хүүг насанд хүрээгүйг мэдсээр байж гэрээс нь баривчилсан.
  • Мирандагийн зарчмын дагуу түүний эрх, үүргийг уншиж өгснөө баталгаажуулах хуудас шууд зуруулаагүй.
  • Мөрдөн байцаалтын үед сэжигтэн зугтах боломжгүй байсаар байхад 1 цаг гавласан.
  • Хэргээ хүлээхгүй бол шоронд очоод хүчингийн золиос болно гэж сүрдүүлсэн
  • Сэжигтэн гэм буруугүй гэдгээ илэрхийлэх үед түүнийг алгадсан
  • Мөрдөн байцаах өрөө болон саатуулах байрын хооронд сэжигтнийг удаа дараа шилжүүлэхдээ цагийн бүртгэл, холбогдох баримт бичгүүдийг дутуу бүрдүүлсэн” гэсэн байна.

Даниэлийг 2014 онд шоронгоос батлан даалтаар гаргасан байна. Иймд түүний хоригдсон хугацаа 25 биш 20 жил байх нь.

Proclaim justice буюу хилс хэрэг хүлээсэн хүмүүсийн эрхийн төлөө тэмцэх төслийн сайтад “Даниэль өөрийн төрөлх хот Эл Пасодоо амьдарч байгаа. Тэр одоо барилгын даамал хийдэг бөгөөд гэр бүлийн хамт бусад хилсээр хоригдсон хохирогчдын төлөө тэмцсээр байна” гэсэн байна.

Хэдийгээр Даниэлийн хилсээр хоригдсоны нөхөн төлбөрт хэр их хэмжээний мөнгө авсан мэдээлэл ил биш ч гэсэн Техас мужийн хуулиар жил тутамд 80’000 долларыг олгох ёстой байдаг ажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document