Олны анхаарлын төвд буй үйл явдлын талаар хуурамч мэдээлэл түгээх нь ихэсдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #650

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Адислалын үеэр бага насны хүүхдийг алгадаж буй ламыг Пап Францис мэтээр мэдээлсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт гарж буй лам нь Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис бус Францын лам бөгөөд тэтгэвэртээ гарсан байна.

08 дугаар сарын 18-нд Мөнхбаяр Гэрэл нэртэй хэрэглэгч “Балиар зэвүүн өвгөн монголд ирж яах гэж байгаа юм” гэх гарчигтай, адислалын үеэр балчир хүүхдийг алгадаж байгаа ламын бичлэг оруулсан нь 08 дугаар сарын 29-ны байдлаар 290 реакц, 130 сэтгэгдэл авч, 411 удаа цааш түгээсэн ба 93 мянган удаа үзжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Пап Францисийн Монгол улсад хийх айлчлалын тухайд

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс 1992 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Нэг ёсондоо дипломат харилцаа тогтоосны 30 жил өнгөрсөн онд тохиосонтой холбогдуулан Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлалууд үргэлжилж буй.

  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер 2023 оны 6 дугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис энэ оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөөд байна.

2. Бичлэгт харагдаж буй лам нь Поп Францис биш, түүний айлчлалын багт ч багтаагүй

Хэдийгээр бичлэгийн гарчигт тодорхой нэр заагаагүй ч сэтгэгдэл хэсгээс харвал үзэгчид уг ламыг Пап Францис гэж ойлгожээ. Мөн цахим хэрэглэгчийн “Хэн бэ” гэсэн сэтгэгдлийн хариуд нийтэлсэн хэрэглэгч нь “Ромын пап ламтан” гэж хариулсан байна.

Шашны зан үйлийн үеэр бага насны хүүхдийг алгадаж буй нь хачирхалтай тул энэ нөхцөлд шууд агуулгаар хайснаар илэрц олох магадлал их. “Priest slaps baby” буюу “Лам хүүхдийг алгадаж буй” гэх түлхүүр үгээр хайхад л олонд танигдсан хэвлэл мэдээллийн сайтуудад байршуулсан мэдээнүүд гарж ирж байна. Үйл явдал 2018 оны 06 дугаар сард болжээ.

Христийн шашны мэдээ, мэдээллийг оруулдаг Christian Post сонин:
“Францын Шампа коммунийн /Засаг захиргааны хамгийн бага нэгж/ Шашны сургуулийн эцэг лам, 89 настай Жак Лакруа адислалын үеэр 2 настай хүүг алгадсан ба сүмийн удирдлагууд түүнийг тэтгэвэрт гаргах болсныг зарласан байна.

Тэрээр тайлбартаа ‘Би уг нь хүүг аргадах л гэсэн юм. Хүү уйлаад байсан тул би ч сандраад яахаа мэдээгүй. Толгойд нь ариун ус хүргэх боломжгүй байсан тул тайвшруулах гэж их оролдсон ч болоогүй. Хэтэрхий тэвдсэндээ тийм үйлдэл хийчихсэн. Энэ хүрээд үйл хэргээ дуусгаж байна. Миний сүүлчийн адислал байлаа, бүх зүйлд төгсгөл бий шүү дээ’ гэж мэдэгдлээ” гэсэн байна.

Харин Пап ламтан уламжлалын дагуу Систиний цогчин дуганд л адислал үйлддэгээрээ католик шашны бусад ламаас ялгаатай аж.

2018 онд Пап Францис Ватиканы албан хаагчдын хүүхдүүдийг адисалсан байна. Адислалын үеэр хүүхдэд хүч хэрэглэсэн гэх мэдээлэл алга байна.

Тэгэхээр шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг бичлэгт гарж буй лам Монгол улсад ирэхгүй. Учир нь тэрээр тэтгэвэртээ гарсан. Тус ламыг Пап Францис мэтээр тайлбарлах гэж оролдсон ч дээрх баримтуудаар няцаагдаж байна.

Олон нийтийн анхаарал татсан үйл явдлуудын үеэр төрөл бүрийн хуурамч мэдээлэл гарах нь нэмэгддэг тул цахим хэрэглэгч та бүхэн түгээж буй болон хүлээн авж буй мэдээлэлдээ хариуцлагатай хандахыг уриалж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document