Search

Аварга загас яст мэлхийг аврах гэсэн бичлэг эвлүүлэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #647

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нэгэн акул загас амандаа яст мэлхий зууж авруулахыг хүссэн гэх ойлголт төрүүлэх бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хоёр өөр бичлэг ба эхний бичлэг нь Бахамын арлуудад 2020 онд болсон үйл явдал бол олсонд боогдсон яст мэлхийн хоёр дахь бичлэг нь 2016 онд Коста Рикад болсон үйл явдал байна.

Аварга загас далайд сэлж байсан яст мэлхийг хүмүүсээр авруулахын тулд завь руу ойртуулж буй гэх бичлэг өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Бичлэгт нэгэн аварга загас яст мэлхийг амандаа зуун завины арын хэсэгт тулж очиход бичлэг таслагдаж дараагийн хэсэгт яст мэлхий ганцаараа хөвж буй хэсэг гарч яст мэлхийг завин дээр гарган хүзүүг нь боосон утсыг тасдан аварч буйг харуулжээ. Тус бичлэгийг тайлбарлан “Нэгэн акул загас амандаа яст мэлхий зуун жижиг завийг дагаж гэнэ. Тэр яст мэлхийг завин дээр гаргахыг оролдоод байж. Хүмүүс акулын санааг ойлгожээ. Акулыг жинхэнэ алуурчин махчин гэж буруу ойлгож байжээ би” гэж тэмдэглэсэн байна.

Энэхүү бичлэгийг ялгаатай өөр хэрэглэгч нарын аккаунтаас өөрийн туршлага, бодлоо залруулж буй мэт нэгдүгээр биеэс нийтэлсэн байсан нь санаатайгаар хандалт авах зорилгоор хуурамч, зохиомол мэдээлэл нийтэлж байна гэж үзэх нэг үндэслэл болсон.  
Бид дээрх бичлэгийн хэсгүүдийг Youtube-д хайхад хоёр тусдаа үйл явдлын бичлэгийг нийлүүлэн аварга загас яст мэлхийг аврахад тусалсан мэтээр харуулахаар эвлүүлсэн байсныг тогтоосон. Тодруулбал, Youtube-д “shark saving turtle” гэсэн түлхүүр үгээр хайхад бичлэгийн эхний хэсэг буюу аварга загас яст мэлхийг амандаа зуусан хэсгийн талаарх бичлэгүүд гарч ирэх ба хамгийн анх Kai Owen Fishing гэх хаягтай загасчлалын влоггерын хаягт 2020 оны 11 дүгээр сарын 29-нд нийтлэгдэж байжээ.

Влоггер Кай Бахамын арлуудын Абако арлын ойролцоо загасчилж явж байхдаа аварга загас яст мэлхийг агнах гэж оролдож буйтай таарсан байна. Түүний бичлэгт аварга загас яст мэлхийг тавьж явуулсны дараа завин дээр гаргаж буй хэсэг гардгийг харж болох ба аврагдсан яст мэлхийний хүзүүнд ямар нэг олс байхгүй байна.

Харин бидний шалгасан бичлэгийн хоёр дахь хэсэг буюу хүзүүгээр нь олс ороосон яст мэлхийн бичлэгийг мөн Youtube-д “turtle fishnet” гэсэн түлхүүр үгээр хайж олсон. Яст мэлхийг олсноос салгаж буй бичлэг 2016 оны 08 дугаар сарын 12-нд “Sea Turtle Biologist” гэх далайн яст мэлхий аврагчийн хаягт нийтлэгдсэн байна.

Дээрх бичлэгт далайн биологич, байгаль хамгаалагч Кристин Фиггенер (Christine Figgener) Коста Рикагийн ойролцоох далайд хүзүү нь олсонд ороогдсон яст мэлхийтэй тааралдан олсыг нь тасдаж, шарханд нь иод түрхсэн болохоо тайлбарласан байна.

Аварга загас яст мэлхий рүү дайрсан болон хүзүүг нь боосон яст мэлхийг аварсан өөр газар, өөр цаг хугацаанд болсон хоёр үйл явдлуудын бичлэгийг нийлүүлэн олсонд боогдсон яст мэлхийг аварга загас аврахад тусалсан мэтээр эвлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл эхний бичлэг нь Бахамын арлуудад 2020 онд болсон үйл явдал бол олсонд боогдсон яст мэлхийн хоёр дахь бичлэг нь 2016 онд Коста Рикад болсон үйл явдал аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document