Бартаат уралдааны тэмцээнд түрүүлсэн залуу Монгол биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #646

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Бартаат уралдааны тэмцээнд 159 дугаартай монгол залуу түрүүлэн дэлхийг шуугиулж байна гэжээ

Баримт шалгалтын үр дүн

Хятадын Шандун мужийн телевизийн зохион байгуулдаг “Урагш тэмүүлээрэй” тэмцээнд 2013 онд ялсан Жан Шиланы бичлэгийг нийтэлжээ

2023 оны 08 дугаар сарын 08-нд 5.11 “Тактик болон Спорт, Аялалын хувцас хэрэглэл Online Shop” гэсэн фэйсбүүк хаяг “Монгол залуу дэлхийг шуугиулж байна” гэсэн гарчигтай бичлэг нийтлэн өндөр хандалт авсан байна. 08 дугаар сарын 25-ны байдлаар 16 мянга орчим реакц авч, 900 гаруй удаа цааш түгээгдсэн энэ бичлэгт нэгэн залуу бартаат уралдааны тэмцээнд маш хурдан гүйж буйг харуулах ба бичлэгт тэмдэглэсэнчлэн 159 дугаартай Монгол залуу оролцсон гэж тайлбарласан байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав

Бичлэгийн дуу, орчин дахь хятад хэл дээрх бичгүүдээс дүгнэхэд Хятадад болсон үйл явдал байхаар харагдаж байгаа ба бид дээрх бичлэгийн хэсгүүдийг хятадын Baidu хайлтын системд хайхад энэ нь монгол залуугийн бичлэг биш энэ тэмцээнд түрүүлсэн хятад залуугийн бичлэг болох нь тогтоогдлоо. 

Тодруулбал, энэ тэмцээн нь Хятадын Шандун мужийн олон нийтийн телевизийн энтертайнмент суваг зохион байгуулдаг “Урагш тэмүүлээрэй” (快乐向前冲) спортын уралдаант тэмцээний үеэрх бичлэг (тэмцээний шувтрах шатны уралдааны бичлэгийг эндээс үзнэ үү) юм. Тэмцээний 2013 оны ялагчаар Жан Шилан (张喜亮) гэх оролцогч ялж байсан нь бидний шалгасан бичлэгт гарсан хурдан гүйж буй залуу юм. 

Жан Шилан

Түүний бичлэгээс нэрийг нь дуудаж буйг сонсож болох ба Жан Шиланыг гүйж эхэлсний дараа хурдан байна, амжилт хүсье Жан Шилан гэж хэлэхийг сонсож болно. Бидний олсон эх бичлэг буюу ямар нэг засвар оруулаагүй бичлэгийн зүүн дээд хэсэгт Шандуны телевизийн лого байгааг харж болно.

Тэрээр 2013 онд тус тэмцээний шувтаргын шатанд 16 секундэд гүйж тэмцээний ялагчаар тодорч байсан нь хятадад олны анхаарлын төвд орж байсан юм. Түүний гүйлтийн талаарх бичлэг одоо ч хятадын сошиал медиад түгсээр байдаг бөгөөд Шандуны олон нийтийн телевизийн энтертейнмент суваг өөрсдийн албан Weibo хуудсаараа дамжуулан 2019 оны 05 дугаар сарын 05-нд түүнийг хурдан гүйдгээс болж тэмцээнд ахин оролцохыг хориглоогүй болохоо мэдээлж байсан байна.  

Жан Шилан Шандун мужийн Дэжоу хотоос гаралтай экскаваторын жолооч болохыг 2013 онд хятадын блогуудад мэдээлж байсан байна. Тэрээр 10 жилийн дараа буюу 2023 онд тэмцээндээ эргэн ирж оролцсон байна.

Монгол залуу дэлхийг шуугиулж байна гэх бичлэг нь монгол хүн тэмцээнд оролцсон бичлэг биш харин Хятадын Шандун мужийн хөгжөөнт тэмцээний 2013 оны ялагч Жан Шиланы бичлэг байсан аж. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document