Ховд аймгийн Манхан сумын 100 жилийн ойн баяртай холбогдуулан тус сумын Морьт уул гэх газрыг Рио Тинто компанид өгч байгаа гэх мэдээлэл өндөр хандалт авсан байна (энд, энд бас энд). Тус мэдээлэлд нэгэн сонины нүүрэнд хэвлэгдсэн мэдээллийн зургийг хавсаргасан байсан ба үүнд “Аймаг сумдын дуудлага худалдаа” гэсэн гарчиг дор “2023.7.6-ны Монголын мэдээ сонины №114/5812/-т Монголын зарим аймаг сумыг дуудлага худалдаагаар цахимаар зарж байгааг ашигт малтмал газрын тосны газар хэмээх Риотинтогийн байгууллага зарлажээ. Дуудлага худалдаа 2023.8.8-ны 08 цагт ор нэр төдий болох ажээ. Бидний ойлгосноор Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын зааг нутаг дээр байгаа Морьт гэдэг уулыг Манхан сумын 100 жилийн ойг тохиолдуулан Риотинто авч байгаа юм байна. Энэ удаа 25 том ордыг Риотинто бэлгээр авч байгаа аж.” гэсэн мэдээг нийтэлсэн байна.
Манхан сумын Морьт уул гэх газрыг Рио Тинто компанид өгөөгүй бөгөөд нэр холбогдсон эрх бүхий байгууллагууд дээрх мэдээллийг няцаан худал болохыг нь мэдээлсэн. Энэхүү мэдээлэл цахим орчинд өндөр хандалт авч, түгсээр буй тул бид олон нийтэд нээлттэй мэдээлэлд тулгуурлан баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Бид дээрх мэдээлэлд дурдсанчлан Монголын мэдээ сонины 2023 оны 07 дугаар сарын 06-ны 114 дүгээр дугаарыг шалгахад Ашигт малтмал, газрын тосны газраас тус сонинд 25 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын урилга нийтэлсэн байна. Үүнд, Ховд аймгийн Манхан, Зэрэг сумд оршдог Морьт уулын талбайд сонгон шалгаруулалт зарлажээ.
Харин бидний шалгасан зураг дахь сонины эх сурвалжийг буюу Морьт уулыг Оюу толгойн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа Рио Тинто компанид өгч байгаа тухай зарыг нийтэлсэн сонин нь “Хөх толбо” гэж зарим фэйсбүүк хэрэглэгч мэдээлсэн ба бид тус сонины утсаар холбогдох гэж оролдсон ч амжилтгүй болсон юм. Гэхдээ Хөх толбо сонины 08 дугаар сарын 23, 24, 25 дугааруудад ямар нэг зар нийтлэгдээгүй байна.
1. Ашигт малтмал, газрын тосны газар, Рио Тинто компани дээрх мэдээллийг няцаасан
Ашигт малтмал, газрын тосны газар 08 дугаар сарын 10-нд фэйсбүүк хуудсаараа дамжуулан Морьт уулын талбайг Рио Тинто компани авч байгаа гэх мэдээлэл нь “илт худал, ташаа мэдээлэл болно” хэмээн мэдэгдсэн.
Мөн бид 08 дугаар сарын 15-нд Рио Тинто компанийн Монгол дахь оффистой и-мэйлээр холбогдон Морьт уулыг авч байгаа болон өөр 25 том ордыг бэлгээр авч байгаа эсэх талаар тодруулахад тус компанийн хэвлэл мэдээллийн багаас бидэнд энэ мэдээлэл нь “үндэслэлгүй, худал мэдээлэл” хэмээн хариу ирүүлсэн.
Цааш бидний шалгасан мэдээлэлд дурдсан Ховд аймгийн Манхан, Зэрэг сумдын нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон эсэхийг шалгахаар уул уурхайн салбарын мэдээллийг ил тод болгох зорилготой Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын вэб сайт дахь тусгай зөвшөөрлийн хайлтын системээс хайхад тус сумдад Рио Тинто компанид ямар нэг зөвшөөрөл олгогдсон мэдээлэл байхгүй байна.
2. Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулсан нь
Түүнчлэн бид Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай холбогдон Рио Тинто компанид Манхан сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн эсэх талаар тодруулахад “…Рио Тинто компанид бэлэглэж байгаа гэх сошиал орчин дахь мэдээлэл нь худал болно.” гээд дээр дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын фэйсбүүк дэх мэдэгдлийг дурдсан байна. Мөн бидэнд ирүүлсэн албан бичигтээ Морьт уул гэх талбай нь Ашигт малтмал газрын тосны газрын сонгон шалгаруулалтын нөөц талбайд бүртгэлтэй байдаг ба тус талбайд 2023 оны 07 дугаар сарын 06-нд хайгуулын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан боловч ямар нэгэн аж ахуйн нэгж санал ирүүлээгүй болохыг мэдэгдсэн.
3. Рио Тинто компани сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлээгүй
Бид төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс албан бичигт дурдсан сонгон шалгаруулалтын мэдээллийг олсон ба Манхан сумын Морьт уул гэх газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй буюу 08 дугаар сарын 17-нд сонгон шалгаруулалтын дүн гарах өдөр хүртэл ямар нэгэн аж ахуйн нэгж оролцох саналаа ирүүлээгүй болохыг харж болохоор байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт нь зөвхөн ашигт малтмал хайх зөвшөөрөл олгох зорилготой ба уурхай ажиллуулах зөвшөөрөл өгөх зорилгогүй юм.
Хэдийгээр Манхан сум дахь Морьт уул гэх талбайд хайгуулын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт 07 дугаар сарын 06-нд зарлагдсан ч дээр тайлбарласан үл мэдэгдэх сонинд нийтлэгдсэн зард тайлбарласан шиг Рио Тинто компани Морьт уулын талбайг аваагүй байна. Түүнчлэн Рио Тинто компани Морьт уулын талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын сонгон шалгаруулалтад ирүүлээгүй, шалгараагүй байна