Монгол улсад бэлгийн болон хүйсийн цөөнхийн тоог баттай гаргасан судалгаа одоогоор байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #643

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Манай улсад 257000 LGBT хүмүүс байдаг гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Монгол улсад бэлгийн болон хүйсийн цөөнхийг нарийвчлан тогтоосон тооллого хийгдээгүй, уг тоог албан эх сурвалжууд үгүйсгэж байна.

2023 оны 08 дугаар сарын 04-нд Айлын Хүүхдүүд Ийм Айхтар нэртэй хэрэглэгч “Манай улсад 257000 LGBT хүмүүс байдаг гэнээ” гэж нийтэлсэн нь 08 дугаар сарын 16-ны байдлаар 100 гаруй реакц, 113 сэтгэгдэл авч, постыг 57 удаа цааш түгээсэн байна.

LGBT гэдэг нь “lesbian, gay, bisexual, and transgender”/”Лесбиян, гей, бисексуал, трансжендер” гэх үгүүдийн товчлол бөгөөд бэлгийн болон хүйсийн цөөнхийг хамаатуулан нэрлэдэг хэллэг юм.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Монгол улсад хүн ам зүйн судалгаанд бэлгийн болон хүйсийн чиг баримжааг тусгадаггүй

Үндэсний статистикийн хорооны вэбсайтад байршуулсан тоон мэдээлэлд 2023 оны 07 дугаар сарын байдлаар Монгол улсын 18 насанд хүрсэн хүн амын тоог 2,206,000 гэж тайлагнасан байна. Хувиар тооцоолбол шалгаж буй мэдээлэлд дурдсан 257,000 гэх тоо нь Монгол улсын насанд хүрсэн хүн амын 8.6 хувь гэсэн үг болж байна.

Монгол улсын Үндэсний статистикийн хорооны 1212.mn вэбсайтад аль ч цэсэд, иргэдийн бэлгийн болон хүйсийн чиг баримжааг тодорхойлсон судалгааны үр дүн байсангүй. 08 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний статистикийн хорооны лавлах утсаар холбогдож лавлахад ийм төрлийн судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй болохыг мэдээллээ.

Үндэсний статистикийн хорооноос хүн амын тооллогыг явуулахдаа Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн хүрээнд явуулдаг. Тус хуулийн 11 дүгээр зүйлд “Тооллогын мэдээлэлд хамаарах үзүүлэлтүүд”-ийг:

“11.1.1.хүн ам зүй, нийгмийн үзүүлэлт:
а/ овог, эцэг/эх/-ийн нэр, нэр;
б/ төрсөн он, сар, өдөр;
в/ нас, хүйс;
г/ яс үндэс;
д/ иргэний харьяалал;
е/ боловсрол, бичиг үсгийн мэдлэг;
ё/ шашин шүтлэг;

11.1.2.газар зүй, шилжих хөдөлгөөний үзүүлэлт:
а/ төрсөн газар;
б/ байнга болон тооллогын үед оршин суугаа газар;
в/ тухайн газарт оршин суугаа хугацаа;
г/ тооллогоос 5 жилийн өмнө оршин сууж байсан газар;

11.1.3.эдийн засгийн үзүүлэлт:
а/ ажил эрхлэлтийн байдал;
б/ эрхэлдэг ажил;
в/ эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагааны үндсэн чиглэл;
г/ ажилгүйдэл, түүний шалтгаан;

11.1.4.орон сууцны нөхцөлийн үзүүлэлт:
а/ сууцны төрөл, өмчлөл;
б/ өрөөний тоо, сууцны талбай;
в/ гал тогооны өрөө;
г/ усан хангамж, онгоц, шүршүүрийн өрөө;
д/ хог зайлуулалт, бие засах газар;
е/ цахилгаан, дулаан, харилцаа холбооны хангамж” гэж тусгасан байна. /Тус хуулийн заалтын 11.1.1-ийн в хэсэгт буй хүйс гэдэгт бэлгийн чиг баримжаа бус зөвхөн иргэний бүртгэлд бүртгүүлсэн хүйсийг хамруулан тоолдог болно/

2. Монголын ЛГБТ төв НҮТББ-аас тодруулсан нь

Бид 08 дугаар сарын 10-нд Монголын ЛГБТ төв НҮТББ-д хандаж, шалгаж буй мэдээлэлд тодруулга хүссэн юм. Тус байгууллагаас бидний хүсэлтэд дараах байдлаар хариуллаа.

Орчин үед “бэлгийн цөөнх” гэж нэрлэгдэх лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс (цаашид ЛГБТ хүн гэх) хүмүүс аль ч улс оронд амьдардаг. Тухайн улсын нийт хүн амын 10 гаруй хувийг лесбиян, гей, бисексуал, трансжендер хүмүүс эзэлдэг гэсэн судалгааны дүн байдаг боловч, улс тус бүрээр нь авч үзвэл энэ тоо харилцан адилгүй байдаг ажээ. (Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл, ХЭҮК, 2013)

Өөрөөр хэлбэл, тухайн улс орны хөгжил, хүмүүсийн ойлголтын түвшин, хүний эрхийн хэрэгжилт, эрх зүйн нөхцөл байдал зэргээс шалтгаалан улс орнуудын хүн амын 3% эсвэл 5%, магадгүй 10% нь бэлгийн болон хүйсийн цөөнх байна хэмээн гаргах боломжтой байна гэж ойлгож болно.

1) ОУ-ын жишиг тоогоор нийт хүн амын 10% орчим нь бэлгийн болон хүйсийн цөөнх (ЛГБТИК+) хүмүүс байх боломжтой гэж үздэг ч хүн ам зүйн хувьд улс орны хөгжил, хүний эрхийн хэрэгжилт, хүн амын тооллогын чанар зэргээс хамааран тус тоо улс орон бүрд харилцан адилгүй байдаг байна. Хүн амын тооллогодоо ЛГБТИК+ иргэдийг оролцуулан тоолдог хөгжингүй орнуудын статистикаас жишээ дурдвал: 2021 онд АНУ-ын нийт хүн амын 7.1% нь өөрсдийгөө нээлттэйгээр ЛГБТИК+ гэж илэрхийлсэн ба тус тоог насны ангиллаар хувааж үзвэл 27-32 насныхны дунд 10.5%, 20-26 насныхны дунд тус тоо 20.8% болж өссөн байна (Gallup, 2021). Залуу хүн амын дундах өсөлтийг нийгмийн сөрөг хандлага багасч, хууль эрх зүй, ЛГБТИК+ хүний эрхийн нөхцөл сайжирсантай холбоотойгоор өөрсдийгөө илүү нээлттэй илэрхийлэх боломжтой болсонтой холбон тайлбарладаг байна.

Монголын хувьд ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол хүчтэй байдгаас гадна эрх зүйн орчин дутмаг тул хүн амын тооллогод ЛГБТИК+ хүмүүсийг ялган тоолох боломжгүй ба одоогоор нарийн гаргасан хүн ам зүйн тоон судалгаа байдаггүй байна. Тэгэхээр 257,000 хүн ЛГБТ байна, 300,000 хүн ЛГБТ эсвэл бүр 50,000 хүн ЛГБТ байна гэсэн тоо гаргах боломжгүй байгаа гэж ойлгож болно.

2) Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга, Анагаах ухааны доктор Ж.Даваалхам нь 2022 онд “Монгол улсын ХДХВ-ийн халдвар илрүүлэх өөрийгөө шинжлэх болон олон нийтэд түшиглэсэн шинжилгээ, өртөлтийн өмнөх сэргийлэлтийг өргөжүүлэх чиг хандлага” хэмээх судалгааг хийж гүйцэтгэсэн байна.

Энэхүү судалгаанд “… эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн тоо хэмжээг тооцоолох судалгаа” гэх хэсэг байх бөгөөд үүнд 18-49 насны хүн амд эзлэх ЭБЭ хүмүүсийн тоо УБ хотод 4781 буюу 1.4%, Дархан хотод 0.6% буюу 216 хүн байна гэсэн тоог гаргасан байна.

Ахин хэлбэл, Монгол дахь ЛГБТИК+ хүн амын тоог хүйс, нас, болон өөр бусад нөхцөл байдлаар нь ангилан “яг таг” гаргасан судалгаа хийгдээгүй байна. Иймээс та бүхэн дунджаар авч үзсэн ОУ-ын жишиг тоог харсан даруйдаа “Монголд тэдэн ЛГБТ хүн байна” хэмээн худал тоо гаргаж, тараахгүй байхыг хүсье.

Монголын ЛГБТ төв

3. Олон улсын хэмжээнд хийсэн тооцооллоос танилцуулах нь

2021 онд Ipsos Олон улсын нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн судалгааны төвөөс ЛГБТ хүн амын тоог улс бүрээр ерөнхийлөн тооцоолох зорилготой судалгааг гүйцэтгэж байжээ. Судалгаанд 27 орны 14-өөс дээш насны 19,069 хүн цахимаар оролцсон байна. Харин Forbes сэтгүүл 2023 онд бэлгийн болон хүйсийн цөөнхөд хамгийн ээлтэй орнуудын жагсаалтыг гаргасныг Ipsos төвийн судалгаатай харьцуулан жагсаав.

Улсын нэр /Forbes сэтгүүлийн жагсаалтад эзэлсэн байраар жагсаав/Ipsos төвийн судалгаанд оролцогчдын өөрийгөө ЛГБТ гэж тодорхойлсон бүлгийн судалгаанд оролцогчдын дунд эзлэх хувь
1. Канад13%
2. Швед12%
3. Нидерланд12%
4. МальтаСудалгааны олонлогт багтаагүй
5. НорвегиСудалгааны олонлогт багтаагүй
6. ПортугалСудалгааны олонлогт багтаагүй
7. Испани10%
8. ДаниСудалгааны олонлогт багтаагүй
9. Бельги16%
10. Их Британи15%
11. Франц13%
12. ИсландСудалгааны олонлогт багтаагүй
13. ШвейцарСудалгааны олонлогт багтаагүй
14. ИрландСудалгааны олонлогт багтаагүй
15. ЛюксембургСудалгааны олонлогт багтаагүй
16. Өмнөд Африк10%
17. Герман11%
18. Чили13%
19. УругвайСудалгааны олонлогт багтаагүй
20. АвстриСудалгааны олонлогт багтаагүй
Дээр дурдсан хувь, хэмжээ нь албан ёсны тооллогын үр дүнд бус, зөвхөн судалгааны олонлогоос л илрүүлсэн дүн гэдгийг анхаарна уу.

Ipsos төвийн судалгаагаар ЛГБТ хүн амын тоо харьцангуй өндөр гарсан нь тус судалгааг хот суурин газар амьдардаг, боловсролын зэрэг өндөр, бэлгийн болон хүйсийн цөөнхийг хүлээн зөвшөөрөх магадлал өндөр хэсгээс авсан тул ийм дүн гарсан байх магадлалтай. Хэдийгээр Gallup агентлагийн судалгаагаар АНУ-д ЛГБТ иргэдийн тоог 7.1% гэж тооцоолсон байх ч Ipsos төвийн үр дүн 13% гэж гаргасан нь хоёр дахин зөрүүтэй байх жишээтэй. Харин Statista платформын 2023 онд 22,514 хүнийг хамруулсан нээлттэй судалгаагаар олон улсын хэмжээнд ЛГБТ хүн амын тоог 3% гэж тооцоолжээ. Судалгааны байгууллагуудын тоо ч ийм зөрүүтэй байгааг харахад ЛГБТ иргэдийн тоог таамаглах, хүн ам зүйн ерөнхий тооцоолол гаргаж л болохоос биш шууд нарийн тоо гаргах боломж хомс гэдэг нь харагдаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document