Search

Цахим мэдээлэлд хариу бичиж, мэдээллээ өгснөөр их хэмжээний бэлэн мөнгө хожих боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #641

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цаашид ижил төстэй мэдээллийг бие даан шалгах боломжтой байдлаар баримт шалгасан үйл явцыг тайлбарлан орууллаа

Баримт шалгалтын үр дүн

“Үнэгүй зүйл хавханд л байдаг” учраас сонирхож байгаагаа илэрхийлсний төлөө залиланд өртөх, цахим хаягаа алдах эрсдэлтэй юм.

Ижил агуулга, өндөр хандалттай 4 мэдээлэлд сэрэмжлүүлэх зорилгоор баримт шалгалт хийлээ. 

  1. 2023 оны 7-р сарын 31-ний 7 цагт Bello Hadiyath Adefounke  (Bello Hadiyath Adéfounké)  гэх хэрэглэгчээс  E баримт НӨАТ-н буцаалтын баримт, сугалаа группт “Ганцаараа За гэж хэлээд 10 саяыг ав. Зөвхөн эхний 100 хүн энэ урамшууллыг авах болно. Надад хувийн мессеж үлдээгээрэй ✍️📩📩”  гэсэн мэдээлэл оруулсан нь 10 өдрийн дараах байдлаар 272 лайк, 1.5 мянган сэтгэгдэл авч, 11 хэрэглэгч цааш түгээжээ.    
  2. Мөн группт   Банк, санхүү гэх хэрэглэгчээс  

“Сайн уу, Зүгээр л сайн байна уу гэж бичээд 50 сая ба түүнээс дээш төгрөгийн эргэн төлөгдөхгүй санхүүжилтийг одоо аваарай” гэх мэдээлэл   8-р сарын 4-нд оруулсан нь 7 хоногийн дараах байдлаар 62 лайк, 210 сэтгэгдэл авч, 1 удаа түгээгджээ.    

  1.  Tömörbaatar Munkhtsetseg  гэх хаягаас “Бэлэн” гэж хэлээд буцалтгүй 7 саяыг банкаараа аваарай” гэсэн мэдээлэл 8-р сарын 7-нд оруулсан нь 4 хоногийн дараа 44 лайк, 117 сэтгэгдэл авсан байна.  
  2. 2023 оны 8-р сарын 11-нд Damien Agossougo гэх хаягаас “Хэрэв танд үнэхээр санхүүжилт хэрэгтэй байгаа бол итгэлцэлгүйгээр бидний хооронд ямар ч хэлцэл байхгүй тул надад бага зэрэг итгэж туслаарай. Би танд туслахаар үнэхээр ирсэн. Чаддаг бол намайг сонсоод жаахан ч гэсэн итгэ” гэсэн агуулга бүхий пост нийтэлсэн байна.   

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Монголын баримт шалгах төв дээрхтэй ижил агуулгатай мэдээлүүдийг олон удаа шалгаж амар хялбар аргаар мөнгө олох хүслийг ашиглан санхүүгийн залилан луйвар хийх эрсдэл түгээмэл байдгийг  сэрэмжлүүлсээр буй ч сошиалд ийм төрлийн мэдээллүүд ойр давтамжтай цацагдсаар байгааг дахин анхааруулъя. “Үнэгүй зүйл хавханд л байдаг” учраас сонирхож байгаагаа илэрхийлсний төлөө залиланд өртөх, цахим хаягаа алдах эрсдэлтэй юм.     

Энэхүү мэдээллийг Фэйсбүүк дээр яг ижил агуулгаар хайж үзэхэд Нүдний шил харааны шил зүүдэг хүмүүсийн групп-т Ажилд авна, Монголын хамгийн том ажлын зарын грүүп, Ebarimt.mn зөвлөгөө, Монгол дээл монгол үндэсний бахархал нээлттэй группүүдэд өөр өөр хэрэглэгчийн хаягаар оруулсан байв.   

Та бүхэн цаашид ижил төстэй мэдээллийг бие даан шалгах боломжтой байдлаар баримт шалгасан үйл явцыг тайлбарлан орууллаа. 

Хаяг шалгах

Bellо Hadiyath Adefounke гэх хэрэглэгч нүүр зураг хэсэгтээ хижээл насны гадаад эмэгтэйн, хавтас дээрээ мөнгө барьсан хүний зураг оруулсан. Танилцуулга хэсгээ бөглөөгүй байв. 

Өөр рүү нь чат илгээвэл их хэмжээний мөнгө өгнө гэсэн агуулгатай пост оруулдаг. Ингэхдээ ОУВС, Дэлхийн банк, АНУ-ын Засгийн газрын нэр ашиглан бичиж төсөл хөтөлбөрт богино хугацаанд хамрагдахын тулд өөр рүү нь чат бичихийг шавдуулдаг.

 Уг хэрэглэгч 2022 оны 9-р сарын 5-наас эхлэн  E баримт НӨАТ-н буцаалтын баримт, сугалаа группт ийм агуулгатай зар оруулж эхэлсэн. 

2023 оны 8-р сар хүртэлх хугацаанд 30-аад пост оруулсан нь өөр рүүгээ холбогдохыг л санал болгожээ. Өөрийгөө бодит хүн гэж итгүүлэх зорилгоор гадаад хүмүүсийн энэ мэт зураг ойр давтамжтай оруулдаг.  

Банк, Санхүү гэх хэрэглэгч нүүр зураг дээрээ Германы канцлер асан Ангела Меркелийн зураг, хавтас дээрээ төгрөгийн зураг оруулсан. Танилцуулга хэсгээ бөглөөгүй. Үүнээс өөр нээлттэй пост оруулаагүй байна. Энэхүү хаяг 2023 оны 8-р сарын 3-нд шинээр үүсгэгдсэн бөгөөд мөн тэр өдрөө энэхүү группт гишүүнээр элсэж, зарыг оруулсан байна.     

Tömörbaatar Munkhtsetseg гэх хэрэглэгч профайл дээрээ Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагийн ярилцлага дээр нийтлэгдсэн зургийг скрийншот хийж тавьсан.  Хавтас дээрээ бодит хэрэглэгч гэж итгүүлэхийн тулд олон нийтийн арга хэмжээний үеийн зураг оруулсан. Тодорхой албан тушаал бүхий бодит хүний зургийг ашиглан, өөр нэрээр оруулсан нь энэхүү хаягийг ажиллуулж байгаа хүн нь залилан мэхлэх сэдэлтэй, зан төлөвтэй гэж үзэх нэг үндэслэл болох боломжтой. 

Хувь чат бичвэл их хэмжээний мөнгө өгнө гэсэн утгатай постууд оруулахдаа хүмүүсийн зураг ашигладаг. Танилцуулга хэсгээ бөглөөгүй. 2023 оны 7-р сарын 29-нд анхны постоо оруулж, мөн тэр өдрөө дээрх группт элсэж орсон байна.  

Damien Agossougo гэх хэрэглэгчийн аккаунтыг шалгаж үзэхэд профайл зураг дээрээ Хаан банкны Хүний нөөцийн албаны захирал Ш.Ганбямбын 2022 онд хэвлэлд өгсөн ярилцлагын зургийг оруулсан байна. Энэ хаяг 8-р сарын 2-нд дээрх зарын группт гишүүнээр элсэж, нийт 2 пост оруулсан нь хоёулаа ижил агуулгатай байна.     

Логик буюу учир шалтгааныг тооцох

Эдгээр мэдээллийг харьцуулан үзэхэд хувь чатаар зүгээр л “За”, эсвэл “Сайн байна уу”, “Бэлэн” гэж бичээд их хэмжээний мөнгө өгнө гэж амлажээ. Ямар ч нөхцөлгүй, барьцаа эд хөрөнгө шаардаагүй, холбогдох утасны дугаар, хаяг байршилгүй хэдхэн секундын дотор мөнгөтэй болно гэсэн агуулгатай мэдээлэлд итгэх хүн ховор ч аз турших, саваагүйтэх зорилгоор чат бичдэг хүмүүс цөөнгүй байгааг хандалтаас харж болохоор байна. 

Мөн уг мэдээлэлд ашигласан зурагнуудыг хайж үзэхэд хүмүүсийг итгүүлэх үүднээс банкуудын лого, орлогын баримт зэргийг эвлүүлэн тодорхой бус хэрэглэгчээс ирсэн мессеж скрийншот хэлбэрээр оруулж байгаа нь ажиглагдсан юм.    

Damien Agossougo-ийн постны хувьд өөрт нь итгэж болох хүн гэдгээ батлахыг шаардсан агуулгатай байгаа. Бидний өмнө шалгасан агуулгуудад итгэж болох хүн гэдгээ батлан харуулж их мөнгөний эзэн болохын тулд бага хэмжээний төсөв байршуулахыг шаардаж, хохирогч болсон тохиолдлуудыг мэдээлж байсан билээ. 

Түүний сүүлийн постод руу ороход Бэлэн мөнгө болон ХААН банкны Хаянхярваа Дэлгэрмаа хэмээх данс эзэмшигчийн  дансны зургийг нийтэлсэн байв.  

Уг мэдээллийг нягтлах үүднээс ХААН банкны хэвлэлийн ажилтантай холбогдоход “Сүүлийн үед цахимаар ХААН банкны лого эсвэл хакердаж авсан дансны мэдээллээ сошиалд оруулж, мөнгө нэхэмжлэх, орлого нэмэгдсэн утгатай мессеж оруулах хуурамч мэдээлэл их цацагдаж байна.  Эдгээр мэдээллийг оруулсан хэрэглэгчид ихэвчлэн гадаад нэрээр хаягаа нээдэг, хувь чат илгээхийг уриалж их мөнгө амладаг. Албан тушаалтнуудын зургийг ашиглах зэрэг нарийн арга хэрэглэж байна. Хуурамч мэдээллээс болгоомжлох биш, харин тэдгээр мэдээлэлд итгэж хариу бичих, залилуулах хүмүүс их байгаа нь харамсалтай. Цахим хэрэглэгчид мэдээлэлд маш хянамгай хандах хэрэгтэй байгаа юм” гэлээ. 

ЦЕГ-аас энэ төрлийн постод хохирогч болсон хүмүүс байгаа эсэхийг тодруулахад “Залилах гэмт хэргийн 80 хувийг цахим залилан эзэлж байна. Хүмүүс бага хэмжээний мөнгө алдвал цагдаад бүртгүүлдэггүй байдал ажиглагдаж байна. Харин их хэмжээний мөнгө алдах, дансаа хакердуулах зэрэг тохиолдолд цагдаад ханддаг. Монгол Улсын хэмжээнд хамгийн олон хэрэглэгчтэй гэдэг үүднээсээ ч ХААН банкны нэрийг барьж залилан хийх нь түгээмэл.  Гадаад хүний нэрээр хаяг нээх, эсвэл гадаадын хууль бус байгууллага Монгол иргэдийг залилах  давалгаа бий болж, хохирогчид олширч байгааг энэ ташрамд зориуд анхааруулъя. Тиймээс цахим хэрэглэгч бүр залилангаас сэрэмжлэх, хувь мэдээллүүдээ хамгаалах, эх сурвалжуудаа нягталж сурах нь туйлын чухал байна” гэсэн юм.  

Их хэмжээний мөнгө амласан мэдээллүүдэд хариу бичихээсээ өмнө баттай эх сурвалжуудыг хэрэглэн шалгаж сурцгаая! 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document