Нигер улсад болсон төрийн эргэлтийн дараа тус улсын сангийн сайд мэдэгдэл хийх үеэрээ уйлж буй бичлэг гэх мэдээлэл түгэн өндөр хандалт авсан байна (энд, энд бас энд). Бичлэгт хөх цамц, ногоон ороолттой хүн уйлж ороолтоороо нулимсаа арчиж буй хэсэг гарах ба “Нигерт цэргийнхэн төрийн эргэлт хийж Ерөнхийлөгч Мохамэд Базумыг эрх мэдлээс нь зайлуулж, хилээ хааж, хөл хорио тогтоосон. Өнөөдөр тус улсын Сангийн сайд асанд олон зуун сая доллар шамшигдуулсан шалтгаанаа тайлбарлах 48 цагийн хугацаа өгчээ. Тайлбарлаж чадахгүй бол буудна.” хэмээн постод тайлбарласан байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Бид бичлэгийн хэсгийг Google хайлтын системд хайн тус бичлэг нь 2021 онд нийтлэгдэж байсныг тогтоосон. Уйлж байсан хүн нь Нигерийн хууль зүйн яамны сайд асан Мару Амаду 2021 оны 12 сард ажлаасаа халагдсанаас хойш хийсэн хурлын үеэрх бичлэг аж. Энэ талаарх ижил агуулгатай хуурамч мэдээллийг AFP Fact Check, The Observers, Dubawa зэрэг баримт шалгах байгууллагууд хуурамч болохыг нь онцлон мэдээлж байсан байна.

Тодруулбал, AFP Fact Check баримт шалгах байгууллага Мару Амаду дээр бичлэгт гарсан ижил хөх цамц, ногоон ороолт, малгай өмссөн 2021 оны 12 дугаар сарын 28-нд нийтлэгдсэн бичлэгийг олж мэдээлсэн ба үүнд нэгэн судалгааны байгууллагын нээлтэд оролцох үеэрээ түүнийг хууль зүйн яамны сайдын албан тушаалд томилсон ерөнхийлөгч асан Иссуфу Махамадуд талархан нулимс дуслуулсан гэж тайлбарласан байна.
Мару Амаду сайдын ажлаасаа халагдсаны дараа Этиопид элчин сайдаар томилогдохын зэрэгцээ Африкийн Холбоо, Африкийн Эдийн засгийн Комисс зэрэг байгууллагад Нигерийг төлөөлөх ажилд томилогдсон болохыг Нигерийн ActuNiger вэб сайт мэдээлсэн байна.
07 дугаар сарын 26-нд Нигерт болсон цэргийн эргэлтийг Нигерийн Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга Абдурахман Тчиани удирдсан тухай Reuters мэдээлж байсан. Цэргийнхэн ерөнхийлөгч Мохамэд Базумыг хорьж өнгөрсөн сарын 28-нд цэргийн дэглэм тогтоосноо зарлан түүний засгийн газрыг огцруулжээ.
Харин Базумын толгойлж байсан засгийн газарт 2021 оны 04 дүгээр сарын 07-ноос хойш төрийн эргэлт болох хүртэл сангийн сайдаар ажиллаж байсан хүн нь дээр дурдсан Амаду биш Ахмат Жидуд болохыг Нигерийн сангийн яамны албан вэб сайтаас харж болохоор байна.
Цэргийн эргэлт болох хүртэл түүнийг ямар нэг авлигын хэрэгт холбогдуулсан мэдээлэл гараагүй болохыг The Observers мэдээлсэн ба 2021 онд болсон үйл явдлыг энэ оны 07 дугаар сард Нигерт болсон цэргийн эргэлтийн дараах үйл явдал мэтээр төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна.

Цэргийн эргэлт болох хүртэл түүнийг ямар нэг авлигын хэрэгт холбогдуулсан мэдээлэл гараагүй болохыг The Observers мэдээлсэн ба 2021 онд болсон үйл явдлыг энэ оны 07 дугаар сард Нигерт болсон цэргийн эргэлтийн дараах үйл явдал мэтээр төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна.