Увс аймгийн Бөөрөг дэл хэмээх газар газрын тос ундарч буй гэх бичлэг фэйсбүүкт түгэн өндөр хандалт аваад байна (энд бас энд). Бичлэгт элсэн цөлд хоёр хэсэг газар газрын тос хөөсрөн ундарч байгаагаар гарах ба хаана ийм үзэгдэл болсон талаар аман тайлбаргүй зөвхөн тодорхойгүй уянгалсан аялгуу дуу оруулж эвлүүлжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Бид бичлэгийн хэсгүүдийг Google хайлтын системд зургаар хайхад тус бичлэгийг Ливи, Саудын Арабт хийсэн тухай бичлэгүүдийн илэрц гарч ирж байсан. Энэ тодорхойгүй байдлаас бид тус бичлэгийн анхны эх сурвалж байж болох буюу хамгийн түрүүнд нийтлэгдсэн постыг олсон. Тодруулбал, 2023 оны 08 дугаар сарын 01-нд Тиктокд @userycbrdq1oyl гэх хаягтай хэрэглэгч бидний шалгасан бичлэгтэй ижил бичлэгийг оруулсан ба бичлэгт араб хэлээр ярьж буй нь сонсогдоно. Мөн бичлэгийн тайлбарт Аубари, Өмнөд Ливи (اوباري_ليبيا_الجنوب_الليبي) болон Акакус, Өмнөд Ливи (اكاكوس_جنوب_الليبي،) гэж арабаар бичсэн хаштаг тайлбартай нийтэлжээ. Энэ бичлэг нь 08 дугаар сарын 11-ний байдлаар 5.1 сая орчим үзэлт хандалттай байна.

Дээрх хаяг дахь бусад бичлэгүүдийг үзвэл газрын тос олборлохтой холбоотой голдуу цөл газар явж байгаа бичлэгүүд байгаа ба 04 дүгээр сарын 08-нд бидний шалгасан бичлэгтэй төстэй газрын тос ундарч байгаа бичлэгийг нийтэлсэн байна. Цааш газрын тос ундарч буй бичлэг хаана хийгдсэн байж болохыг тодруулахаар тус хаягийн бусад бичлэгүүдийг судалж үзэхэд 06 дугаар 29-нд нийтлэгдсэн цөлийн баян бүрдийн хажууд хийсэн бичлэгээс хаана хийгдсэн болохыг нь тодорхойлсон.
Тус Тиктокын хэрэглэгч нь Ливийн Аубари гэх суурингийн ойролцоох Габерун гэх нуурын дэргэд бичлэг хийснийг түүний бичлэгт гарсан гэр сууцууд болон нуур, мод зэрэг газрын тогтоцыг ажиглан тогтоосон. Доорх зургийн зүүн хэсэгт дээрх хаягийн бичлэгийн хэсгийг Google Maps дахь Габерун нуурын зурагтай харьцуулан ижил гэр сууцуудыг ногоон дөрвөлжинд тодруулсныг харж болохоор байна.

Түүнчлэн түүний өөр нэгэн бичлэгээс Ливийн дугаартай машин бичигдсэн байгааг нь харж болно.
Ливи улсад Гадамес, Сирте, Куфра, Мурзук гэсэн дөрвөн том газрын тосны сав газрууд байдгаас дээрх газрын тос ундарч байсан газар нь Ливийн баруун өмнөд хэсэгт орших Мурзукийн цөлд буюу Аубари суурингийн ойролцоох Шарара талбайд байхаар байна. Шарара талбайд “Akakus” хэмээх Ливийн төрийн Үндэсний Газрын Тосны Корпораци болон европын Repsol, Total, OMV, Equinor зэрэг компаниудын хамтарсан компани үйл ажиллагаа явуулдаг ба Шарара талбай нь Ливийн газрын тосны хамгийн том талбайнуудын нэг юм.
Хэдийгээр Увс аймгийн Зүүнговь сумын нутагт оршдог Бөөрөг дэл нь элсэрхэг газар мөн боловч шалгасан бичлэгт гарч байгаачлан газрын тос ундарч гарсан гэх мэдээлэл нь худал юм.