2023 оны 7-р сарын 10-ны 18 цагт Enhlen Batjargal гэх хэрэглэгчээс “Халамж ба хүүхдийн мөнгө” группт “Мөнгө хэрэгтэй байгаа хэд маань анхаараарай.‼️‼️ Халамж хүүхдийн мөнгө барьцаалж зээл авдаг апп гарсан байна.Ердөө 30 минутанд 100К аас 5 сая хооронд зээл авчихдаг юм байна. Чат чат чатаар үнэ төлбөргүй мэдээлэл өгье. ( Үнэ төлбөргүй гэж байхад луйвар гээд тэнэгтээд байцгаав даа!)” гэх мэдээлийг оруулжээ.
Мөн энэ мэдээллийг Ажлын зар, цагийн ажил нээлттэй группт 7-р сарын 21-нд оруулсан байна.
Монголын баримт шалгах төв ийм агуулгатай мэдээллүүдийг өмнө нь шалгаж байсан бөгөөд “Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг барьцаалсан зээл” гэх бүтээгдэхүүн одоогоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд байхгүй” гэдгийг дахин сануулья.
Олны анхаарал татахуйц, яаруулж шавдуулсан байдлаар эхэлсэн энэхүү зар олон хэрэглэгч бүхий группүүдэд ойр давтамжтай орж байна. Хэдийгээр олон реакц, шэйр авахгүй ч зарын доор сонирхож байгаагаа илэрхийлсэн сэтгэгдэл үлдээхэд ямар апликейшн хэрхэн хэрэглэхийг зааж өгөхөд барьцаа мөнгө шаарддаг. Барьцаа төлбөрийг шилжүүлсэн үед тухайн хэрэглэгчийг блоклохоос гадна, ямар нэг тохиргоо санал болгон хувийн хаягт нь халдах эрсдэл ч үүсдэг байна.
Энэхүү мэдээллийг шалгах явцад яг ийм агуулгатай зар нийтэлсэн 5 өөр хэрэглэгч бүртгэгдсэн юм. Тодруулбал,
- Ider Idermaa гэх хаягаас 1-р сарын 21-нд (Халамж ба хүүхдийн мөнгө)
- Б. Гантигмаа гэх хаягаас 3-р сарын 24-нд (Халамж ба хүүхдийн мөнгө)
- Bujin Bujin гэх хаягаас 6-р сарын 9-нд (Бүх төрлийн зар, хамгийн том зарын групп)
- Maralmaa Sergelen гэх хаягаас 7-р сарын 17-нд (Бүх төрлийн зар, хамгийн том зарын групп)
- Т.Нямсүрэн гэх хаягаас 7-р сарын 26-нд (Ажлын зар, цагийн ажил) тус тус оруулсан байв.
Хаягийг шалгах:
Enhlen Batjargal хавтас зураг дээрээ хүүхдийн өрөөний, профайл дээрээ хүүхэд дээш өргөсөн эрэгтэйн зураг тавьсан. Уриа үгэн дээрээ Гурван адтай, одтой хүүгийн ээж, Дархан бэр, гэр гийгүүлэгч гэж бичжээ. Говьсүмбэр аймгийн Чойрт амьдардаг гэж амьдардаг газраа бөглөсөн. Түүний нийтэлсэн постуудыг харахад 80 хувь нь бусдын постыг хуваалцсан байв. Хамгийн сүүлд 2022 оны 11-р сарын 10-нд Аз жаргал минь гэр бүл гэсэн утгатай пост оруулжээ.
Хуурамч мэдээлэл түгээгчид өөрсдийгөө бодит хүн шиг сэтгэгдэл төрүүлэх, сошиалд идэвхтэй байдаг гэдэгтээ итгүүлэх зорилгоор скрийншот хийсэн зургууд, тоглоомууд, бусдын хэлсэн үгнээс эшлэн нийтэлдэг. Мөн түүнийг дагагчид болон найзууд нь нээлттэй тохиргоотой байдаг.
Логик буюу агуулгаар хайх:
Халамж, хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгодог апликейшн Монгол Улсын санхүүгийн салбарт байдаггүй. Хүүхдийн мөнгө нь Төрөөс хүн амаа дэмжиж буй бодлогын нэг бөгөөд Монгол Улсын Нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ гэсэн хэсэгт багтдаг. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн мөнгөнөөс гадна өөр олон халамжийн хэлбэр байдаг бөгөөд бидний шалгаж буй мэдээлэлд халамжийг хавтгайд нь Хүүхдийн мөнгөтэй хольсон учир зүйн алдаа ажиглагдаж байна.
2022 оны 11 сарын 11-ний өдөр “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралт “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам” баталсан.
Журмын,
- 1.4-д хүүхдийн мөнгийг банкны дансаар дамжуулан олгохоор,
- 3.1, 3.2, 3.3-д хүүхдийн мөнгийн тодорхой хувийг банканд хадгаламж хэлбэрээр хуримтлуулахаар,
- 5.2-д хүүхдийн мөнгийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй гэсэн тусгайлсан зохицуулалт бий.
Энэхүү тогтоолд хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, олгоход холбогдох харилцааг шууд хориглосон заалт байхгүй байна.
Нэгэнт хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр банканд хадгалж байгаа тул тухайн хадгаламжийг барьцаалж зээл олгох эсэх асуудлыг банк өөрийн эрх хэмжээ, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх боломжтой.
Арилжааны банкуудын цахим хуудсуудыг шүүж үзэхэд “Хүүхдийн мөнгө барьцаалсан зээл” гэж тухайлсан төрөл байдаггүй юм. Харин хүүхдийн мөнгөө хуримтлуулдаг хадгаламж нээсэн хэрэглэгч “Хадгаламж барьцаалсан зээл” авах эрх нь нээлттэй байна. Энэ нь зөвхөн арилжааны банканд хүүхдийн мөнгийг хадгаламж нээж хуримтлуулдаг хүмүүст олгодог Хадгаламж барьцаалсан зээлийн тухай гэдгийг сайтар анхаараарай.
Зээлийн хүү, барьцаа хөрөнгө, нотлох баримт шаардалгүй чатаар ОК гэж бичээд л 30 минутын дотор мөнгөтэй болчихно гэх эндүүрэл өнөө хэр нь байгаа учраас ийм агуулгатай мэдээллүүд ойр давтамжтай гарч, сошиал хэрэглэгчид залилуулах эрсдэл байгаа тул хариу бичихээсээ өмнө баттай эх сурвалжууд хэрэглэн мэдээллийг шалгаж сурцгаая.