“Арабис буюу рапс бол биологийн зэвсэг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #634

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АРАБИС буюу РАПС бол БИОЛОГИЙН ЗЭВСЭГ!!! Хятадууд манай Монголын эрүүл нутагт хүний эрүүл мэндэд маш хортой, мөн хамгийн их хөрс сүйрүүлдэг ургамал болох рапсыг тариад олон жил болж, олон зуун км нутаг сүйрүүлж бна. Тэдэнд эрхийг хэн өгөөд бна бэ?” гэх тайлбар бүхий постыг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Рапсыг олон зуун км газарт тарьдаг гэх мэдээлэл нь үнэн, эрүүл мэндэд нөлөөлөх талаар сайн, муу янз бүрийн дүгнэлттэй судалгаанууд гарсаар байгаа ба урт хугацааны судалгаа шаардлагатай гэжээ. Харин Монголд хятадаас рапсын тос оруулж ирдэггүй байна.

ЗАЛРУУЛГА:

  • Өмнөх баримт шалгалтад оруулаагүй дутуу байсан “Ийм рапсаас гаргасан ургамлын тосыг хятадууд зарж бна” гэх агуулгад гаалийн цахим системээс шүүж үзээд, “БНХАУ-аас распын тос авдаггүй” болохыг нэмж оруулсан болно.
  • Залруулгаар нэмэлт мэдээлэл оруулсан болохоос биш баримт шалгалтын үнэлгээ өөрчлөгдөөгүй. Тиймээс appeal буюу заргыг хэрэгсэхгүй болгосон байна.

“Сүлдээгийн Дэлгүүр” нэртэй фэйсбүүк хуудсаас 07 сарын 22-нд “АРАБИС буюу РАПС бол БИОЛОГИЙН ЗЭВСЭГ!!! Хятадууд манай Монголын эрүүл нутагт хүний эрүүл мэндэд маш хортой, мөн хамгийн их хөрс сүйрүүлдэг ургамал болох рапсыг тариад олон жил болж, олон зуун км нутаг сүйрүүлж бна. Тэдэнд эрхийг хэн өгөөд бна бэ?” гэх тайлбар бүхий постыг оруулжээ. Энэхүү пост нь 07 сарын 27-ны байдлаар, 3200 гаруй реакц, 646 сэтгэгдэл авч, 9300 гаруй удаа цааш түгээгдээд байна.

Уг постод “Рапс бол генийн өөрчлөлтөнд оруулсан ургамал бөгөөд маш хортой. Ийм рапсаас гаргасан ургамлын тосыг хятадууд зарж бна. Идсэн хүний эд эсэнд мутаци (хувирал) үүсч, хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэг. Эд эсийг гэмтээж, дархлааг сулруулдаг. Харшлын эсийг үүсгэж, үргүй болгох аюултай! Хүний эд эс ийм тосыг удаан хэрэглэвэл эс доторх ген хүртэл хувирах боломжтой. Хөрсөнд бгаа үржил шимийг ховх сорж авч ургахдаа хор ялгаруулдаг бна. Рапсыг хураасны дараа малчид малаа оруулж болохгүй!!! Генийн өөрчлөлтөнд оруулсан ургамал идсэн малын эс хувирч, элэг, цул эрхтэнүүд хордож, элдэв өвчин тусна. Ийм малын мах идэж, сүүг уусан хүн хордож, мөн хавдар үүсгэх эс бий болж бдаг. Рапс тарьж, тэд баяжаад манайхыг үл мэдэгдэх замаар устгаад бна. ЭНЭ БОЛ Эрүүл мэнд, амь настай чинь холбоотой асуудал шүү. ТЭМЦ, ТЭМЦЭЦГЭЭЕ” гэжээ. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав

Арабис болон рапс нь хоёр өөр ургамал

Шалгаж буй мэдээлэлд Арабис буюу Рапс гэж бичсэн нь рапсыг арабис гэж нэрлэдэг мэт ойлголтыг төрүүлж байна. Харин Арабис буюу роккресс гэдэг нь цэцэгт ургамлын нэгэн төрөл бөгөөд рапсаас өөр, тусдаа ургамлын зүйл юм. Энэ төрлийн ургамал нь 10-80 см хүртэл өндөр ургадаг, ихэвчлэн өтгөн үстэй, таримал ургамлууд байх бөгөөд 1-6 см урт навчтай, 4 дэлбээтэй, жижиг цагаан цэцэг байдаг байна. 

Мэдээлэл түгээхдээ нэршлээсээ эхлэн буруу зөрүү нэрлэж байгаа нь уг мэдээллийн талаар хэр зэрэг мэдлэгтэй хүн түгээснийг илтгэх ба эргэлзэх нэг шалтгаан юм.

Монгол орны газар тариалангийн 19.8 хувийг рапс тариалалт эзэлж байна

“Хятадууд манай Монголын эрүүл нутагт хүний эрүүл мэндэд маш хортой, мөн хамгийн их хөрс сүйрүүлдэг ургамал болох рапсыг тариад олон жил болж, олон зуун км нутгийг сүйрүүлж байна” гэх мэдээлэлд тодорхой тоо хэмжээ, газар нутгийг заагаагүй байна. 

Үндэсний Статистикийн Хорооны статистик мэдээлэлд дурдсанаар, 2022 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 621,622.14 га талбайд газар тариалан явагдсан ба үүний 122,998.3 га /1229.9 кмКв/ талбайд буюу 19.8 хувьд рапсыг тарьсан байна. 

Тэгэхээр 1,230 шоо дөрвөлжин км газарт рапс тариалсныг “олон зуун км нутаг” гэж тодорхойлох боломжтой ба харин “сүйрүүлж байна” гэх мэдээлэлд ХААИС-ийн багш, шинжлэх ухааны доктор, профессор О.Мөнхжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 10-нд  ХААИС-ийн вэбсайтад байршуулсан ярилцлагаас дараах мэдээллийг авлаа. 

“Рапс нь хөрсний үржил шимийг бууруулдаггүй. Газар тариалангийн бүс нутгийн экологид сөрөг нөлөө үзүүлдэггүйг онцолъё. Рапсыг нэг га талбайд 10-12 кг үрээр тарьж, нэг тонн орчим ургац авдаг… Үүнээс гадна рапс нь буудайн талбайн гол сэлгээ болдог. Хүчтэй, хэмжээ томтой үндэстэй учраас хөрсний шимийг тэр хэрээрээ авдаг ч хөрсөнд ногоон масс их үлдээн, тухайн талбайд хогийн ургамал ургахгүй байх нөхцөл бүрдүүлдэг. Бид 60 орчим жилийн турш нэг жил буудай, дараа жил нь уринш гэсэн технологиор үр тариагаа тарьсаар ирсэн. Тэгвэл завсарт нь рапсыг сэлгэснээр нэгж талбайгаас авах ургацын хэмжээг 30 орчим хувиар өсгөсөн тооцоо бий… Харин рапсыг 2-3 жил өнжөөлгүйгээр жил бүр тариалаад байж болохгүй. Түүнчлэн рапсыг заавал чийглэг, дулаахан Дорнодод тарих албагүй, газар тариалангийн голлох бүс Төв, Сэлэнгийн нутагт тарьж болно, тэгж ч байгаа” гэсэн байна.  

  • Харин түүний энэхүү дүгнэлтийг батлах судалгааны ажлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн бүтээлээ нийтлүүлдэг цахим архивуудаас хайхад илэрцгүй ба дотоодын мэргэжлийн байгууллагуудын нээлттэй цахим архивт одоогоор байхгүй байна. 

“Рапс нь генийн өөрчлөлтөд оруулсан ургамал бөгөөд маш хортой” гэх мэдээлэл батлагдаагүй

Рапсын тосыг: 

  • Үйлдвэрлэлийн 
  • Хүнсний гэсэн үндсэн 2 төрлөөр ялган авч үздэг.  

Хүнсэнд зориулсан рапсын тос буюу канола нь эрүүл өөх тос ихтэй бөгөөд хэрэглэхэд аюулгүй гэдгээрээ үйлдвэрлэлийн рапс тосноос ялгардаг байна. 

Тодруулбал, канола нь 2% ба түүнээс бага хэмжээний эрукийн хүчлийг агуулсан байх ёстой төдийгүй ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран баталсан “Олон улсын хоол хүнсний стандарт”-д заасан ургамлын тосонд тавигдах ерөнхий стандартыг хангасан байх ёстой байдаг аж.

Эдгээр шаардлагыг хангаагүй бол “рапсын тос” гэсэн шошготойгоор гардаг байна. Рапсын тосыг аж үйлдвэрт ашиглахдаа ихэвчлэн автомашины болон химийн үйлдвэрүүдэд ашигладаг аж.

  • Олон улсад хийгдсэн судалгаа, тайлангуудаас харвал, дэлгүүрт худалдаалагддаг канола буюу хүнсний зориулалттай рапсын тос нь эрүүл өөх тос (ханаагүй тос) ихтэй бөгөөд хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй болох нь одоогоор тогтоогдоод байгаа ч, өндөр аргаар боловсруулсан, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хэрэглэх тухайд цаашид илүү дэлгэрэнгүй судалгаа, шинжилгээ шаардлагатай байна гэжээ. 

Анх хүнсэнд зориулсан рапсын тосыг уламжлалт эрлийзжүүлгийн аргаар гарган авдаг байжээ. Харин, АНУ-ын хувьд, рапсын ихэнх сортуудад генийн өөрчлөлт хийж, хортон шавьжид тэсвэртэй болгож ургуулах болсон байна. Ийм маягаар гарган авсан бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй организм буюу (GMO) гэж ангилдаг. 

АНУ-ын хүнсний дэлгүүрт зарагддаг ихэнх канола тос нь генийн өөрчлөлттэй байдаг байна. Тариаланчид рапсын ургамлыг хортон шавжид илүү тэсвэртэй болгохын тулд генийг нь өөрчилснөөр, үр дүнд нь илүү их ургац авч, хог хаягдал багатай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон байна. 

Генийн өөрчлөлттэй хоол хүнсний хувьд, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ялангуяа харшил болон антибиотикт тэсвэртэй байдал, хорт хавдар үүсгэх шинж чанар бий эсэх зэрэг олон асуудал байдаг. Нөгөө талаар, генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэх нь аюулгүй бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх судалгаанууд ч байдаг аж. 

Энэ төрлийн хүнсийг харьцангуй шинэ технологиор бүтээдэг тул илүү урт хугацааны судалгаа (мөн энд )хийх шаардлагатай гэжээ. 

Түүнчлэн, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс татгалздаг бол органик гэж баталгаажсан эсвэл “генийн өөрчлөлтгүй буюу Non-GMO/ GMO free” гэсэн шошготой тосыг худалдаж авахыг зөвлөсөн байна. Хүнсний үйлдвэрт хэрэглэдэг ихэнх тосыг өндөр боловсруулалтын дүнд гарган авдаг бөгөөд рапсын тос ч мөн үүнд хамаарах юм. Өндөр боловсруулалт нь  бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг бууруулдаг учир, үүнийг дагаад эрүүл мэндэд үзүүлэх нөлөө өөрчлөгдөж болзошгүй байдаг аж. 

Рапсын тосны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бүрэн тогтоохын тулд илүү их судалгаа шаардлагатай

Шалгаж буй постод дурдсан “рапсын тос нь хүний эд эсэнд мутаци, хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлж, эд эсийг гэмтээж, дархлааг сулруулдаг, харшлын эсийг үүсгэж, үргүй болгох, генийг хувиргах боломжтой” гэх агуулгатай холбогдох ямар нэг мэдээлэл, туршилт, судалгаа байхгүй байна. 

Харин хүнсний зориулалттай рапсын тос буюу Канола тосны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар хийсэн судалгаануудыг дор танилцуулъя.

  • АНУ-ын Анагаах ухааны үндэсний номын сангийн цахим мэдээллийн сан болох PubMed-д “Рапсын тосны бие махбодийн өвчлөлд үзүүлэх нөлөө” гэх судалгаа нийтэлжээ. Тус судалгаанд рапсын тос нь амьтны өсөлтийг удаашруулах үйлчилгээтэйг дурдсан байна. Зарим судлаач рапсын тосонд агуулагдах эрукийн хүчлийн өндөр агууламж нь ийм нөлөө үүсгэдэг гэж үздэг бол зарим нь уг тосон  дахь ханасан болон ханаагүй тосны хүчлүүдийн харьцаа бага байдаг учир ийн нөлөөлдөг гэж үздэг байна. Түүнчлэн, уг судалгаагаар нөхөн үржихүй, бөөрний булчирхай, төмсөг, өндгөвч, элэг, дэлүү, бөөр, цус, зүрх, ясны булчинд эрукийн хүчил өндөртэй рапсын тос хэрхэн нөлөөлөхийг судалсан байна. Эдгээр судлагдахуунаас зүрхний булчингийн эсүүдэд өөх тосны нэвчилт ажиглагджээ. Үүнтэй холбогдуулан хархан дээр урт хугацааны туршилт хийж үзэхэд, эрукийн хүчил нь зүрхэнд миокардийн фиброзыг үүсгэж буйг тогтоосон байна. Миокардийн фиброз гэдэг нь зүрхний шигдээс, гэнэтийн буюу архаг гэмтлийн улмаас зүрхний булчинд сорвижилт үүсэх өвчлөлийг хэлдэг байна. Эрукийн хүчил нь зүрхний митохондр (эсийг эрчим хүчээр хангаж өгдөг онцгой бичил эрхтэнцэр)-ын амьсгалах чадварыг мөн бууруулдаг байна. 
  • 2013 оны 05 дугаар сарын 2-нд АНУ-ын Биотехнологийн Үндэсний төвийн цахим санд “Канола тосны эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус”-ын талаар хийсэн судалгааны тайланг мөн нийтэлсэн байна. Энэхүү судалгаа нь нийт 15 жил үргэлжилсэн бөгөөд судалгааны үр дүнгээр уг тосыг эрүүл мэндэд ашиг тустай хэмээн тодорхойлсон байна. Тодруулбал, биологийн өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, эрүүл мэндийг дэмжих чадвараар нь канолаг хамгийн эрүүл ургамлын тосны нэгээр нэрлэсэн байна. Хүнсэнд зориулсан рапсын тос буюу Канола нь цэвэр тос учраас ямар ч уураг, нүүрс усны агууламжгүй байдаг байна. Мөн эрүүл өөх тос, аминдэмийн сайн эх үүсвэр болдог гэжээ. 
  • 2021 оны 04 дүгээр сарын 15-нд шинжлэх ухааны мэдээ, мэдээлэл нийтлэгч BioMed Central-д “Бодисын солилцооны өвчин болон бусад шалтгаант өвчлөлийн нас баралтад өөх, тосны хэрэглээ нөлөөлөх нь” судалгааны дүнг нийтэлжээ. Уг судалгааг нийт 16 жилийн дунджаар, 130 мянга орчим нас баралтын дунд шинжлэн хийсэн байна. Ингэхэд, нийт нас баралтын өндөр хувь нь цөцгийн тос, маргарины хэрэглээтэй холбоотой байсан бол канола болон оливын тосны хэрэглээтэй холбоотой нас баралт бага байжээ. 
  • Хэдийгээр канола тосыг зүрхэнд эрүүл өөх тос гэдэг ч зарим судалгаагаар хор хөнөөлтэй ч гэж үздэг байна. Тухайлбал, 2018 онд “Австрали залуусын хоолны өөх тосны хэрэглээ болон бодисын солилцооны өөрчлөлтийн хам шинжийн харилцан хамаарал” судалгааг хийжээ. Тус судалгааны дүгнэлтээр хоол хийхдээ канола тосыг хэрэглэдэг хүмүүс бодисын солилцооны хам шинж (зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, холестерин ихсэх, таргалалт гэх мэт)-тэй болох магадлал өндөр байдаг гэжээ. 

Иймд, канола тос нь зүрхний эрүүл мэндэд ашиг тустай, эсвэл хортой эсэх нь бүрэн тогтоогдоогүй байгаа тул илүү их судалгаа хийх шаардлагатай байна гэдгийг Эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн Medical News Today-д нийтэлжээ.

Манай улс БНХАУ-аас распын тос авдаггүй

Ийм рапсаас гаргасан ургамлын тосыг хятадууд зарж бна” гэх мэдээлэлд холбогдуулж, Монголд оруулж ирдэг ургамлын тосны мэдээллийг шүүж үзлээ.

Манай улсын хувьд сүүлийн сүүлийн 2 жилд хүнсний зориулалттай рапсын тосыг гаднын улсуудаас авсан импортын мэдээллийг авч үзлээ. “Рапс, шаармаг буюу гичийн тос” нэрийн барааг

  • 2022 онд АНУ, БНСУ, Бельги, ОХУ, ХБНГУ, Шри-Ланк, Энэтхэг, Япон улсаас авсан бол, 
  • 2023 онд БНСУ, Бангладеш, ОХУ, Франц, ХБНГУ, Энэтхэг улсаас импортлон аваад байгаа мэдээллийг Гаалийн ерөнхий газрын цахим системд байршуулсан байна.

Иймд, цахим хэрэглэгч та хүнсний хэрэглээтэй холбоотой энэ төрлийн мэдээ, мэдээллийг хүлээн авч, цааш түгээхийн өмнө эх сурвалжаар баталгаажсан эсэх, судалгаа, баримттай эсэхийг сайтар нягталж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document