2023 оны 06 дугаар сарын 22-нд Human Chanel гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Хуруугаа дугаргах нь сайн уу эсвэл муу юу?” гэсэн гарчигтай бичлэгийн нийтэлсэн. Бичлэгт хуруугаа дуугаргах зуршлын тухай тайлбарлан хэт хүчтэй эсвэл буруу дуугаргах нь аюултай болохыг анхааруулан мөн хуруу мойног болохыг сануулж энэ зуршилаасаа татгалзахыг уриалсан байна. Бичлэгийн яриаг хөрвүүлбэл “Хуруугаа дугаргах сайн уу эсвэл муу юу? Таны хурууны үений хооронд синевал шингэн гэж нэрлэгддэг зөөлөн эд шингэн байдаг бөгөөд энэ нь таны хурууг янз бүрийн чиглэлд хөдөлгөж өвдөлт үүсэхээс хамгаалдаг. Тэгэхээр хуруугаа дугаргах нь үндсэндээ үе мөчний доторх агаарыг гаргаж байна гэсэн үг юм. Хэдийгээр хуруугаа дугаргадаг зуршил нь харьцангуй хор хөнөөл бага боловч хэт олон давтамжтай хийвэл гэмтэл учруулж болзошгүй юм. Хэт хүчтэй эсвэл буруу дуугаргалаа гэж бодоход шөрмөс гэмтэх эсвэл бүр хуруугаа мулталж болох ч аюултай. Олон жил хуруугаа дугаргавал юмыг чанга атгах чадвар буурдаг байна. Мөн таны хуруу тэгш бус, үзэмжгүй хүмүүсийн ярьдагаар мойног болох болно. Хэрэв та ийм зуршилтай бол одооноос хаяхыг зөвлөе. Энэ бичлэгийг хуруугаа их дугаргадаг найздаа үзүүлээрэй” гэжээ.
Дээрх бичлэгт тайлбарласан зөвлөмжүүд буюу хуруугаа буруу дуугаргах нь шөрмөс эсвэл хуруу гэмтээх аюултай гэдгийг мэргэжлийн эмнэлэг, судалгааны байгууллагууд сануулдаг байна. Харин мойног хуруу буюу үеэрээ бүдүүн, тахир хуруу олон жилийн хуруу дуугаргах зуршлаас болж үүсдэггүй, түүнчлэн атгах чадвар буурдаггүйг судалгаа харуулсан байдаг байна. Энэ талаарх ижил агуулгатай мэдээллийн Snopes, Vishvas News зэрэг баримт шалгах байгууллагууд шалган мэдээлсэн байна.
Хуруу дуугарах чимээ гарч буй нь хурууны үенд агуулагддаг синовиал шингэний хөөс хагарсанаас үүддэг болохыг Harvard Health мэдээлсэн байна. Энэ шингэн нь хурууны үе хөдөлгөөнийг “тосолж”, үе хооронд зай гаргахад буюу хуруу дуугаргахад синовиалын шингэний хөөс хагардаг байна.
АНУ-ын Кливландын клиникийн 2023 оны 01 дүгээр сард танилцуулсан мэдээлэлд “Гарын үеэ зөв дуугаргах нь тэдгээрийг томрох эсвэл үрэвсэл (arthritis) үүсгэхэд нөлөөлөхгүй. Гэхдээ үүнд ямар ч эрсдэл байхгүй гэсэн үг биш. Ихэвчлэн тохиолддог шиг ямар техниктэй хийж буй нь чухал. Хэтэрхий хүчтэй татах эсвэл дарж хэрэггүй мөн ямар чиглэлд хийж байгаа вэ гэдгээ анхаар. Хуруугаа дуугаргах нь өвдөх учиргүй, харин өвдсөн бол буруу дуугаргасан гэсэн үг” гэж тайлбарласан байна. Хэрвээ хуруу дуугаргах үед ямар нэг өвдөлт мэдрэгдэж байвал эмчид үзүүлэхийг зөвлөдөг ба хуруугаа дуугаргаснаас болж гэмтээх тохиолдол маш ховор байдаг байна.
Мөн тус мэдээлэлд тайлбарласнаар 1990-ээд онд хийсэн судалгаагаар хуруугаа дуугаргах зуршил нь атгах чадвар бууруулдаг талаар дүгнэсэн ч 2017 онд хийсэн судалгаагаар атгах чадвар буурсан үзүүлэлт ажиглагдаагүй байна.
Урт хугацаанд хуруу дуугаргах зуршил нь үений үрэвсэл үүсгэх буюу хурууны үе томрохгүй болохыг АНУ-ын Cedars-Sinai, Houston Methodist, Loyola Medicine зэрэг эмнэлгүүд мэдээлсэн байна.
Хэдийгээр хуруу дуугаргасны улмаас богино хугацаанд хурууны үе хавдах, томрох үзэгдэл ажиглагдаж болох ч энэ нь аюулгүй болохыг Houston Methodist эмнэлгийн эмч Жон Факлер мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр хурууны үений үрэвслийн ихэнх тохиодол нь удамшлын шинж чанартай байдаг ба залуу байхдаа хуруугаа гэмтээснээс үүдэн хожим хурууны үений үрэвсэл болох эрсдэл үүсэж болохыг мэдэгдсэн байна.