Search

Лаост хөрөнгө оруулсан газраа 100 жилээр эзэмшүүлэх хууль батлаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #631

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Лаост хөрөнгө оруулсан газраа 100 жилээр эзэмшүүлнэ гээд хууль баталчихаж” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2019 онд баталж 2020 оноос хэрэгжиж эхэлсэн Газрын тухай шинэчилсэн хуульд газрыг барилга, хөрөнгө оруулалтын зорилгоор дээд тал нь 50 жилээр түрээслэх эрх гадаадын иргэнд олгохоор заасан байдаг байна.

Лаост хөрөнгө оруулсан газраа 100 жилээр эзэмшүүлдэг хууль баталсан гэх мэдээлэл фэйсбүүкт тархан өндөр хандалт аваад байна. Тус постод ашигласан зургийн текстэд Tuvshuu Overland гэх хэрэглэгчийн бичсэнээр “Лаост хөрөнгө оруулсан газраа 100 жилээр эзэмшүүлнэ гээд хууль баталчихаж. Одоо бараг Лаос хүнд гишгэх газаргүй шахам битүү Хятадууд байна лээ. Шууд юаниар гүйлгээ хийж, аль өнгөтэй өөдтэй гэсэн бүх газарт нь юм бариад газрыг нь эзэмшчихсэн. Төв талбай дээр нь Лао-Хятадын “Хамтарсан Ирээдүй” гэсэн хөшөө хүртэл харагдсан. Харин бидэн шиг гэмгүй, гэнэн хүлцэнгүй Лаосчууд одоо ингээд ханз сурдаг л байх даа гэж суусан шүү” гэсэн байна.

Хэдийгээр Лаост Хятадын хөрөнгө оруулалт болон гадаадын иргэд газар эзэмших тухай асуудал зөрчил үүсгэж байгаа ч Лаосын газар газрыг 100 жилээр эзэмшүүлэх хууль батлаагүй байна.

Тодруулбал, 2019 онд баталж 2020 оноос хэрэгжиж эхэлсэн Газрын тухай шинэчилсэн хуульд газрыг барилга, хөрөнгө оруулалтын зорилгоор дээд тал нь 50 жилээр түрээслэх эрх гадаадын иргэнд олгохоор заасан байдаг байна.

Лаосын засгийн газар сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээнүүдийг авч байгаа ба үүний нэг нь газрын тухай хуулийн шинэчлэл юм. 

Тус хуулийн 120 дугаар зүйлд зааснаар төрийн эзэмшлийн газрыг гадаад иргэн эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай компанид 50 хүртэлх жилээр газар түрээслэх эрхтэй байна. Мөн 123 дугаар зүйлд гадаадын иргэнд буюу гадаадын хөрөнгө оруулалттай компанид төрийн эзэмшлийн газрыг 50 хүртэлх жилээр зөвхөн орон сууц, барилга барих зориулалтаар ашиглах боломжтой байхаар заажээ. Харин Лаосын иргэнээс газар ашиглах эрхийг 30 хүртэлх жилээр авч болохоор байдаг ба гадаадын иргэн, компани байнгын газар эзэмших эрхгүй байна. Түүнчлэн газар түрээслэхэд заавал Лаосын иргэншилтэй хүний нэр дээр түрээсэлдэг зохицуулалттай байна.

2020 онд Лаосын төв банк болон Хятадын төв банк хоёр орны мөнгөн тэмдэгтээр буюу юань болон кипээр худалдаа, хөрөнгө оруулалтын гүйлгээ хийхийг зөвшөөрсөн талаар Vientiane Times мэдээлсэн байна. 2021 онд Radio Free Asia-ийн мэдээлснээр Лаос дахь Хятадын хөрөнгө оруулалт 16 тэрбум ам.доллар хүрч байгаа нь тухайн улсын хамгийн том хөрөнгө оруулагч болж буй аж. 


Хичнээн тооны хятад иргэн, компани Лаост газар эзэмшиж байгаа нь тодорхойгүй ч хятад иргэд газар авах асуудал нь Лаост нийгмийн зөрчил үүсгэх асуудал болоод байгаа аж. Ялангуяа 2021 онд ашиглалтад орсон Хятад-Лаосын төмөр замтай холбоотойгоор галт тэрэгний буудлын ойролцоох газруудад буудал, орон сууц, ресторан барих зорилгоор газар авч байгаа тухай Radio Free Asia мэдээлж байсан байна.

Хэдийгээр шинэ хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулагч нар газар ашиглах эрх авах илүү нээлттэй болж байгаа ч гадаадын иргэн, компани нь Лаосын иргэнтэй ижил эрх эдлэхгүй буюу газар байнгын эзэмших эрхгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document