Rainforest Alliance гэх лац нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гурван тулгуурт тогтвортой байдлыг дэмжсэн болохыг илтгэдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #630

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Rainforest Alliance гэх лац нь шавж агуулсныг илтгэдэг гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Тус лац нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж ажилласныг илтгэдэг.

2023 оны 07 дугаар сарын 09-нд Benderiya Lkhagvasuren нэртэй хэрэглэгч “Мөлхөгчдийн шавьжтай хүнс Европд. Хүнсний дэлгүүрүүдээд таарвал авч болохгүй” гэх тайлбартай зургуудыг оруулсан нь 07 дугаар сарын 31-ны байдлаар 558 реакц, 125 сэтгэгдэл авч, 425 удаа цааш түгээсэн байна. Хавсаргасан зурагтаа төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн дээрх Rainforest Alliance гэх бичигтэй, мэлхийний дүрс бүхий лацыг харуулжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Rainforest Alliance байгууллагын тухай

Дурын хайлтын хэрэглүүрийг ашиглан тус лацны талаарх мэдээллийг хайх боломжтой байна. Түлхүүр үгээр хайхад хамгийн эхэнд Rainforest Alliance байгууллагын албан ёсны вэбсайт гарч ирлээ. Танилцуулгад дурдсанаар:
“Rainforest Alliance /Ширэнгэн ойн нөхөрлөл/ нь олон улсын ашгийн төлөө бус байгууллага бөгөөд байгаль орчныг хамгаалсан, биологийн олон янз байдлыг хадгалсан ирээдүйг бүтээхийн төлөө ажилладаг. Хөдөө аж ахуй эрхлэгчид, ажилчид, хотол зон бүгд ашиг олохын зэрэгцээ эх газрын тогтвортой байдлыг хангаж, бизнесийн хариуцлагатай дадлыг баримтлах ёстой. Бид 2018 оны 1 сард олон улсын тогтвортой хөдөө аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөртэй нэгдэж хүрээгээ тэлсэн ба төв оффис маань Амстердам болон Нью-Йоркт байршдаг” гэсэн байна.

2. Rainforest Alliance лацны тухайд

Шалгаж буй мэдээлэлд анхааруулсан лацны тухай Rainforest Alliance албан ёсны вэбсайтад тайлбарлахдаа:
“Хүнсний бүтээгдэхүүн дээр манай лац байвал үйлдвэрлэлийн шатандаа нийгэм, эдийн засаг, байгаль орчны гурван тулгуурт тогтвортой байдлыг хангасан гэсэн үг. Бие даасан, хөндлөнгийн хүнсний аудитын байгууллагууд бүтээгдэхүүний орц, найрлага нь манай шалгуурыг давж буй эсэхийг тогтоох ба бид дараах стандартыг баримталдаг.

Эрүүл ой: Дэлхий дээрх бүх бодгаль оршин тогтноход ой маш чухал нөлөөтэй. Иймд бид бүтээгдэхүүнүүдийг баталгаажуулахдаа тариалалтын явцад ой сүйтгээгүй байх, мод, хөрс, усны эрүүл байдлыг хадгалсан, унаган хэлбэрээр нь хадгалсан байхыг чухалчлан авч үздэг.

Уур амьсгал: Эрүүл ой гэдэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд амин чухал үүрэгтэй. Иймд бүтээгдэхүүн дэх түүхий эдийн тариалалт нь хүлэмжийн хий бага ялгаруулсан, ойгүйдлээс сэргийлсэн байх ёстой.

Хүний эрх: Алслагдсан нутгийн иргэд болон тариаланчдын эрх ашгийг хөндөөгүй байх. Хүүхдийн хөдөлмөр ашиглаагүй, хөдөлмөрийн мөлжлөг үйлдээгүй, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн, шударга цалин тогтоосон, жендерийн тэгш байдлыг хангасан, уугуул нутгийн эрх ашигт халдаагүй бизнесийг бид дэмждэг. Харьцуулсан судалгаагаар ч тэр манай лацаар баталгаажсан фермүүдийн ажиллах орчин бусад газрынхаас илүү байдаг.

Амьдралын чанар: Байгалийн экосистем болон оршин суугчдын эдийн засгийн тогтвортой байдал бие биеэсээ хамааралтай. Иймд алслагдсан нутгийн фермерүүд, ойн аж ахуй эрхлэгчдийг дэмжих нь тухайн бүс нутгийг ядуурлаас гаргаж, санхүүгийн болон амьдрах орчны үр эерэг нөлөө бий болгох ач холбогдолтой.

Манай лацанд мэлхийн дүрс үзүүлсэн нь эрдэмтэд мэлхийг биоиндикатор гэж үздэгтэй холбоотой. Байгальд зохист хэмжээгээр мэлхий байх нь тухайн орчин эрүүл байгааг илтгэх нэг шинж тэмдэг болдог. Манай үүсгэн байгуулагчид өмнөд Америкийн ширэнгэн ойг хамгаалах ажил эхлүүлснээр тус нутгийн уугуул амьтан болох улаан нүдэт, модны мэлхийг бэлгэ тэмдгээ болгоод 30 гаруй жил болж байна” гэсэн байна.

3. Хүнсний бүтээгдэхүүнд шавж байх боломжтой юу?

АНУ-ын Хүнс ба эмийн агентлагаас хүнсний бүтээгдэхүүнд хэвийн хэмжээнд шавж, шавжны хэлтэрхий орсон байхад асуудалгүй гэж үздэг байна. Зохист хэмжээнээс хэтрэхгүй л бол хүний биед асуудалгүй бөгөөд ихэвчлэн түүхий эд, жимс ногоонд байх ба үйлдвэрлэлийн дамжлагын дагуу эцсийн бүтээгдэхүүн болоход шавжны ул мөр, бүхэл хэсэг байх ёсгүй ажээ. Жишээлбэл,

  • улаан лоолийн соусын 100 граммд 30-аас олон ялааны өндөг орсон бол бохирдсон түүнээс бага бол аюулгүй,
  • газрын самрын тосны 100 граммд 30-аас олон шавжны хэлтэрхий орсон бол бохирдсон, түүнээс бага бол аюулгүй гэх мэтчилэн зааж өгсөн байдаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document