Асашёрюү Дагвадорж: Спутник вакцин миний биед дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #63

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Спутник вакцин  биед дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Спутник вакцины дараа эсрэг бие үүссэн эсэхийг ANTI-SARS-COV-2-N тестээр биш  IgG уургийн хэмжээнд шинжилгээ хийх аргаар тогтоодог.

2021 оны тавдугаар сарын 3-ны 16:23 цагт сумогийн их аварга асан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж өөрийн хөтөлдөг Asashoryu Dagvadorj нэртэй Facebook хаягаар “Спутник вакцин миний биенд дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй ээ” гэх мэдээлэл оруулсан нь тавдугаар сарын 4-ны 10:00 цагийн байдлаар 975 удаа хуваалцаж, 553 сэтгэгдэл авсан байна.

📌Уг пост нь “За хүмүүс минь Спутник вакцин миний биенд дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй ээ!!! Гуймтгай мөртлөө Голомхой гэдэг шиг Хятад вакцинаа хийх нь дээр юм бн шүү! Өөрийн бие дээр хайртай та нартаа зориулж туршиж үзүүллээ! Одоо вакциндаа хамрагдаад өгөөрэй! Би ч яахав 3 дахь тунгаа нэмээд хийлгэхээс өөр араггүй боллоо! Цэрэнд бол 3-ыг гэдэг гоймонгийн үлгэр болчихлоо. За амжилт хүсье!” гэсэн бөгөөд Интермед эмнэлгийн лабораторын шинжилгээний хариуны зургийн тавьсан байв. Уг зурагт Д.Дагвадорж тавдугаар сарын 1-ний 14:49 цагт шинжилгээ захиалсан бөгөөд 20:20 цагт эмч Б.Отгонтуяа шинжилгээ хийж, Anti-SARS-Cov-2-N төрлийн эсрэг биеийн хэмжээ 0.08 байгааг тодорхойлсон байна.

1. Интермед эмнэлэгт COVID-19 коронавируст халдварын эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээг ХБНГУ-ын Roche брэндийн ANTI-SARS-COV-2-N тестээр шалгадаг бөгөөд зөвхөн идэвхгүйжүүлсэн вирусийн вакцин буюу Монголд хийсэн вакцинуудаас БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн VeroCell вакцин тариулсан хүмүүст хийдэг. Мөн COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст эсрэг бие үүссэн эсэхийг шалгадаг гэжээ.

-Энэхүү тест нь N уурагт эсрэг бие үүссэн эсэхийг л шалгадаг. Харин Спутник вакцины дараа эсрэг бие үүссэн эсэхийг IgG уургийн хэмжээнд шинжилгээ хийх аргаар тогтоодог. Үүнд ОХУ-ын Новосибирскийн Вектор төвд бүтээсэн эсрэг бие шалгах тест илүү үр дүнтэй. /холбоос/

2. Интермед эмнэлгийн 77011111 дугаарын утсаар тавдугаар сарын 4-ний 09:40 цагт дээрх мэдээллийн талаар лавлахад “Манайх зөвхөн Хятадын Синофарм үйлдвэрийн VeroCell вакцин хийлгэсэн хүмүүс эсрэг бие үүссэн эсэхийг шалгадаг байсан. Өнөөдрөөс тест дууссан тул эсрэг биеийн шинжилгээ хийхгүй байгаа” гэсэн юм.

3. Энэ тухай зарим мэдээллийн сайт мэдээ болгож гаргасан /зургаас харна уу/ бөгөөд сошиал сүлжээнд нэр бүхий мэргэжлийн хүмүүс хариу тайлбар ч оруулсан. Тухайлбал, Twitter-т ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тавдугаар сарын 3-ний 19:32 цагт өөрийн ХӨСҮТ Баттөр нэртэй @Battur23 хаягаар 📌“Интермэд эмнэлэг 4.20-нд ийм мэдээлэл өгсөн л юм бн. Anti-SARS-Cov-2-N эсрэгбиеийг Sinopharm-ийн вакцин тариулсан хүмүүст үзнэ гэсэн байна. Шаардлагагүй бол битгий эсрэг бие үзүүлээрэй л гээд сануулсан даа. Баахан хүмүүс төлбөртэй шинжилгээ өгчээ дээ. JCI accredited эмнэлэгт итгэдэг шүү” гэж жиргэсэн байв.

📌Мөн Д.Дагвадорж өөрийн Asashoryu Dagvadorj нэртэй Facebook хаягаараа тавдугаар сарын 3-ны 19:13 цагт “Шинжилгээ буруу авсан байна гэнэ шүү, Та Спутник хийлгэсэн учраас S ag эсрэг antibody үзэх ёстой. За тийм байлгүй дээ, ХӨСҮТ-ийн Баттөр эмч тэгж байна” гэж постолсон боловч устгасан байв.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document