“Гэр бүлийн тэтгэлэг” гэх халамжийн төрөл Монгол Улсад байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #625

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой тул энэхүү боломжийг ашиглан хувийн мессэжээр “За” гэж бичээрэй” гэх зар оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

“Гэр бүлийн тэтгэлэг” гэж тусгай төсөл, хөтөлбөр, үйлчилгээ байдаг мэт ойлголт төрүүлж, санхүүгийн хохирогч болгох эрсдэлтэй энэ төрлийн хуурамч мэдээллээс болгоомжлоорой.

2023 оны 7-р сарын 28-ны 6 цаг 40 минутад Damme Henriette гэх хаягаас “E БАРИМТ НӨАТ-н БУЦААЛТЫН БАРИМТ, СУГАЛАА” группт “2023 оны 6 сарын 23-наас 2023 оны 07 сарын 30-ны хооронд Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой тул энэхүү боломжийг ашиглан хувийн мессэжээр “За” гэж бичээрэй” гэх зар оруулсан нь 3 хоногийн дараах байдлаар 61 лайк, 323 сэтгэгдэл авч, 2 удаа цааш түгээгджээ. 

Хаягийг шалгах: 

Damme Henriette гэх хэрэглэгч нүүр зураг болон хавтасны зургаа оруулснаас өөр нээлттэй пост хийгээгүй байна. Танилцуулга хэсгээ бөглөөгүй, 185 найзынхаа бүртгэлийг нээлттэй орхисноос харахад гадаад хэрэглэгчдийн бүртгэл гарч ирж байв. 

Тус хаягаас дээрхийн ижил агуулгатай зарыг

-MN БАНКНЫ ХҮҮГ БУУРУУЛАХ ТЭМЦЭЛД НЭГДЭЦГЭЭЕ (4 реакц, 20 сэтгэгдэл)

-Цалинтай ээж, хүүхдийн мөнгө, халамж (2 лайк, 12 сэтгэгдэл)

-E БАРИМТ НӨАТ-н БУЦААЛТЫН БАРИМТ, СУГАЛАА групп (323 сэтгэгдэл)-т тус тус оруулжээ.

Хаягийг хөтөлсөн түүх, хуваалцсан мэдээлэлд Монгол улсын иргэн бүрт гэр бүлийн тэтгэлэг гэх зүйлийг олгох ямар нэг төсөл хөтөлбөр, үйлчилгээний талаарх мэдээлэл сурталчилгаа байхгүй ба хаанаас, ямар хүн итгэмээргүй боломжийг олгох гээд байгаа нь тодорхойгүй байна. 

Постуудад бичсэн сэтгэгдэл бүрд чатаар харилцахыг санал болгосон байна. Энэ төрлийн залилангийн гол шинж нь олон нийтэд нээлттэй бус, зөвхөн чатын харилцаагаар үргэлжилдэг. Энэ үед танд төчнөөн сая төгрөгийн зээл авах эрх үүссэн байна гэх мэтчилэн хуурч, авахын өмнө шимтгэл болох мөнгийг эхэлж байршуулах шаардлага тавьдаг. Мөн зарим тохиолдолд дансны дугаар, нууц үг, тухайн хүний регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээллийг нь хуурч аваад, дансан дахь мөнгийг авдаг гэх мэтээр залилан хийдэг байна. 

Зургаар хайх:      

Зар дээрх зургийг Google-д хайхдаа зураг дээрх “Mazowsze” гэх үгийг онцолж үзлээ. Европын холбооноос Польш улсын хотоос алслагдмал тосгодод  хөрөнгө оруулагчдыг татах, бүтээн байгуулалт хийх, тэндэхийн оршин суугчдын боловсролд  дэмжлэг үзүүлэх зорилгоор “Mazowsze” гэх хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг байна. Хөрөнгө оруулагчид, дэмжигч байгууллагуудтай хийсэн уулзалтын үеийн зургийг дээрх зард ашиглажээ.  

Логик буюу агуулгаар хайх: 

Монгол Улсын иргэн бүрт зориулсан гэр бүлийн тэтгэлэг байдаг гэсэн агуулгыг дээрх зар илэрхийлж байна. Яг ямар албан байгууллагаас энэхүү тэтгэлгийг зарласан, тэтгэлэгт юу юу тусгасан, ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй бөгөөд хувь чатаар “за” гэсэн ганц үг илгээгээд л бүх зүйл бүтэх мэт сэтгэгдэл төрүүлэн, хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хүслээр бодох завдалгүй хариу үйлдэл хийлгах мэтээр залилан хийх арга барилын нэг жишээ юм.  

“Гэр бүлийн тэтгэлэг” гэж тусгай төсөл, хөтөлбөр, үйлчилгээ байдаг мэт ойлголт төрүүлж, санхүүгийн хохирогч болгох эрсдэлтэй энэ төрлийн хуурамч мэдээллээс болгоомжлоорой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document