Дорнод аймаг дахь Мэнэнгийн тал газрын тос олборлолтоос шалтгаалан хатсан цөл болж байна гэх зураг тархан өндөр хандалт аваад байна. Постын зурагт ойр орчмын газар нь хуурайшиж, олон тооны газрын тос соруулах насос ажиллаж байгааг харуулсан байх аж. Тус зургийг тайлбарлан “Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат монголын дайсан мөнөөсөө мөн.Хайран сайхан эх орон минь халаглахгүй байхын аргагүй мэнэнгийн тал минь. 1998 оны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 192 хон төгрөгөөр бүтэн 25 жил өдөр шөнөгүй цус сорж буй шумуул шиг минут секундээр тонголзож нефтээ соруулж хатсан цөл болж байна. Нүд алдам уудам хайран сайхан Мэнэнгийн тал минь” гэж халагласан агуулгыг илэрхийлжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид постод ашигласан зургийг Google хайлтын системд хайхад Хятадын интернет орчинд тархаж байсан нь илэрсэн. Хайлтаа илүү нарийвчлан Хятадын Baidu хайлтын системд ашигласан зургийг хайхад энэ нь Монголын Мэнэнгийн талд авсан зураг биш Хятад дахь Шинжааны Карамай газрын тосны талбайн зураг болох нь тогтоогдсон (энд бас энд).
Постод ашигласан Мэнэнгийн тал дахь газрын тосны талбай гэх зургийг хайлтын илэрцээр гарч ирсэн Шинжаан дахь Карамай талбай зурагтай харьцуулсан ба тус Карамайн талбайн зургаас тасдан ашигласан болохыг харж болохоор байна.
Мөн бидний шалгасан зургийн дээд талын хэсгийг дээр харуулсан зурагтай нийлүүлснийг харж болохоор байна. Нийлүүлсэн зургуудын хооронд бүдгэрсэн хэсэг байгааг үндэслэн бид зургийн дээд хэсгийг хаанаас авсныг хайж олж чадаагүй ч энэ зураг нь ижил газарт буюу Карамайн талбай дахь зургийг ашигласан байж болохоор байна.
Бидний шалгасан зургийн дээд хэсэгт шаргал өнгөтэй 5 цонх, 5 яндантай байшин байсан бол бидний олсон Карамайн талбайн зурагт ижил загварын байшин байгааг харж болно. Дээрх зургийн баруун талд байгаа улаанаар хүрээлсэн хэсэгт ижил шаргал байшин буюу 1 цонх нь тусдаа харин 4 цонх ойролцоо байрлалтай, 5 яндан дээвэр дээр нь байгааг харж болно.
Шинжааны Карамай талбай нь 1955 онд нээгдсэн ба орчин үеийн Хятадын хамгийн анхны газрын тос олборлох талбай болж ашиглалтад орсон байна. Карамай гэдэг нь Уйгур хэлэнд “хар тосон” гэсэн утгатай үг бөгөөд Шинжаан дахь элсэн цөлд оршдог энэ газар нь газрын тосоор баялаг зарим газарт нь газрын тос өөрөө ундарч байдаг байна.
Доорх Хятадын влоггерын 2023 оны 06 дугаар сард хийсэн бичлэгээс Карамай талбайн тухай сонирхон үзэх боломжтой.
Тэгэхээр Мэнэнгийн тал цөл болж байна гэх зураг нь үнэндээ Шинжаан дахь Карамай газрын тос олборлох талбайн зураг байсан аж.
Харин Монголд, Мэнэнгийн талд бодит байдал ямар байдаг вэ?
Мэнэнгийн талд газрын тос олборлож буй Петро Чайна Дачин Тасмаг ХХК нь Тамсаг 21-р талбай, Тосон-Уул 19-р талбайд, “Доншен Газрын тос (Монгол)” ХХК нь БХГ-97 талбайд, “Петроматад” ХХК нь Матад XX талбайд тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгааг Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны Газрын тосны ашиглалтын мэдээлэлд дурдсан байна.
Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны Газрын тосны ашиглалтын мэдээлэл

Үүнээс Петро Чайна Дачин Тамсаг ХХК нь
- Тамсаг 21-р талбай /20,920 га буюу 209.2 кмКв/,
- Тосон-Уул 19-р /65,000 га буюу 650 кмКв/
Нийт 859.2 км квадрат талбайд ашиглалт, олборлолт хийж байна.
Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн /буюу ойролцоогоор 5,400 км квадрат/ нутгийг эзэлдэг гэж Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны сайтад мэдээлсэн байна.
Дээрх талбайн хэмжээг харьцуулбал Мэнэнгийн талын 1.6 хувьд нь Петро Чайна Дачин тамсаг ХХК газрын тос олборлож байна.
