Хямд бараа авах боломж гэж итгэж луйвардуулахаас зайлсхийгээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #620

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“1000гаар аягны Комоо атгаад авхуу Ок гээд бичээрэй” гэх тайлбартай, аяга тавагны цуглуулгын зурагтай пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Зүүн өмнөд Азийн худалдааны сайтад 335 мянга гаруй төгрөгөөр худалдаалж байгаа цуглуулгыг нэг мянган төгрөгөөр авах боломж гэх хуурамч мэдээллээр залилж болзошгүй тул хувийн мэдээллээ өгөхөөс зайлсхийгээрэй.

Ина Ина гэх хаягаар “1000гаар аягны Комоо атгаад авхуу Ок гээд бичээрэй” гэх тайлбартай, аяга тавагны цуглуулгын зурагтай пост оруулсан нь 1,616 удаа хэрэглэгчдийн нүүр хуудаст харагдаж, 72 сэтгэгдэл авсан байна.

Постын зааврын дагуу ОК гэж бичсэн хэрэглэгчдийн сэтгэгдэлд Médecine Viassi гэх хаягаас “Хүүтэй мөнгө зээлнэ гэрээ хийнэ хөдөө орон нутаг хамаарахгүй чатаар мэдээлэл аваарай” гэсэн хариу өгсөн байна.

Итгэмээргүй хямд үнэ, азтан болох боломж гэх мэтээр анхаарлыг татах нь хуурамч мэдээллээр залилан хийх зорилготой үйл ажиллагааны анхдагч шинж юм.

Хаягийг шалгах

Ина Ина гэх хаягт about хэсэгт танилцуулгаа бөглөөгүй ба зөвхөн “Халамж ба хүүхдийн мөнгө” нэртэй группэд л гэхэд хос алтан бөгж, зүүлт, угаалтуур, хос дээл гэх мэт барааг 5000 төгрөгөөр авах боломжтой гэх пост хорь гаруй удаа оруулж байсан байна. Харин тэрхүү боломжийг ашиглан хямд үнээр бараа авсан гэх нэг ч түүх, бодит зураг, хүний талархал зэрэг мэдээлэл байхгүй.

Харин public буюу нээлттэй тохиргоотой постууд нь шэйрлэн түгээсэн мэдээлэл, зураг, бичлэг байна. Энд ямар нэг бизнес, эсвэл сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг, бусдад хэт хямд үнээр барааг бэлэг болгон байнга олгодог гэх мэтийг илтгэх ямар нэг мэдээлэл алга.

Эдгээр шинж нь хуурамч мэдээлэл байх хоёр дахь шинж юм.

Зургаар хайх

Ашигласан зургийг Google reverse image search цэсээр хайж үзэхэд Филиппинд байрлалтай Зүүн өмнөд Азийн худалдааны Lazada платформд оруулсан 5300 песоний үнэтэй гэх зарын зургийг ашигласан байна.

1 ам.доллар 54.5 фелиппин песотой тэнцдэг. Тэгэхээр 97.2$ буюу Монголбанкны өнөөдрийн ханшаар /2023.07.28/ бодвол ₮335,340-тэй тэнцэхээр байна.

Өөр эх сурвалж дээр байгаа мэдээллийн зургийг шууд ашигласан нь хуурамч мэдээлэл гэж үзэх бас нэг шалтгаан юм. Хэрэв үнэхээр бусдад боломж олгож бараа түгээх гэж байгаа бол тухайн барааны зургийг өөрөө барьсан байдлаар ч юм уу авахуулж, итгэл үнэмшил төрүүлэхүйц мэдээлэл түгээх байсан гэдгийг хэрсүү хэрэглэгч нар мэднэ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document