2023 оны 07 дугаар сарын 27-нд Монгол нэртэй пэйжид “Юу болоод байна аа” гэсэн тайлбартай, “Богд ууланд гадаадууд зулзаган мод тайрч, байшин барьж байх юм” гэсэн хадмал тайлбар оруулсан монгол хүний хийсэн бичлэг оруулсан нь дөрвөн цагийн дараах байдлаар 1.4 мянга гаруй реакц, 383 сэтгэгдэл авч, 5.4 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.
Уг бичлэгт “Гадаадаас ажилчид авчраад Богд уулын хамаг модыг тайраад байшин барьж байна, юу болж байна аа” гэж ярьж байгааг харж болно.
07 дугаар сарын 27-ны 14:10 цагт Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодрууллаа:
“Тухайн иргэн АНУ-д амьдардаг, хандалт авах зорилгоор худал мэдээлэл түгээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийн хаягаар залруулга гаргасан байгаа. Ойн модны бүтэц, орчинг харахад Монголд биш гэдэг нь харагдана.
Богдхан уул бол Дархан цаазат уул. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд
- дархан цаазат газар;
- байгалийн цогцолборт газар;
- байгалийн нөөц газар;
- дурсгалт газар гэж тусгай хамгаалалттай газар нутгийг дөрөв ангилдаг. Үүнээс Богдхан уул бол Дархан цаазат газар ангилалд хамаардаг.
Дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж ангилдаг. Эхний хоёр бүсэд судалгаа шинжилгээ, ажиглалт хийх, харин хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ан амьтны тооллого, рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах, байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах, аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах, зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах, уул,овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх, нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах зэрэг үйл ажиллагааг зөвшөөрдөг.
Мөн хуулийн 12.5-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглахаар өөр барилга байгууламж барихыг хориглодог” гэлээ.
Богдхан уулын дархан цаазат газрын албан ёсны пэйжид оруулсан залруулга мэдээлэлд “Хандалт авах зорилгоор Борын Дашдэндэв гэдэг тус иргэн энэхүү бичлэгийг фэйсбүүкт оруулсан байна. Тухайн иргэн нь Америк амьдардаг энэхүү бичлэгийг өөрийн ажиллаж байгаа газрын орчин тойрныг оруулсан бөгөөд Богдхан ууланд биш гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Мөн олон нийтэд буруу ташаа мэдээлэл дамжуулж буй асуудлаар хуулийн байгууллагад хандаж байгаа болно” гэсэн байна.