2023 оны 07 дугаар сарын 18-нд Lilyjenu гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “BTS-ийг хориглосон 3 улс” гэсэн гарчигтай бичлэгийг постолсон. Бичлэгт БНСУ-ын BTS хамтлагийг хориглосон гэх гурван улсыг жагсаан үүнд Хятад, Хойд Солонгос, Ямайка зэрэг улсуудыг нэрлэсэн байна.
Бид “bts banned in jamaica” гэсэн түлхүүр үгээр Google хайлтын системд хайхад Tiktok-д бид шалгасан бичлэгтэй эх хувилбар буюу зөвхөн англи хэл дээр тайлбарласан бичлэг олдсон. Энэ бичлэг нь 2022 оны 12 дугаар сарын 24-нд нийтлэгдсэн байсан ба постын коммент хэсэгт BTS хамтлаг Ямайкад хориглогдоогүй болохыг сануулж байсан байна.
Ямайкад тус хамтлагийг хориглосон тухай хуурамч мэдээлэл 2018 оноос хойш тархаж буй егөөдсөн мэдээллээс үүдэлтэй болохыг PolitiFact онцолсон байна. Ямайка улс BTS-г хориглоогүй бөгөөд 2018 онд Ямайкагийн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Роберт Неста Морген энэ мэдээллийг худал хэмээн няцаасан болохыг BuzzFeed News мэдээлж байсан байна.
Харин Хятад, Хойд Солонгосын хувьд улс төрийн дэглэм, зөрчлөөс шалтгаалан БНСУ-ын контент үүний дотор кино, драма, дуу хөгжим, урлагийн тоглолтуудыг хязгаарлаж, хориглосон байдаг байна.
БНСУ пуужингаас хамгаалах THAAD системийн өөрийн газар нутагтаа байрлуулах асуудалд Хятад эсэргүүцлээ илэрхийлж ирсэн ба 2016 оноос хойш тус системийг байрлуулахын үйл явцын хариуд Өмнөд Солонгосын K-POP болон бусад кино, дуу хөгжим зэрэг соёлын бүтээгдэхүүнүүдийг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн байна. Энэ үйл явцаас шалтгаалан K-POP томоохон хамтлагууд эх газрын Хятадад тоглолт хийгээгүй болохыг South China Morning Post 2019 онд мэдээлсэн байна.
BTS хамтлагийн гишүүн SUGA буюу Мин Юнги Хятадад тоглолтоо хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн боловч боломжгүй байгаагаа хэлсэн болохыг BBC 2023 оны 06 сарын 16-нд мэдээлсэн байна. Тэрээр хувийн аялан тоглолтын талаар хийсэн шууд дамжуулалтын үеэр БНХАУ-д тоглолт хийх талаар “Бид Хятадад тоглолтоо хийж чадахгүй байхад яаж ганцаараа тоглолтоо хийх вэ? K-POP хамтлагт байдаг өөр үндэстний хүмүүс Хятадад ажиллах боломжтой ч хамтлагаараа тоглолт хийж чадахгүй байгаа” гэж хэлсэн болохыг BBC дурджээ.
Variety-ийн мэдээлснээр 2022 оны 11 дүгээр сард болсон G-22 хурлын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нарын уулзалтаас хойш энэ хязгаарлалт тавигдаж буй болохыг дурдсан байна.
Тодруулбал, 2023 оны 07-р сарын 08 болон 09-нд Tencent Music Entertainment Awards шагнал гардуулах арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын LE SSERAFIM, SEVENTEEN, Taeyang, TREASURE, PSY зэрэг хамтлагууд тоглолтын бүрэлдэхүүнд багтсан болохыг БНСУ-ын энтертайнмент мэдээллийн Koreaboo вэб сайт мэдээлсэн байна.
Хэдийгээр 2018 онд Хойд Солонгост Өмнөд Солонгосын 160 гаруй уран бүтээлч, үүнд зарим K-POP хамтлаг, дуучид оролцсон тоглолт болсон ч Өмнөд Солонгосын соёлын бүтээгдэхүүн тэр дундаа K-POP нь олон нийтийн дунд хориотой байдаг гэж New York Times 2021 онд мэдээлж байсан байна. Хойд Солонгос дахь хоригийн талаар анх мэдээлсэн Daily NK онцолсноор “Хойд Солонгост Өмнөд Солонгосын кино, дуу олон хүнд хүрч байгаагаас шалтгаалан 15 хүртэлх жилийн хугацаатай засан хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл оноох”-оор болгож хуульчилсан тухай тэмдэглэжээ.
2017-2018 онд хоёр Солонгосын харилцаа зөөлөрч, өвлийн олимпод хамтран оролцох, цэрэг зэвсгийн зөрчлийг намжаах гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирч байсны нэг нь урлаг соёлын солилцооны арга хэмжээ байсан. Энэ хүрээнд хоёр улсын урлагийн төлөөллүүд харилцан тоглолт хийж байжээ.