2023 оны 07 дугаар сарын 20-нд Zoulehatoue Kassim нэртэй хэрэглэгчийн хаягаас “Гэр бүлийн тэтгэлгийг Гэр бүлийн яам НҮБ, Дэлхийн банктай хамтран Монгол Улс, Европын Холбооны дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож байгаа бөгөөд энэ нь бүх гэр бүл, ялангуяа тариаланчдад заавал байх ёстой.Та сонирхож байвал бидэнд мэдэгдээрэй.Хувийн чатаар (Messenger) холбогдоно уу” гэсэн постыг орон нутгийн болон зарын группүүдэд оруулсаар байна.
- Мэдээлэл оруулсан хаяг нь НҮБ, Дэлхийн банк болон Европын холбоог төлөөлөх эрх бүхий хүн, эсвэл байгууллагын албан ёсны хаяг биш байна.
- Танилцуулгадаа ямар ч мэдээлэл оруулаагүй, нээлттэй байдлаар пост хийдэггүй, харин группүүпэд зээл олгох, тусламж үзүүлэх зэрэг утгаар байнга пост оруулсаар ирсэн байна.
Зарим постдоо ашигласан зураг нь “Хаан банк 70 сая ам.долларын урт хугацааны эх үүсвэрийг амжилттай босголоо” гэх 2022 оны 10 дугаар сарын 19-нд түгээсэн мэдээний зураг байна.
НҮБ-ын Монгол дахь салбарын албан ёсны хаяг UN Mongolia – Нэгдсэн Үндэстний Байгууллага-аас сэрэмжлүүлэг гаргажээ
НҮБ-ын Монгол дахь салбарын албан ёсны хаягаас сэрэмжлүүлэг гаргажээ. Уг мэдээлэлд:
“СЭРЭМЖЛҮҮЛЭГ! Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний төрөлжсөн агентлагуудын нэрийг барьсан цахим орчинд дахь луйвар, залилангаас сэргийлэхийг анхааруулъя.
НҮБ нь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хувь хүн, албан байгууллагаас урьдчилгаа төлбөр авдаггүй.
Нийгмийн сүлжээ, цахим орчинд НҮБ-ын нэрийг барьсан луйвар, залилан ихсэж буй тул та бүхнийг мэдээллийн үнэн бодит байдлыг сайтар нягталж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү” гэсэн тайлбартай 2 зургийн хамт оруулсан байна.
Зураг дахь сэрэмжлүүлэгт дурдсанаар энэ төрлийн хуурамч мэдээлэл зөвхөн олон нийтийн сүлжээгээр бус хувийн имэйл хаягаар, чатаар, факсаар зэрэг харилцааны бүхий л сувгаар цацагдаж байгаа аж.
Мөн хоёр дахь зурагт “Гэр бүлийн тэтгэлэгт багтах сертификат” гэх хуурамч баримтад Түнхэл тосгон дахь иргэнд 15 сая төгрөгийн санхүүжилтийн эрх үүссэн тул эхлээд 450 мянган төгрөг төлөх шаардлагатай гэх агуулгатай мэдээлэл байна. Энэ нь шалгаж буй мэдээлэлд дурдсан “гэр бүл, ялангуяа тариаланчдад” өгнө гэсэн хуурамч зарын дагуу чатаар хандсан хэрэглэгчдэд тусламж өгнө гэж итгүүлэх зорилгоор олгосон хуурамч “батламж” байх боломжтой байна.
Ийм та бүхэн олон улсын байгууллагын нэр барьж, залилах санаархалтай мэдээллийг идэвхжүүлэхгүй, түгээхгүй байж, репорт хийж заншаарай.