2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 13:44 цагт Сэлэмээ Хүрэлсүх нэртэй хаягаас “Соёлын сайд Ч.Номин: МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа бүх караоке машинуудаас “4-улирал 2-амраг” Тэмээн сүргийн говь, ” Бэлхийн голын найр” “Сэтгэлийн булаг” зэрэг дуунуудыг хасаж, дуулахыг нь хориглох тухай тогтоолын хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэнэХаха..” гэсэн пост оруулсан нь 4.5 мянга гаруй реакц, 1.3 мянга гаруй сэтгэгдэл, 4.5 мянга гаруй удаа цааш түгээсэн хандалттай байна.
Уг мэдээлэл нь хошин аясаар хүргэсэн хуурамч мэдээлэл байна.
Соёлын яамнаас албан ёсны тайлбар, залуулга гаргажээ.
07 дугаар сарын 19-ны орой 20:38 цагт Соёлын яамны албан ёсны пэйж хаягаас залруулга мэдээлэл гаргасан байна. Уг мэдээлэлд “Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх караокед нэр бүхий дууг дуулахыг хасах, хориглох тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна” гэсэн утга бүхий илт худал мэдээлэл цацагдаад байна.
Харин Монгол Улсын Соёлын яамнаас “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр дэмжигдсэн.
Энэхүү хуулийн төсөлд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан уран бүтээлчид орлого олох боломжийг бүрдүүлэхээр тусгасан юм.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийн 12.3-т “Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч тухайн соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашигласан тохиолдол бүрээс уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно. Иймд та бүхэн илт худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна” гэжээ.
Хууль зүйн тайлбар:
Шалгаж буй мэдээлэлд “…хориглох тухай тогтоолын хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэсэн нь алдаатай мэдээлэл байна. Тогтоолын төсөл, хуулийн төсөл хоёр ялгаатай ба Соёлын яамны тайлбарт дурдсанаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр дэмжигдсэн” гэсэн байна.
Энэ дагуу ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг шүүж үзэхэд Эрх зүйн нэгдсэн санд хараахан оруулаагүй байв.
Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон боловсруулж буй хуулийн төслүүдэд санал авах, мэдээлэх зорилготой цахим парламентын вэбсайтад 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр байршуулж, одоо “Өргөн баригдсан” гэх төлөвт яваа “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл”-ийн 12 дугаар зүйлд “Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ” гээд “соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг хууль бусаар хуулбарлах, түгээхээс урьдчилан сэргийлэх” гэж дурдаж өгсөн байна. Мөн Соёлын яамны тайлбар мэдээлэлд дурдсан “Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна” гэж төсөлд тусгажээ.
Гэхдээ энэ нь төслийн шатандаа яваа буюу эцэслэн батлагдаагүй бөгөөд УИХ-аар хэлэлцэх явцад ямар өөрчлөлт оруулах, ямар заалт хасагдах зэргийг одоо тодорхойлох боломжгүй юм.
Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй баримт бичиг дундаас хайж үзэхэд Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай” 314 дүгээр тогтоолыг баталсан байна. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ (2022-2032 он)” гэх төлөвлөгөө гаргасны нэг дэх хэсэгт “Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бэхжүүлэх” зорилт тавьсан ба 1.1.3-т “оюуны өмчийг үр өгөөжтэй хэрэглээнд оруулах тогтолцоог бүрдүүлэх, оюуны өмчийн эрхийг үндэсний болон олон улсын түвшинд баталгаажуулан хамгаалах, бүртгэлжүүлэх;” арга хэмжээг хэрэгжүүлж, хүрэх үр дүнгээ “Соёлын үйлдвэрлэл эрхлэгч нь бүтээл туурвих, түгээх бүхий л үе шатанд бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломж бүрдэнэ” гэж тодорхойлсон байна.