Хорт хавдартай болсон Герман хүүгийн төлөө 20 мянган байкэрууд цугларсан гэх бичлэг нь дахин түгэж, өндөр хандалт аваад байна. Бидний шалгасан энэ бичлэг нь анх 2022 оны 06 дугаар сарын 03-нд Баатар Солонго гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгч постолж, 3036 удаа цааш түгээгдсэнээс хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар 30-нд шэйрлэсэн байна. Тус постод “Хорт хавдар туссан Герман хүүгийн хүсэл бол гэрийг нь тойрсон 30 мотоцикл унасан залуусыг харах явдал байв. Ингээд түүний гэр бүлийнхэн постер тавьсны дараа хүүгийн хүслийг биелүүлэхээр 20.000 bikers цуглажээ. Хүн хүндээ хайртай байцгаая” гэж тайлбарласан байна.
FACTCHECK: Бичлэгийн эх сурвалжийг хайх аргыг дараах жишээгээр үзүүллээ
Бид уг бичлэгт ашигласан хэсгүүдийн эх бичлэгийг олсон бөгөөд Бразил болон Австралид болсон байкэруудын жагсаалын бичлэгүүдийг эвлүүлсэн байна.
Мөн ижил хэлбэрээр хийгдсэн бичлэгийг AFP Fact Check, Factly, Lead Stories гэх мэт баримт шалгах байгууллага шалгаад, өөр бичлэгүүдийг эвлүүлсэн болохыг мэдээлж байсан байна.
Бид бичлэгийн хэсэгт Yandex хайлтын системд зургаар хайж үзэхэд Бразилийн ерөнхийлөгч асан Болсонарогийн нэрийг дурдсан илэрцүүд гарч ирж байсан ба хайлтад Германыг дурдсан илэрцүүд мөн гарч ирж байсан. Хайлтаа илүү тодорхой болгох зорилгоор Google-д “bolsonaro motorbike parade” гэсэн түлхүүр үгээр хайхад 2021 оны 05 дугаар сарын 23-нд Болсонаро олон мянган байкэруудыг цуглуулан ковидын хууль, журмыг зөрчсөн парад зохион байгуулсан тухай The Guardian, France 24 зэрэг байгууллагууд мэдээлсэн тухай илэрц гарч ирсэн.
AFP Fact Check-ийн мэдээлснээр Болсонаро өөрийн твиттер хаягаараа энэ үйл явдлын бичлэгийг жиргэсэн ба тус бичлэгийн хэсгүүд нь бидний шалгасан бичлэгт ашиглагдсан болохыг харж болно.
Шалгасан бичлэгийн хоёр дахь хэсэг буюу баярлаж буй тэргэнцэртэй хүүгийн бичлэг нь “хорт хавдартай Герман хүүгийн сүүлчийн хүсэл” биш, харин Австралид тархины саажилттай 13 настай хүү Зэйн Эвансийн баярлаж буй бичлэг юм.
Бид Google хайлтын системд “german bikers rally for cancer patient boy” гэсэн түлхүүр үгээр хайхад “Германд 15,000 гаруй байкэрууд хавдартай хүүгийн төлөө цугларсан” гэх бичлэгийг олсон ба энэ нь бидний шалгасан хуурамч тайлбартай бичлэгийн хоёр дахь хэсэгтэй таарч байсан юм.
Хуурамч тайлбартай гэсний учир нь энэ нь Германд хорт хавдартай хүүгийн сүүлийн хүсэлтийг биелүүлсэн үйл явдал биш, харин Австралид саажилттай хүүгийн төрсөн өдрийн үеэр болсон үйл явдлынх байсан аж.
Газар орны байршлыг хайж тогтоох:
Энэ нь Германд болсон үйл явдлын бичлэг биш болохыг бид тухайн бичлэгийг хийсэн байршлаас мэдсэн. Бичлэгийн 0:14 дэх секундэд гарч байгаа “eaton fair” гэсэн бичгээр Google-д хайхад баруун Австрали дахь худалдааны төвийн байршил гарч ирсэн.
Мөн 0:25 дахь секундэд гарч буй 3 байшингийн хэсгийг ойролцоох байршлаас олж Google Map дахь зургуудтай харьцуулан, баруун Австрали дахь Банбери хотын Итон гэх газар болохыг олж тогтоосон.
Цааш бид “eaton western australia bikers surprise boy” гэсэн түлхүүр үгээр Google-д хайхад бидний шалгасан Германд болсон гэх үйл явдлын эх бичлэгийг тайлбарласан мэдээллүүд гарч ирсэн. Тодруулбал, энэ нь Германд биш Австралийн Банбери хотын Итонд 2017 оны 01 дүгээр сарын 06-нд тархины саажилттай хүү Зэйн Эвансийн ээж Кэйра хүүгээ төрсөн өдрөөр нь баярлуулахыг зорин цахим орчинд түүний төрсөн өдөрт зориулан байкэруудыг Итон дахь МакДоналдсын дэргэдүүр өнгөрөхийг хүссэн болохыг The West Australian мэдээлсэн байна.
Түүний хүсэлтийг хүлээн авч хэдэн арван байкэрууд очсон ба баярлан хүлээн авсан хүүгийн бичлэгийг тус мэдээллийн байгууллага дамжуулжээ.
Хэдийгээр Германд хавдар туссан 6 настай Киллиан Сасс гэх хүүд зориулан 15,000 байкэрууд цугласан гэх мэдээлэл байгаа боловч энэ нь бидний шалгасан бичлэгт гарсан хүү биш юм. Харин бидний шалгасан бичлэг буюу “Германд хавдартай хүүгийн төлөө 20,000 байкэрууд цугларсан” гэх бичлэг нь зохиомол буюу огт хамааралгүй хоёр үйл явдлын бичлэгийг нийлүүлсэн байна. Бичлэгийн эхний хэсэг нь Бразилийн ерөнхийлөгч асан Болсонарогийн цуглааны бичлэг бол баярласан хүүгийн бичлэг нь Австралид болсон Зэйн Эванс гэх хүүгийн төрсөн өдрийн бичлэг аж.