Их хэмжээний мөнгө банкнаас луйвардаж хандивт өгсөн Хамза Бэндэлладж гэх залуу нас барсан тухай мэдээлэл түгэн, өндөр хандалт аваад байна (энд бас энд). Энэ мэдээлэлд хүзүүнд нь олс уяатай дүүжлэгдэх гэж буй зургийг хавсаргасан байсан ба мэдээллийн тайлбарт “Энэ залууг Хамза Бэндэлладж. 217-н банкыг хакердаж нийт 40.000.000 гаруй мянга америк сая доллар луйвардаж Африк болон Палестинд амьдарч байгаа ядуу, өлсгөлөн хvvхдvvдэд тэр мөнгөө хандивлаж өгсөн.Тэрээр энэ хэргийнхээ төлөө цаазлуулсан бөгөөд нас барах хvртлээ инээмсэглэсээр байж” гэж тэмдэглэсэн байна.
Гэтэл Хамза Бэндэлладж нь нас бараагүй түүнчлэн мэдээлэлд ашигласан зураг нь түүний зураг биш 2007 онд Иранд цаазлуулсан хүний зураг юм. Бид Хамза Бэндэлладжийн талаар “Hamza Bendelladj” гэсэн түлхүүр үгээр хайж үзэхэд тэрээр 2016 оны 04 дүгээр сарын 20-нд АНУ-ын Жеоржиа мужид 15 жилийн хорих ял авсан болохыг АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо мэдээлсэн илэрц гарч ирлээ. Түүний ял авсан мэдээлэлд тайлбарласнаар Орос гаралтай Александр Андреевич Панины хамт SpyEye хэмээх код ашиглан банкнууд дахь хүмүүсийн онлайн банкны нууц мэдээлэл, картын мэдээлэл зэрэг хувийн санхүүгийн мэдээллийг хулгайлсан хэргээр яллагдсан ба Панин нь 9.5 жилийн ял авсан байна.
Түүнийг 2013 онд Тайландын онгоцны буудалд баривчлан, АНУ руу шилжүүлсэн болохыг BBC мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
Al Jazeera-ийн мэдээлснээр Алжир гаралтай Хамза Америкийн 200 гаруй банк, санхүүгийн байгууллагаас дээрх кодоо ашиглан мөнгө хулгайлсан ба олон сая ам.долларыг Палестинд зориулан хандивласан гэсэн боловч AFP Fact Check-ийн баримт шалгалтад түүний шүүхийн баримт бичгүүдэд мөнгөөрөө юу хийсэн талаар дурдаагүй ба тансаг амьдралдаа зарцуулж байсныг Тайландын цагдаа мэдээлсэн гэжээ.
Бидний шалгасан мэдээлэлд ашигласан дүүжлэгдэх гэж буй хүний зураг нь аллагын хэргээс болж цаазлагдах гэж буй Мажид Кавусифар гэх хүн болохыг бид Google дэх хайлтаас олж мэдсэн. Түүнийг 2005 онд Ираны шүүгч Хассан Могадасыг буудан алсан хэргээр 2007 онд олон нийтийн дунд дүүжлэн алсан болохыг Reuters мэдээлж байжээ. Дүүжлэгдэхээсээ өмнө тэрээр саарал хар цамц өмссөн байсныг Reuters-ийн мэдээллээс харж болно.
Эх сурвалж: Reuters
Тэгэхээр Хамза Бэндэлладж нас барсан биш АНУ-д хоригдож буй бөгөөд цаазлуулсан гэх хүн нь өөр хүн болох нь тодорхой байна.