Машин зам дээр зогссон унага шаварт шигдсэн эхийгээ аврахаар тусламж эрсэн гэх бичлэг фэйсбүүкт тархан өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Тус бичлэгт нэгэн унага машин зам дээр зогсож байхад машинтай хүн зогсон дараа нь үргэлжлүүлэн шаварт суусан адууг 3 хүн уяагаар татан гаргаж буй хэсэг гарна. Бичлэгийн тайлбар болгон “Адуу гэж үнэхээр ухаантай амьтан даа. Бяцхан унага шавардсан эхээ аварах гэж замын дунд зогсож гэнэ.” гэж постуудад онцолсон байна.
Бид дээрх бичлэгийн хэсгүүдийг зургаар хайх аргаар шалган өмнө нь хаана нийтлэгдэж байсныг шалгаж үзэхэд хоёр өөр үйл явдлын бичлэгийг эвлүүлсэн болохыг тогтоосон. Зам дээр зогсож байсан унага нь Монголд болсон үйл явдал бол шаварт унасан адууг татаж гаргасан нь Канадад болсон үйл явдал байна.
Бид бичлэгийн унаганы хэсгийг Youtube-д “baby horse rescued” гэсэн түлхүүр үгээр хайхад 2016 онд тухайн бичлэг түгээгдэж байсан нь илэрцээр гарч ирсэн. Мөн өөр эх сурвалжууд унаганы талаар мэдээлж байсан байна.
Тодруулбал, Daily Mail 2015 оны 12 дугаар сарын 04-нд зам дээр зогсож байсан унаганы талаар мэдээлсэн байна. Уг мэдээллийн унаганы бичлэгийн ар талд хүмүүс монголоор ярьж байгаа нь сонсогдох ба ягаан цамцтай хүн унагыг замын хашлага давуулан адуун сүрэгт нь нийлүүлж байгааг харж болно. Ганцаараа явж байсан унага нь замын хашлага давж чадалгүй зам дээр гацсан байхад машинтайгаа өнгөрч байсан хүн өргөн адуун сүрэгт нь нийлүүлсэн нь интернэт орчинд хүмүүсийн анхаарал татсан байна. Мөн унагыг аварсан ижил бичлэгийг 2016 онд амьтны талаарх мэдээлэл түгээдэг The Dodo мэдээлж байсан болохыг эндээс үзэж болно.
Харин шаварт шигдсэн адуу нь Канадын Альберта мужид 2020 онд болсон үйл явдал аж. Энэ талаар 2020 оны 05 дугаар сарын 08-нд Канадын CBC News мэдээллийн суваг Альбертагийн зэрлэг адуу хамгаалах нийгэмлэгийн (Help Alberta Wildies Society) гишүүд шаварт шигдсэн адууг олж, олсоор татан гаргасан болохыг мэдээлсэн байна.
Бидний шалгасан унага ба шаварт шигдсэн адууны бичлэг нь эвлүүлэг бөгөөд хоёр өөр улсад, өөр цаг хугацаанд болсон хамааралгүй үйл явдлуудын бичлэгийг нийлүүлсэн байна.