Цагаан үсийг арилгах арга гэх эвлүүлэг бичлэгийн дагуу туршиж үзэхээс татгалзаарай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #601

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өндөг, лемон болон хүүхдийн тос хольсон бэлдмэл түрхэж цагаан үсийг арилгана гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Одоогоор шинжлэх ухаанд үс бууралтахаас сэргийлэх арга гараагүй.

Буурал үсийг арилгах арга гэх reel буюу дамран бичлэгийг Buyandelger Munkhbat нэртэй хэрэглэгчийн хаягаар оруулсан нь 31 мянга гаруй шэйр авсан байна. Уг бичлэгт цагаан үсийг арилгахдаа 1 ширхэг өндөг, тал лемоныг холиод дээр нь Johnson & Johnson брэндийн хүүхдийн тосыг холиод үсэндээ түрхэж, 1 цаг байлгаад угаах талаар зөвлөжээ. Энэ аргыг 7 хоногт 2 удаа хэрэглэж заншихыг сануулжээ.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Хоёр өөр бичлэгийг эвлүүлэн худал тайлбар хийж өгсөн байна. Бичлэгийн эхний хэсэгт цагаан үс чимхүүрээр түүж байгаа дүрс болон өндөг, нимбэг, тосны холимог хийж, нэг ч буурал үсгүй хүний хуйханд түрхэж байгаа дүрс хоёр өөр байгааг харж болно.

Бичлэг оруулсан хэрэглэгч нь орц найрлагадаа гарын доорх бүтээгдэхүүнүүдийг нэрлэсэн нь олон нийтэд туршиж үзэх боломжтой санагдахуйц бичлэгийг сонгож, хуурамч тайлбар хийж түгээсэн нь санаатайгаар буюу хандалт авах зорилготой disinformation гэж үзэж болохоор байна. Харамсалтай нь үзсэн хүмүүсийн 50-аас илүү хувь нь цагаан үсийг арилгана гэдэгт итгэж, туршиж үзэхээ илэрхийлсэн байна.

Үс бууралтах шалтгаан: АНУ-ын Cleveland clinic эрүүл мэндийн төвийн вэбсайтад 2021 оны 04 дүгээр сарын 12-нд байршуулсан мэдээллээр: “Бор /хар болон шар/ цэнхэр өнгийн пигментийг хэр их агуулснаас хүний үс, нүдний өнгө хамаарна. Ихэвчлэн 30-40 наснаас эхлэн үс меланинаа алдаж эхэлдэг. Меланины түвшин бага бол саарал, меланин байхгүй болоход цагаан өнгөтэй харагддаг байна. Одоогоор шинжлэх ухаанд үс бууралтахаас сэргийлэх арга байхгүй ч тодорхой эрүүл мэндийн шалтгаануудаас үүдэн үс бууралтах магадлалтай тул эрсдэлт хүчин зүйлсийг мэддэг байх нь чухал” гэсэн байна.

The Lancet, Cochraine, NCBI зэрэг томоохон эрдэм шинжилгээний платформуудад лемон болон өндөгөөр бууралтсан үсийг сэргээх үйлчилгээтэй эсэхийг нотолсон, туршсан ямар нэг судалгааны ажил, тайлан байхгүй байна. 

Их Британийн Unilever гоо сайхны бүтээгдэхүүний брэндийн вэбсайтад 2019 оны 08 дугаар сарын 15-нд байршуулсан нимбэгний шүүсээр угаах нь үсэнд сайнаар нөлөөлөхгүйг анхааруулсан мэдээлэлдээ “Үсийг хүчиллэг бодисоор угаах нь аюултай байж болзошгүй. Нарны туяа хүчиллэг бүрхүүл үүссэн үсэнд тусахдаа илүү хүчтэй нөлөөлж, үсийг хуурайшуулж, хугарамтгай болгох эрсдэлтэй” гэж анхааруулсан байна.

Тиймээс лемоны хүчил бүхий бэлдэцээр 7 хоногт 2 удаа буюу ойр давтамжтай үсэндээ түрхээд байвал хуурайшиж, хугарамтгай болох эрсдэлтэй.

Өндгийг үсэндээ түрхэх талаар АНУ-ын Уолдэний их сургуулийн багш, доктор Дэбра Рөүз Уилсон Medical News Today сайтад нийтлүүлсэн зөвлөмждөө:
”Өндөг нь уураг, аминдэмээр баялаг хэдий ч, шууд үсэнд түрхээд хэрэглэж, дорвитой үр дүн гарсан талаар ямар нэг судалгаа байхгүй. Гэхдээ өндөгний харшилтай л биш бол сөргөөр нөлөөлөх нь ховор нь. Тослог үстэй хүн өндөгний шар түрхвэл улам тослогтох магадлалтай тул зөвхөн цагааныг хэрэглэх нь зүйтэй” гэсэн байна.

Өндөгт агуулагддаг шимт бодисуудын орцтой, гоо сайхны бүтээгдэхүүн, шампунь зэрэг шинжлэх ухааны туршилтаар батлагдаж, хэрэглээнд зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь үсэнд тэжээл өгөх боломжтой. Харин хүнсний бүтээгдэхүүнийг тэр чигээр нь хэрэглэх нь төдийлэн үр дүнд хүрэхгүй.

Үс бууралтах шалтгаан: АНУ-ын Харвардын их сургуулийн вэбсайтад байршуулсан үс бууралтах үйл явцыг тайлбарласан мэдээлэлд дараах эрүүл мэндийн шалтгаануудаас меланины хэмжээ буурах боломжтойг мэдээлжээ.

  • -Витамин В12 дутагдал
  • -Мэдрэлийн гаралтай хавдар
  • -Товруут хатуурал
  • -Бамбай булчирхайн эмгэг
  • -Арьс цайх өвчин
  • -Үүрлэсэн үс уналт

2013 онд Энэтхэгийн арьс, өнгө судлалын сэтгүүлд Йорданы эрдэмтдийн гүйцэтгэсэн судалгааны тайланг нийтлүүлсэн байна. Уг судалгааны ажлаар “Урт хугацаанд тамхи татсанаар үс цайрах үйл явц илүү эрт эхэлдэг байж болзошгүй” гэх дүгнэлтэд хүржээ. АНУ болон Германы эрдэмтдийн хамтран боловсруулсан судалгааны тайланг 2021 оны 06 дугаар сарын 22-нд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архивт байршуулсан байна. Судалгааны дүнд “Стрессийн түвшин их байснаас бууралтсан үс стрессийн түвшин хэвийн байдалд шилжсэний дараа өнгө нь эргээд бага зэрэг сэргэх боломжтойг” болохыг тогтоожээ. Гэвч ямар аргаар сэргээж болох тухай илрүүлээгүй байгаа тул цаашид илүү судлах шаардлагатай гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document