Search

Европын парламент ковидын вакцин нь үй олноор хоморголон устгах биологийн зэвсэг гэж зарлаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #600

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Европын парламент 06 дугаар сарын 23-нд коронавирусын эсрэг вакциныг биологийн зэвсэг гэж зарласан тухай мэдээлэл тархаад байна.

Баримт шалгалтын үр дүн

Европын парламент ковидын эсрэг вакциныг биологийн зэвсэг гэж огт зарлаагүй. Харин Европын парламентын 5 гишүүн 05 дугаар сарын 03-нд “International Covid Summit” гэх ковидын вакциныг эсэргүүцсэн хуралд оролцсон нь дээрх ташаа мэдээллийн үндэс болсон байна.

Европын парламент 06 дугаар сарын 23-нд коронавирусын эсрэг вакциныг биологийн зэвсэг гэж зарласан тухай мэдээлэл тархаад байна. Тодруулбал, ковидын эсрэг вакцины талаарх ижил агуулгатай ташаа мэдээллийг фэйсбүүкт олон хэрэглэгч түгээсэн ба үүнд тайлбарласнаар “Хятадаас гаралтай гэх ковидын тахал нь хуурамч бөгөөд түүний вакцинжуулалт нь хамгийн их хор нөлөөтэй, үй олноор нь устгах биологийн зэвсэг хэмээв. Хятадаас оруулж ирж монголчуудад шахсан ковидын вакцин нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, ковидын вирусийг устгахад ямарч нөлөөгүй боловч хүний биед маш их хор хөнөөлтэй, үхлийн зэвсэг болж хувирсан” гэх мэдээлэл түгээсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Ковидын эсрэг вакцин нь биологийн зэвсэг болох тухай хуурамч мэдээлэл коронавирусийн тархалт олон улсад эхэлснээс хойш буюу 2020 оноос хойш тархаж байгаа ба Европын парламент ковидын вакциныг биологийн зэвсэг гэж зарласан гэх мэдээлэл нь ээлжит нэгэн хуурамч мэдээлэл юм.

Европын парламент ковидын эсрэг вакциныг биологийн зэвсэг гэж огт зарлаагүй. Харин Европын парламентын 5 гишүүн 05 дугаар сарын 03-нд “International Covid Summit” гэх ковидын вакциныг эсэргүүцсэн хуралд оролцсон нь дээрх ташаа мэдээллийн үндэс болсон байна. Энэ хуралд Румыны Кристиан Терхес, Германы Кристине Андерсон, Италийн Франческа Донато, Хорватын Иван Вилабор Синчич, Мислав Колакушич нар оролцсон болохыг Бразилын баримт шалгах байгууллага Estadao мэдээлсэн байна. 

Өөрөөр хэлбэл нь Европын парламентын албан ёсны байр суурь биш буюу 705 гишүүнтэй уг байгууллагын байр суурийг 5 гишүүн төлөөлөхгүй юм. Түүнчлэн бидний шалгасан мэдээлэлд ямар нэг эх сурвалж, вэб холбоос дурдаагүй ба Европын парламентын вэб сайтад ковидын эсрэг вакциныг биологийн зэвсэг гэж зарласан мэдээ байхгүй, томоохон хэвлэлийн байгууллагуудад энэ талын мэдээлэл байхгүй байна.

Харин Европын Эмийн Агентлаг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын Халдварт өвчний хяналтын төв зэрэг байгууллагууд ковидын эсрэг вакциныг аюулгүй, үр дүнтэй хэмээн үзэж байгаа бөгөөд 2023 оны байдлаар 5.5 тэрбум орчим хүн ковидын эсрэг ямар нэг вакцинд хамрагдаад байгааг New York Times мэдээлсэн байна. 

Харин Монгол улсад хэрэглэсэн Хятадын Синофарм компанийн Вероселл вакциныг (BBIBP-CorV (Vero Cells)) 2021 оны 05 дугаар сарын 07-нд яаралтай хэрэглэхээр хүлээн зөвшөөрсөн. Үүнээс өмнө 2021 оны 01 дүгээр сараас хойш Пфайзер, Модерна, АстраЗенека гэх мэт вакцинуудад зөвшөөрөл олгож байжээ. Цаашлаад ДЭМБ 2022 оны 06 дугаар сарын 10-нд гаргасан мэдээлэлдээ Синофарм компанийн вакциныг аюулгүй болохыг онцолсон байна.
COVID 19 Vaccine Tracker вэб сайтад мэдээлснээр Синофарм компанийн вакциныг Монголыг оролцуулаад 93 улсад хүлээн зөвшөөрч хэрэглэсэн. 2022 оны 10 дугаар сард Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирал Ц.Билэгтсайханы мэдээлснээр нийт хүн амын 68.9 хувь нь вакцины нэг тунтай бол 65.9 хувь нь хоёр тунтай байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document