Search

Хятад вакцин 73 төрлийн сөрөг нөлөөтэй гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #60

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хятад вакциныг олон улсын байгууллага албан ёсоор хүлээн аваагүй бөгөөд  хүний биед 73 төрлийн сөрөг нөлөө  үзүүлнэ гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ДЭМБ-д албан ёсоор бүртгэгдсэн болон яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн вакцинууд хөгжүүлэлтийн шатаа түргэвчилж, үйлдвэрлэл, судалгааны ажил хамтдаа явахыг зөвшөөрч байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинуудыг ч энэ зарчмаар хөгжүүлж байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар ДЭМБ-ын вакцины бүртгэлийн ажлын үе шатыг мэдээлснээс үзвэл БНХАУ-ын вакцинууд гурав болон дөрөвдүгээр шатандаа хянагдаж байгааг мэдээлжээ.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #60

2021.04.13 | Улаанбаатар хот, Монгол

📌2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд Azjargal Enkhbayar нэртэй Facebook хэрэглэгчийн постыг шалгуулах хүсэлт ирсэн юм. Уг постод “Хятад вакцины талаар жаахан юм уншлаа. Олон улсын байгууллага албан ёсоор хүлээн аваагүй. Учир нь вакцин үйлдвэрлэгч компанийн СЕО (Бээжин дэх ДЭМБ-ын суурин төлөөлөгчид) хахууль өгсөн нь нотлогдчихсон байна. 5 үе шаттай туршилтаа хийгээгүй буюу анхан шатны амьтан дээр туршаад шууд олон улсад гаргасан. Үйлдвэрлэлээ хурдасгахын тулд олон дамжлагыг алгассан. 73 төрлийн сөрөг нөлөө бидний биед үзүүлэх нь байна. Хамгийн муу эд эрхтэнд хүчтэй нөлөөлж, үйл ажиллагааг муутгана гэсэн үг. Цаашид дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй вакциныг холиод шинэ нэг вакцин гаргаж авах судалгаа эхэлсэн байна. Ерөнхийдөө манай хэд вакцинжуулалтаа зогсоосон нь учиртай байжээ” гэсэн байна.

🔎COVID-19 болон вакцинтай холбоотой мэдээллийн бодит байдлыг шалгах зайлшгүй шаардлагатай гэж Олон улсын баримт шалгагчдын дүрэмд заасны дагуу бид дараах баримт шалгалтыг хийлээ.

📌Юуны өмнө эх сурвалжаа судалж, уг мэдээллийг тавьсан хэрэглэгчтэй холбогдлоо. Тэрбээр “олон хүнээс дарамт, доромжлол ирсэн тул” постоо устгасан гэдгээ хэлсэн юм. Хэдийгээр устгасан ч уг агуулгын зургийг авч, Facebook группүүдэд хуваалцсаар байгаа тул мэдээллийн агуулгад баримтын шалгалт хийснээ хүргэж байна.

“Олон улсын байгууллага албан ёсоор хүлээн аваагүй. Учир нь вакцин үйлдвэрлэгч компанийн СЕО (Бээжин дэх ДЭМБ-ын суурин төлөөлөгчид) хахууль өгсөн нь нотлогдчихсон байна” гэх мэдээллийн дагуу хайлт хийж үзэхэд

📌2020 оны 12 дугаар сарын 4-нд Сиатл Таймс (seattletimes) сайтад “Синовак ковидын эсрэг вакцины үйлдвэрлэл хүчээ авч буй ч өмнөх хахуулийн хэрэг нь асуудал болж байна” гэх нийтлэл гарч ирсэн юм. Уг нийтлэлийг 2021 оны гуравдугаар сарын 4-нд дахин шинэчилсэн байв.

📌“2016 оны шүүхийн мэдүүлэгт Синовакийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ин Вэйдонг 2002-2011 онд вакцины үнэлгээг хянан зохицуулагч Ин Хунжанг болон түүний эхнэрт 83,000 гаруй ам.долларын авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ин Хонжанг түүний хариуд Синовакийн вакцины гэрчилгээ авах явцад тусалсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ” гэж уг нийтлэлд бичсэн байна. /холбоосыг хавсаргав/

📌Энэ нь COVID-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэлээс өмнөх үеийн хэргийг сөхөөд, үүнээс болж олон улсын байгууллага /ДЭМБ/ албан ёсоор хүлээж аваагүй гэх ойлголт төрүүлэхээр ТӨӨРӨГДҮҮЛСЭН агуулгатай болжээ.

“73 төрлийн сөрөг нөлөө бидний биед үзүүлэх нь байна. Хамгийн муу эд эрхтэнд хүчтэй нөлөөлж, үйл ажиллагааг муутгана гэсэн үг” гэх мэдээллийн дагуу шалгахад,

📌2021 оны нэгдүгээр сарын 8-нд Өнөөдрийн Энэтхэг (indiatoday) мэдээллийн сайтад Хятад эмч Синофарм коронавирусийн вакциныг “дэлхийн хамгийн аюултай” гээд зогсохгүй 73 төрлийн гаж нөлөөтэй гэсэн бичлэгийг оруулсан ч хэдэн цагийн дараа татан буулгасан тухай мэдээ гарсан байна. Тодруулбал, “Шанхай хотын вакцины мэргэжилтэн, доктор Тао Лина олон нийтийн сүлжээндээ Синофарм вакцины талаар ийнхүү шуугиан дэгдээсэн ч тэрхүү мэдэгдлүүдээ үгүйсгэж эхэлсэн аж. Дейли Мэйл (Daily Mail) сонинд мэдээлснээр вакцины мэргэжилтэн доктор Тао Лина Weibo сайт дахь өөрийн сошиал хаягаар Синофарм төрийн өмчит компанийн бүтээсэн вакцин нь маш аюултай гэж бичсэн. Гэвч түүний мэдэгдэл цахим орчинд эрчээ авмагц вакцины шинжээч “хайхрамжгүй” тайлбар хийснийхээ төлөө ард түмнээс болон мэргэжил нэгтнүүдээсээ уучлалт гуйв. Аль хэдийн устгагдсан Синофарм вакцины талаар уг постод “тариулсан хэсгийн эргэн тойронд өвдөх, толгой өвдөх, цусны даралт ихсэх, хараа, амт муудах, шээс гарахгүй байх” зэрэг гаж нөлөөг жагсаасан байжээ” гэж мэдээлсэн байна. /холбоосыг хавсаргав/

📌Энэ нь хятадын нэгэн шинжээчийн ташаа мэдээлэл тараагаад, түүнийхээ төлөө уучлалт гуйж, устгасан ч “73 төрлийн сөрөг нөлөө” гэх батлагдаагүй агуулгыг энд дахин сэргээж ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

“5 үе шаттай туршилтаа хийгээгүй буюу анхан шатны амьтан дээр туршаад шууд олон улсад гаргасан. Үйлдвэрлэлээ хурдасгахын тулд олон дамжлагыг алгассан” гэх мэдээллийн хувьд,

📌ДЭМБ-д албан ёсоор бүртгэгдсэн болон яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн вакцинууд хөгжүүлэлтийн шатаа түргэвчилж, үйлдвэрлэл, судалгааны ажил хамтдаа явахыг зөвшөөрч байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинуудыг ч энэ зарчмаар хөгжүүлж байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар ДЭМБ-ын вакцины бүртгэлийн ажлын үе шатыг мэдээлснээс үзвэл 📌БНХАУ-ын вакцинууд гурав болон дөрөвдүгээр шатандаа хянагдаж байгааг мэдээлжээ. /хавсралтаас харна уу/

“Цаашид дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй вакциныг холиод шинэ нэг вакцин гаргаж авах судалгаа эхэлсэн байна” гэх мэдээлэл

📌Энэ мэдээлэл нь дөрөвдүгээр сарын 9-нд Хятадын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу-ийн хийсэн мэдээлэлтэй холбоотой байж болох юм. Мөн тус төвийн судлаач Ван Хуацин Хятад вакцины тунг mRNA технологид суурилсан вакцины тунтай хослуулан хэрэглэх хувилбарыг судалж байгаа тухай мэдээлэл өгсөн. Хятадын эрдэмтэд уг технологид суурилсан вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлээд байгаа талаар yahoo news мэдээлсэн байна. Мөн Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд AstraZeneca вакциныг Оросын Sputnik-V болон mRNA технологид суурилсан Pfizer/BioNTech вакцинтай хослуулан хэрэглэх хувилбаруудыг судалж байгаа тухай уг мэдээлэлд дурдсан юм. /холбоосыг хавсаргав/

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #ЭхлээдБод#ThinkFirst


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

73 төрлийн сөрөг нөлөө биед үзүүлнэ гэх мэдээлэлтэй холбоотой гаднын эх сурвалжууд:
Синовак компанийн СЕО хахууль өгсөн хэрэгтэй холбоотой мэдээллүүд:
History of bribes weighs on China’s Sinovac as it speeds toward coronavirus vaccine | The Seattle Times
Хятад вакцины тунг mRNA технологид суурилсан вакцины тунтай хослуулан хэрэглэх хувилбарыг судалж байгаа тухай мэдээлэл
Ковидын эсрэг вакцинуудын туршилтад орсон байдал болон бусад товч мэдээллийг багтаасан хүснэгтийг татаж авах холбоос
The COVID-19 candidate vaccine landscape and tracker
Синовак вакцины 3-р шатны туршилтын тайлан
Double-Blind, Randomized, Placebo-Controlled Phase III Clinical Trial to Evaluate the Efficacy and Safety of treating Healthcare Professionals with the Adsorbed COVID-19 (Inactivated) Vaccine Manufactured by Sinovac – PROFISCOV: A structured summary of a study protocol for a randomised controlled trial – PubMed (nih.gov)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document