Search

Евгений Пригожин АНУ-аас 6.2 тэрбум доллар аваагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #599

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Оросын Вагнер группийн удирдагч Евгений Пригожин Оросд бослого гаргана гэх нэрийдлээр АНУ-аас 6.2 тэрбум ам.доллар авсан тухай мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

06 дугаар сарын 21-нд Лос Анжелес Таймс сонины гаргасан АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн тухай мэдээллийн зураг, гарчгийг өөрчлөн хуурамч эх сурвалж үүсгэснээс үүдэлтэй байна.

Оросын Вагнер группийн удирдагч Евгений Пригожин Оросд бослого гаргана гэх нэрийдлээр АНУ-аас 6.2 тэрбум ам.доллар авсан тухай мэдээлэл хэд хэдэн хаягаар тархан хандалт аваад байна (энд, энд бас энд). Бидний шалгасан мэдээлэлд тайлбарласнаар “06 дугаар сарын 26-нд Пригожиноор толгойлуулсан түүний хувийн арми ОХУ-д бослого гаргахдаа “Америкийн тагнуулынхныг хууран мэхэлж, Оросод бослого гаргана гэх нэрийдлээр 6,2 тэрбум доллар тэднээс туучихаж. Хэрэв энэ үнэн бол Америкууд гаднаас нь турхирч  ийм их хэмжээний мөнгө өгсөн гэж АНУ-ын Лос Анжелес Таймс сонин мэдээлсэн” хэмээжээ. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Энэхүү мэдээллийг Лос Анжелес Таймс сонин гаргаагүй бөгөөд ижил төрлийн ташаа мэдээлэл англи, орос, хятад хэл дээр тархаж байсан нь няцаагдсан байна. Тодруулбал, дээрх мэдээлэл нь 06 дугаар сарын 21-нд тус сонины гаргасан АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн тухай мэдээллийн зураг, гарчгийг өөрчлөн хуурамч эх сурвалж үүсгэснээс үүдэлтэй байна. 

Энэ талаарх Хятадын сошиал сүлжээ Weibo-д тархсан мэдээллийг нягталсан Asia Fact Check Lab-ийн тайлбарласнаар “Нийтлэлийн жинхэнэ гарчиг нь “Пентагоны бүртгэл тооцооны алдаанаас шалтгаалан Украинд 6.2 тэрбум ам.долларын тусламж илүү очсон” гэсэн ба Пентагоны бүртгэл тооцооны алдаа нь Украинд 6.2 тэрбум ам.долларын тусламж очих төлөвтэй байгаа тухай тайлбарласан. Тус мэдээлэлд АНУ-ын Патриот пуужингийн системийн зургийг ашигласан бөгөөд Вагнер групп, Пригожин эсвэл АНУ-ын Тагнуулын төв газрын зургийг ашиглаагүй, дурдаагүй байна” гэж мэдээлжээ. Уншигч та Лос Анжелес Таймсын тус нийтлэл рүү нэвтрэн орж, Пригожин эсвэл Вагнер группийг огт дурдаагүйг харах боломжтой. Түүнчлэн тус сонин Пригожин АНУ-аас мөнгө авсан тухай огт мэдээлээгүй болохыг түүний дурдагдсан нийтлэлүүдээс харах боломжтой.

06 дугаар сарын 20-нд АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Синх АНУ-аас Укрианд үзүүлж буй тусламжийн техник хэрэгслүүдийн үнийг өндрөөр тооцолсноос 6.2 тэрбум ам.долларын илүү тусламж үзүүлсэн тухай тайлбарласан байна. Энэ нь Украинд нийлүүлсэн техникийг элэгдэлийн өртгийг оруулсан бүртгэлийн цэвэр үнээр тооцохын оронд тухайн үеийн зах зээлийн үнээр тооцсоноос шалтгаалсан байна. Өөрөөр хэлбэл Украин руу нийлүүлж буй зэвсэг, техникүүд нь АНУ-ын цэргийн хүчний нөөцөөс гарч байгаатай холбоотой юм.
2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдсанаас хойш АНУ 41.3 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн ба дээрх тооцооны алдааны талаарх мэдээлэл нь Пригожинд АНУ-аас их хэмжээний мөнгө өгсөн гэх ташаа мэдээллийн үндэслэл болсон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document