2023 оны 07 дугаар сарын 6-нд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүний хаягаар “Нийслэлд энэ сарын 10-ныг хүртэл “ОНЦ БАЙДАЛ“ зарлалаа” гэх мэдээлэл оруулсан байна.
Нийслэлд Онц байдал зарлаагүй, харин Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Нийслэлийн засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 6-ны А/769 тоот захирамжаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авах тухай заажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд:
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг Бага тойруу доторх авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах
- Долоодугаар сарын 8-ны өдрийн 00:00 цаг хүртэл нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд болон Бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 20 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулж, үйл ажиллагааг нь цахимаар зохион байгуулах хугацаанд авч хэрэгжүүлэх
- Мөн хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан, нийтийг хамарсан жагсаал, цуглаан болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг зогсоож, хязгаарлах
- Үерийн аюул, гамшгийн бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх
- Гудамж, зам, талбай, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэх зэргийг үүрэг болгожээ.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.1-д “Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь дараах зэрэгтэй байна” гээд,
- өдөр тутмын бэлэн байдал;
- өндөржүүлсэн бэлэн байдал;
- бүх нийтийн бэлэн байдал гэжээ.
Онц байдал зарлах тухай Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт:
“Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
- 1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
- 2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон” гэж зааж өгсөн. Үүнийг Онц байдлын тухай хуульд мөн Онц байдал зарлах үндэслэл болгон оруулжээ.
Онц байдал зарлахдаа Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед бий болсон бол Улсын Их Хурал онц байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Харин онцгой нөхцөл “Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана” гэсэн байна.