2023 оны 07 дугаар сарын 5-нд Zen нэртэй пэйжид “Усан дотор үрээ тэвэрсэн эхийг хариуулж байгаад машиныг нь ачаад явдаг гэнэ шүү…” гээд хараалын үг оруулсан тайлбартай, ачилтын машины дэргэд усан дотор зогсож буй бага насны хүүхэд тэвэрсэн эмэгтэйн зурагтай пост оруулсан нь 07 дугаар сарын 6-ны байдлаар 1.7 мянга гаруй реакц, 259 сэтгэгдэл авч, 2.1 мянга гаруй удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар шалгалаа.
Зургаар хайх
Зургийг Google платформд хайж үзэхэд эхний илэрц нь Сугар Гантулга гэх хэрэглэгчийн тухайн зургийн тайлбарыг худал байсныг онцолсон пост гарч ирлээ. Уг постод “Цахим орчинд хүнийг харлуулах ийм л амархан. Жигүүр Ас дүүгийн залруулгыг хараагүй бол бухимдаад л өнгөрөх байлаа” гээд өөр нэг тайлбартай хаягийн зургийг оруулсан байна. Тухайн зурагт “ene zurgiig avsna hun n bna oo. achiltiinhan usand asahaa bolison mashinuudiig achij bsan. ariin aquag achih gesen mashin n asahaa bolison. ene eej hun 3 bol tsaad bairnaas garch irj bsan. tsenher aquatai hamaaralgui uls” гэсэн байна.
Албаны тодруулга
07 дугаар сарын 6-ны 12:40 цагт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
“Цахим орчинд түгсэн тэр зургийн тайлбар худлаа. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ачилтын үйлчилгээ эрхэлдэг газруудын автомашиныг дайчлан, үүрийн 05:00 цагаас эхэлж байрны гадна тавьсан эзэн нь тодорхойгүй автомашинуудыг үерийн аюултай байршлаас холдуулах арга хэмжээг авсан” гэлээ.