Search

Тугалдаа тусламж эрсэн зааны бичлэг нь эвлүүлэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #594

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тугалаа аварсан зааны сэтгэл уярам түүх гэх бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бичлэгт хоёр өөр газар өөр хугацаанд болсон явдлын бичлэгийг эвлүүлсэн ба тайлбарыг зохиож, бодит байдлаас хол зөрүүтэй мэдээлсэн байна.

2023 оны 07 дугаар сарын 03-нд Amlalt.mn фэйсбүүк хуудас Заан тугалныхаа төлөө зам дээр хүмүүсээс тусламж эрж байгааг харуулсан гэх бичлэгийг нийтлэсэн. Бичлэгт заан зам дээр өнгөрч буй машин, мотоциклтой хүмүүст хүрэх гэж оролдож байгаа дүрсүүдийг оруулсанаас гадна “нүхэнд унасан тугалаа ширүүн борооноос хамгаалан гацсан” гэх хэсгүүдийг багтаажээ. Тус бичлэгийн дор монгол хэлээр тайлбар оруулж өгсөн ба “Тугалаа аврахаар хүмүүсээс тусламж хүсэж байна“, “Нүхэнд гацсан зааныг татаж гаргахад амьсгал нь зогссон байна, түүнийг мэдсэн тугал эх рүү тэмүүлээд өөрөө гарсан” гээд “хүмүүсийн түргэн тусламжийн ачаар эх зааныг амилуулсан” гэх мэтээр оруулсан байна. Харин бичлэгийг постлохдоо “Зүрх шимшрэм бичлэг байна. Эх үрийн холбоо ийм агуу” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.

Уг бичлэгийг 12,880 реакц, 153 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2563 удаа цааш түгээжээ.

Тус бичлэгт хоёр өөр газар өөр хугацаанд болсон явдлын бичлэгийг эвлүүлсэн ба тайлбарыг зохиож, бодит байдлаас хол зөрүүтэй мэдээлсэн байна. Ингэж хуурамч мэдээллээр хүний сэтгэлийг уярааж, үйлдэл хийлгэн хандалтаа өсгөх, цаашид оруулах мэдээллүүдээ хүргэх гэсэн аргачлалын нэг жишээ байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Заан, тугалын талаарх дээрх бичлэг нь хоёр өөр зааны, хамааралгүй бичлэгийг эвлүүлсэн, ташаа тайлбартай бичлэг юм.

Тодруулбал зам дээр тээврийн хэрэгслүүдэд хүрэх гэж оролдсон эхний зааны бичлэг нь 2018 онд Шри Ланкын Катарагамад бичигдсэн бол бичлэгийн хоёр дахь хэсэг буюу нүхэнд унасан заан нь 2022 онд Тайландын Нахон Наяок аймагт болсон үйл явдлынх байна.

Бид бичлэгийн хэсгүүдэд зургаар хайх аргыг ашиглан хайж үзэхэд зам дээр зогсож байсан зааны бичлэг нь Шри Ланкад 2018 оны 06 дугаар сарын 13-нд cp Wild Lanka гэх хаягтай Youtube хуудаст анх нийтлэгдсэн ба өдгөө 93 сая орчим хандалт аваад байна. 

Энэ бичлэг нь заан ямар нэг тусламж эрсэн тухай бус харин Шри Ланкад үе үе тохиолддог үзэгдэл бөгөөд заан тээврийн хэрэгсэл рүү дайрах тохиолдлууд гардаг тухай байна. 

Бидний шалгасан бичлэгийн хоёр дахь хэсэг буюу заан тугалынхаа хамт нүхэнд гацсан бичлэг нь 2022 оны 07 дугаар сарын 13-нд Тайландад болсон үйл явдал юм. Тодруулбал, тухайн өдрийн өглөө зааны тугал ус зайлуулах сувгийн нүхэнд гацсаныг тус бүс нутгийн байгал хамгаалах албад мэдэгдсэнээр аврах ажиллагаа эхлэн, өглөөний 08 цаг 30 минутад аварсаныг Bangkok Post мэдээлж байжээ. 

Эх сурвалж: Telegraph

Байгаль хамгаалагчид тугалыг аврахыг оролдож байсан боловч заан тугалаа хамгаалан, аврах ажиллагаанд саад учруулж байснаас нойрсуулах шаардлагатай болсон гэдгийг Deutsche Welle мэдээлсэн байна. 

Тугалыг аврах ажиллагаанд оролцож байсан Хао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн амьтны эмч Чананя Канчанасарак “Эхийг унтуулахгүйгээр тугалд ойртох боломжгүй байсан учраас бид 3 тун унтуулагч ашигласан боловч тэрээр тугалдаа ойртон ухаан алдаж, толгойгоо цохисон” гэж хэлснийг Sky News мэдээлж байжээ.
Эхлээд гацсан зааныг экскаватор, олсны тусламжтайгаар гаргаж авч, дараа нь нүхний нэг талыг налуу ухан, зааны тугалыг өөрөө гарах зам нээж өгсөн болохыг бичлэгээс үзэж болно. Харин ухаан алдсан заанд байгал хамгаалагчид зүрхний иллэг хийж (cardiopulmonary resuscitation) сэргээснээр эх, тугал хоёр эсэн мэнд ой руу буцсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document